Өвөр Монголын Баян-нуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд дээд амжилт тогтоолоо

2026 оны 10-р сарын 23 өдөр

Өвөр Монголын Баян-нуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд дээд амжилт тогтоолоо
Сурвалжлагч Урдын Гаалийн газраас мэдээлснээр, Баян-нуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд 59.58 тэрбум юаньд хүрч, түүхэн дээд үзүүлэлтийг бүртгүүллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54%-иар өссөн үзүүлэлт бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийт гадаад худалдааны 28.7 хувийг эзэлж, Өвөр Монголын хэмжээнд худалдааны үзүүлэлтээрээ аймаг хотуудыг тэргүүлж байна.
Энэ сарын 19-нд Ганцмод боомтын шалгалтын талбайд байрлах байгаль орчинд ээлтэй нүүрс хадгалах байгууламжид Урдын Гаалийн газрын ажилтнууд импортын нүүрснээс дээж авч байлаа. Дээж авах багийн гишүүн танилцуулахдаа, "Энэхүү нүүрсний овоолго нь 1675 тонн жинтэй. Бид үүнийг 26 урт хэсэгт хувааж, хэсэг бүрийг дахин 5 жижиг хэсэгт хуваасан. Дараа нь эдгээрс 3 хэсгийг сонгон авч, нийт 78 ширхэг дээж цуглуулсан" гэв. Тэрээр цааш нь: "Ачааны машин, ачаа бараа, багц ачааны тоо хэмжээ их, мөн хадгалагдаж буй нүүрсний хэмжээ их байгаа тул бид ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлж, газар дээр нь дээж авах давтамжаа ч олшруулжээ. Ингэснээр шалгалт хүлээх хугацааг богиносгож, гаалиар нэвтрүүлэх үр ашгийг дээшлүүлэн, логистикийн үйл ажиллагааг саадгүй, тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байна" гэв.
Өдгөө мөн самрын төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын оргил үе юм. Хангин хойд хошууны Чаншы компанийн үйлдвэрт автоматжуулсан тоног төхөөрөмжүүд жигд ажиллаж, хулууны үрийг өнгөөр ялгах, агаараар цэвэрлэх, хольц арилгах, ариутгах зэрэг олон шат дамжлагаар боловсруулсны эцэст савлаж, гадаад руу илгээхэд бэлтгэж байна. Тус компанийн ерөнхий менежер хэлэхдээ: "Захиалгын тоо хэмжээ их, борлуулалтын сүлжээ өргөн хүрээтэй байгаагийн үр дүнд эхний гурван улирлын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн. Манай бүтээгдэхүүн Европ, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Азид борлуулагдаж байгаагаас гадна Латин Америк зэрэг шинээр хөгжиж буй зах зээлүүд рүү ч хүрээгээ тэллээ" гэв.
Баян-нуур хот нь өвөрмөц газарзүйн байршил, аж үйлдвэрийн давуу талуудаа ашиглан Өвөр Монголын Өөртөө Засах Орны гадаадад нээлттэй байдлыг өндөр түвшинд хөгжүүлэх үйлсэд тэргүүлэн оролцож байна. Энэ онд Урдын гаалийн байгууллага "ухаалаг боомт" байгуулах ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж, их өгөгдөл, "хиймэл оюун ухаан ба гаалийн үйл ажиллагаа"-ны шийдэл зэрэг дэвшилтэт технологийг ашигласнаар Ганцмод боомт дахь хяналт шалгалтын үр ашгийг дээшлүүлж, гаалийн бүрдүүлэлт болон ачаа тээврийн урсгалыг хялбаршуулж байна. Түүнчлэн, хөдөө аж ахуйн шинэхэн бүтээгдэхүүнд зориулсан "ногоон суваг" ажиллуулснаар, аж ахуйн нэгжүүдэд зах зээлээ төрөлжүүлэхэд нь тус дөхөм үзүүлж, Баян-нуур хотын гадаад худалдааны цар хүрээг тогтворжуулах, бүтцийг оновчтой болгоход хүчтэй түлхэц өгч байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313