Арваннэгдүгээр сарын 9-нд Германы Нюрнберг хотод болсон 78 дахь удаагийн iENA олон улсын шинэ бүтээлийн үзэсгэлэнд оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн Ягши хотын 7 дугаар дунд сургуулийн Чуаньке багийн багш, сурагчид эх орондоо амжилттай буцаж ирлээ. Хөлөнбуйр хотын нисэх онгоцны буудалд багш, сурагчдын төлөөлөл болон сурагчдын эцэг эхчүүд тэднийг угтан авах ёслол зохион байгуулав.
Энэ удаагийн тэмцээний үеэр тус баг дараалан амжилт гаргаж, нийт 13 олон улсын нэр хүндтэй шагнал хүртэв. Үүний дотор “Цасан орны олон горимын ухаалаг хяналтын дрон” болон “Орон зайн харагдахуйц линзний дүрслэлийн дэлгэц” бүтээлүүд үзэсгэлэнгийн алтан медаль, “Суурилуулж болох ухаалаг анхааруулах төхөөрөмж” бүтээл мөнгөн медаль хүртжээ.
Тэдний бүтээсэн “Цасан орны олон горимын ухаалаг хяналтын дрон” нь хүйтэн, цастай нөхцөлд ажиллахад тохиромжтой бөгөөд хээрийн зураг авалт, хүмүүсийг эрэн хайх, орчны тандалт зэрэг үүргийг үр дүнтэй гүйцэтгэдэг.
Мэдээлснээр, Ягши хотын 7 дугаар дунд сургуулийн Чуаньке клубт одоогоор 24 сурагч хамрагдаж байгаа бөгөөд долоон багш үнэ төлбөргүй зааварчилгаа өгдөг байна. Бүх бүтээлийн судалгаа, хөгжүүлэлт, туршилт, тохируулга, өнгөлгөө, сайжруулалтыг хичээлийн дараа болон амралтын өдрүүдийн чөлөөт цагаар гүйцэтгэдэг ажээ.
Энэ жил клубийн сурагчид олон мужийн болон улсын тэмцээнүүдэд хэдийнэ сайн үр дүн үзүүлсэн бөгөөд энэ удаа олон улсын тавцанд өрсөлдөж, шагнал хүртсэн нь сургуулийн шинжлэх ухаан, технологийн инновацын тэмцээний шинэ амжилт болсон юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN