“Хүн бүхний сэтгэлд нутгийн хоол хамгийн амттай санагддаг. Манай хоолны газарт ирдэг хүмүүсийн ихэнх нь үхрийн хавирга болон буриад буузыг зориуд ирж иддэг. Бидний даршилсан ногоо ч бас их сайхан” гэж Шилийн хот дахь “Шинэ од бяцхан зууш” газрын эзэн Миндармаа ярьж байна.
Тэрээр Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээлд нутагтай. Миндармаа Шилийн голд өрхөө татаж, гал голомтоо сэргээснээс хойш дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд тэрээр Шилийн хотод “Шинэ од бяцхан зууш” газраа ажиллуулжээ.
Жижигхэн атлаа сэтгэлд дулаахан санагдах энэхүү зуушийн газар Эвэнки үндэстний өөртөө засах хошуунаас сонгон авчирсан шар өөхтэй үхрийн хавирга (сувай үнээний хавирга) болон буриад буузыг гол зуушаа болгон үйлчилдэг.
Анх зуушийн газраа нээхдээ 25 м.кв талбайтай, хоёрхон ширээтэй, захиалгаар хоол хийхээр төлөвлөж байжээ. Гэвч санаанд оромгүйгээр буриад бууз болон нутгийн үхрийн хавирга нь Шилийн голын хүмүүсийн таашаалд нийцэж, амттай хоол хэмээн сайшаал хүртэх болжээ. Ингээд тэрээр жижигхэн зуушийн газраа өргөжүүлж, 140 м.кв талбайтай, хоёр давхар байр түрээслэн ажиллуулах болжээ.
Миндармаа буузныхаа махыг татах, шанзыг нь найруулах, бууз чимхэх, махаа чанах зэрэг бүх ажлыг өөрөө хийдэг. Мөн буузаа хэзээ ч хөлдөөж хонуулахгүй, шинээр найруулж, чимхсэн буузаа жигнэдэг учраас маш амттай байдаг гэнэ.
“Сэтгэл хүрсэн газар үйлс бүрэн бүтэн” гэдгээр тэрээр алхам бүрдээ хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж иржээ. Тиймдээ ч түүний өдрийн цэвэр орлого гурван мянга шахам юаньд хүрдэг гэнэ. Миндармаагийнхаа хичээл зүтгэлд өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN