Эрээнээс Улаанбаатар чиглэлийн өргөн царигийн шууд галт тэрэг хөдөллөө

2026 оны 10-р сарын 12 өдөр

10 дугаар сарын 10-нд хагас коксжуулсан нүүрс ачсан өргөн царигийн галт тэрэг Эрээн өртөөнөөс хөдөлснөөр Эрээн–Улаанбаатар чиглэлийн анхны шууд ачааны галт тэрэгний тээвэр албан ёсоор эхэллээ. Энэ нь Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын хэсэгт хэрэгжүүлж буй хил дамнасан логистикийн шинэ төсөл юм. Тус чиглэлд жилд 280 мянган тонн ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын өвлийн улирлын дулаан хангамжийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Энэхүү тээврийн онцлог нь Монголын талаас буцаж ирсэн хоосон вагоныг ашиглан Эрээн өртөөнд хагас коксжуулсан нүүрсийг өргөн царигийн вагонд шууд ачиж, Улаанбаатарын Баян өртөөнд хүргэхэд оршино. Ингэснээр ачааг замд дахин шилжүүлэн ачих шаардлагагүй болж, тээврийн хугацаа, зардлыг бууруулахын зэрэгцээ вагоны ашиглалтыг нэмэгдүүлэх боломж бүрджээ.
Галт тэрэгний хөдөлгөөнийг тогтвортой зохион байгуулахын тулд Эрээн хотын чөлөөт худалдааны туршилтын бүс, төмөр замын өртөө, гааль болон хил шалган нэвтрүүлэх байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн Хятад, Монголын төмөр замын байгууллагууд тээврийн төлөвлөгөө, вагоны зохицуулалт, галт тэрэгний хөдөлгөөний хуваарийг харилцан уялдуулж, тээврийн үйл ажиллагааг шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Эрээн–Улаанбаатар чиглэлийн өргөн царигийн шууд тээврийг эхлүүлсэн нь Хятад, Монголын хил дамнасан тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болж байна. Түүнчлэн Эрээн боомтын ачаа тээврийн хүчин чадал, үр ашгийг нэмэгдүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313