Манжуур боомтоор Хятад-Европын 4000 гаруй галт тэрэг зорчлоо
Саяхан Манжуур боомтод гэр ахуйн цахилгаан хэрэгслээр бүрэн ачигдсан Хятад-Европын ачааны галт тэрэг боомтын гаалийн ажилтнуудын хяналт дор тус улсаас хөдөлж, "Бүс ба Зам" дагуух орнуудын зах зээлийг зорин аяллаа. Энэ оны эхнээс Хятад-Европын төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ нь зүүн коридорын дагуух гол зангилааны давуу талуудыг ашигласнаар үйл ажиллагааны цар хүрээ болон чанарын аль алиныг нь сайжруулж, хөгжлийн эрчээ улам бүр нэмэгдүүлсээр байна. Статистик мэдээллээс үзвэл, энэ оны 1-р сараас 8-р сарын хооронд Манжуурын гааль нь тус боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европын чиглэлийн 4019 ачааны галт тэрэгт хяналт тавьсан бөгөөд эдгээр галт тэргээр нийт 395,000 TEU(стандарт чингэлэг) ачаа тээвэрлэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус 32.6 хувь болон 24.3 хувийн өсөлттэй байгаа нь үйл ажиллагааны нийт цар хүрээ төдийгүй үйлчилгээний чанар, үр ашгийн хувьд ч томоохон ахиц дэвшил гарч буйг харуулж байна.
Хятад-Европын ачааны галт тэрэгний хурд, тоо хэмжээг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг сайжруулахын тулд Манжуурын гааль нь зохицуулалт, үйлчилгээний хүрээгээ тасралтгүй оновчтой болгож байна. "Гаалийн удирдлага болон гол аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд холбоо тогтоох", "Аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудалгүй байх" санаачилга зэрэг механизмыг бүрэн ашигласнаар гаалийн байгууллага нь Хятад-Европын ачааны галт тэрэгний буцах аяллын ачааны зардлыг бууруулах зэрэг бодлогын тухай зорилтот мэдээлэл өгөх тусгай мэргэжилтнүүдийг томилж, бизнес эрхлэгчид эдгээр бодлогын урамшууллаас бүрэн ашиг хүртэх боломжтой эсэхийг баталгаажуулсан байна.
Үүний зэрэгцээ "Хятад-Европын ачааны галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийн тусгай цонх"-ыг байгуулж, "Төмөр замын гаалийн хурдавчилсан бүрдүүлэлт"-ийн загварыг гүнзгийрүүлэн нэвтрүүлэхийн сацуу гаалийн мэдүүлэг гаргах болон боловсруулах үйл явцыг хялбарчлах болно. Түүнчлэн Хятад-Европын ачааны галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор "Урьдчилан цаг товлож шалгалт хийх", "Урьдчилан цаг товлож гаалийн бүрдүүлэлт хийх" зэрэг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэв. Түүнчлэн гааль, төмөр замын байгууллага болон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн гурван талт зохицуулалтын механизмыг ашиглан мэдээллийн тасралтгүй солилцооны тогтолцоог бүрдүүлснээр талууд өртөөнүүд дэх ачаа барааны нөөц, логистикийн төлөв байдлын талаарх мэдээллийг бодит цаг хугацаанд харилцан хуваалцах боломжтой болно. Тээврийн тодорхой чиглэлүүд болон ачааны төрлүүдийн онцлогт нийцүүлэн зохицуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулдаг нь галт тэрэгний хилийн боомт дээр саатах хугацааг богиносгоход тусалдаг. Энэ нь бизнес эрхлэгчдийн агуулах, логистикийн зардлыг үр дүнтэй бууруулж, улмаар олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлж буй гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн итгэлийг бэхжүүлдэг.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Чен Юй
DORNODMEDIA.MN