“Таван эрдэнэ” цомын нэрэмжит үлгэр ярих уралдааны шилдгүүд тодорлоо
10 дугаар сарын 24-нд ӨМӨЗО-ны Алшаа аймагт зохион байгуулсан “Таван эрдэнэ” цомын нэрэмжит үлгэр ярих уралдааны эцсийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол боллоо.
Тус арга хэмжээг Алшаа баруун хошууны Соёлын ордон, Номын сангаас санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын “Ерэн есөн тэнгэр” ХХК, Өвөр Монголын “Таван эрдэнэ” уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх ХХК болон Алшаа зүүн хошууны “Титэм” соёлын зуучлалын ХХК дэмжин оролцжээ.
Тус арга хэмжээ нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нийтээр ном уншихыг дэмжиж, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх тухай чухал үзэл санааг ажил хэрэг болгох, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлэх, биет бус соёлын өвд тооцогдох Алшаа нутгийн ардын аман үлгэрийг өвлүүлэн уламжлуулах, түүний соёлын баялаг агуулга, оюуны үнэт өвийг хадгалан хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү уралдаанд Алшаа нутагт үеэс үед уламжлагдан ирсэн монгол ардын аман үлгэрүүд голлох байр суурь эзэлж, оролцогчид нутгийн ахуй соёл, өвөрмөц ёс заншлыг тусгасан үлгэрүүдийг уран яруу хүүрнэн сонирхуулжээ.
Уралдааны эхний шатанд цэцэрлэгийн насны хүүхэд, бага сургууль, анхан дунд сургууль, ахлах дунд сургууль болон насанд хүрэгчид гэсэн таван ангилалд нийт 182 бүтээл ирүүлснээс 45 бүтээлийг шалгаруулан эцсийн шатанд өрсөлдүүлсэн байна. Шигшээ шатанд шалгарсан оролцогчид тайзан дээр үлгэрээ уран яруу хүүрнэн, авьяас чадвараа сорьжээ.
Уралдааны дүнгээр цэцэрлэгийн насны хүүхдийн ангилалд Алшаа зүүн хошууны Өлзий сургуулийн Энэрэнгүй, бага сургуулийн ангилалд Алшаа зүүн хошууны Өлзий сургуулийн Энхмэнд болон тус хошууны III бага сургуулийн Анужин, анхан дунд сургуулийн ангилалд Алшаа зүүн хошууны II дунд сургуулийн Цэцэнбэх, ахлах дунд сургуулийн ангилалд Алшаа аймгийн II дунд сургуулийн Сүрлэг, насанд хүрэгчдийн ангилалд Алшаа баруун хошууны бага сургуулийн Мэргэн нар тус тус тэргүүн байр эзэллээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN