ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот дахь сурвалжилгын аяны "Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр" цуврал нийтлэл - гурав
Хайр дурлал гэдэг хэл соёл, үндэстэн ястан, цаашлаад хил хязгаарт ч хүлээслэгдэлгүйгээр бүхнийг таван туулах хүчин чадлын илэрхийлэл гэлтэй. Хэрвээ романтик хайрын ивээлтэй нутаг усан гэж байдаг бол Энх шян заавал тооцогдох ёстой гэж би бодном. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын харьяа Эргүнэ хотын Энх орос үндэстний шян нь хятад залуус болон зөвлөлт нутагтай орос бүсгүйчүүд хайр сэтгэлийн холбоо үүсгэн, хил дамнасан олон ч гэр бүлийг бүтээж, тэдний үр хойч өнөөг хүртэл энэ нутагт амьдран суудгаараа онцлог байдаг.
Хянган нурууны энгэр бэлд, Хавар голынхоо өргөн дэнжид, хус модон дүнзэн байшиндаа хөрөнгө исгэн, хлеб талх барьж аж төрдөг Гелиния бүсгүй бол тэдний нэгэн жишээ юм. Түүний үлгэр түүхтэй танилцах хэмээн бид Эргүнэ хотоос гарч, Энх нутгийг зорив.
Замын хажуугаар жигдрэн ургасан цагаан хус, заарт нарс, улиасан мод хөнгөн униарт бүрхэгдэн, онцын сүртэй харагдана. Ёстой л цатгалан могой шургаж эс дийлэхээр ягц сахлаг ургасан ажээ. “Анхилам хус чимээгүй, аниргүйн дунд намбайна, алтанхан галын дундаас цасанхан ширхэг дүрэлзэнэ” гэж Есениний шүлэгт бичигддэг шиг дуугүй л дүнсийнэ.
Бид Энх шян дахь “Лилия” гэх дүнзэн модон байшинтай гэр бүлийн зочид буудалд буув. Мөн зорьж ирсэн айл маань байсан юм. Гелиниягийн охин нь уг зочид буудлыг ажиллуулдаг ажээ.
Гелиниягийн хятад нэр нь Сүнь Юймэй гэдэг. Түүний өвөг эцэг нь Шаньдүн мужаас Эргүнэ нутагт нүүдэллэн ирч аж төрж байсан ба нэгэн удаа ус дамнахаар голын хөвөөнд хүрээд орос бүсгүйтэй танилцан хайр сэтгэлтэй болж, гэр бүл байгуулсан гэдэг. Хавар голын сав нутаг дахь 100 гаруй жилийн түүхтэй хятад, орос хоёр үндэстний хайрын үлгэр түүх ийн эхэлж, олон үндэстэн ястан өнгө өнгөөрөө солонгорон амьдарсан өнөөгийн Энх шянг бүтээсэн ажээ. Энх шян нь өдгөө 2800 гаруй хүн амтай бол энэ дунд орос үндэстэн 40 хувийг нь эзэлдэг байна.
Үндэстний өвөрмөц соёлын ахуй нь Энх шянд аялал жуулчлалыг хөгжүүлэх баялаг нөөцийг бүрдүүлж өгчээ. Улмаар 2007 оноос эхлэн уламжлалт тариалах аж үйлдвэрлэлийг аялал жуулчлалын салбартай уялдуулан хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр Энх шян нь аажмаар жуулчдын анхааралд өртөж, аяндаа аялал жуулчлалын зорилтот нутгийн нэг болон хөгжсөн байна. 2025 оны байдлаар тус шян нь давхардсан тоогоор 608 мянган жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого нь 9.876 сая юаньд хүрсэн байлаа.
Талхчин бүсгүй Гелиния /орос үндэстэн/
Гелиния талх сайхан барьдгаараа хол ойрдоо алдартай нэгэн байв. Уламжлалт аргаар зөрөг цэцгийг ашиглан хөрөнгө исгэж гурилаа хөөлгөнө. Энэ нь исгүүр ашиглаж хийсэн талхтай харьцуулшгүй сайхан амттай байдаг учраас хүмүүст их таалагдана. Гэвч гурил исгэхэд цаг хугацаа шаардах төдийгүй нэгэн зэрэг их хэмжээгээр хийх боломжгүй байдаг учраас Гелиниягийн гарын талх “ховор эрдэнэ” болдог байна. Тэрбээр охиныхоо хамт хлеб талхны дэлгүүр болон гэр бүлийн зочид буудал ажиллуулдаг аж.
-Миний энэ хус модон дүнз байшин наяад жил болж байна. Анх зөвлөлт хүмүүс ирж барьж өгсөн гэдэг. Зун сэрүүхэн, өвөл дулаахан, мөн байгалийн модны үнэр анхилаад маш тааламжтай. Бид энэ байшиндаа дасчээ гэж Гелиния инээд бялхуулан ярьж байлаа.
Энх шянгийн орос үндэстний ард түмэн жил бүрийн 04 дүгээр сарын дундуур “Улаан өндөгний баяр” тэмдэглэдэг. Өнгө өнгийн өндөг мөргүүлж, дуулан бүжиглэж тэмдэглэдэг энэхүү уламжлалт баяр наадам нь долоон хоног үргэлжлэн, олон үндэстний ахан дүүсийн хайр бахархлыг хүртэж, өрнө дорнын соёл урлагийн салж болшгүй холбоос болж хоцорсон билээ.
Энх шянд тухалсан тэр өдрийн үдээс хойш бид И үндэстний бүсгүй шүлэгч Ис А-Имугийн шүлэг зургийн үзэсгэлэн, Бээжингийн сэхээтэн Хуан овогтой өвгөн ахын гэр музейтэй танилцав.
“Хуан өвгөн” Хуан Яньхун
Хуан овогтой энэ өвгөн ахыг Хуан Яньхун гэдэг. 75 настай. Өөрийгөө “Хуан өвгөн” гэж хочилно. 25 жилийн өмнө 20 мянган юаниар энэ хашаа байшинг худалдан авч байжээ. Тэрээр өөрөө аялал жуулчлалын гэрэл зурагчин бөгөөд Хонконгт найман жил ажиллаж, сүүлийн жилүүдэд эндээ буцан ирж, уран зураг туурвин, ном бичээд өөрийн гэр музейгээ байгуулжээ.
“Хуан өвгөн”-ний гэр музей
-Миний аав ЗХУ-д суралцаж байсан учраас би тэр үеийн соёл урлаг, эд зүйлсэд хайртай. Би хятад, орос хоёр үндэстний ард түмэнтэй холбоотой олон олон хайрын үлгэрийг тэмдэглэн ном гаргаж байсан. Энх бол Хятад улсын хамгийн романтик хайрын бууц гэж би боддог. Эндээ амьдрах бол миний аз жаргал гэж өвгөн гуай ярилаа.
Хуан өвгөний “Алдаж онож байсан ч битгий гуниарай” гэх зурагт ном, Ис А-Имугийн “Наранд дулаацахуй тур” гэх шүлгийн түүвэр Энх нутаг дахь аяны ганзагыг минь баяжуулав. Мөн өвгөн ахын баян хуурын уянгат эгшиг сэтгэлийн чавхдасыг минь хөглөж хоцорлоо. Цаг хугацаа, орон зайн эрхэнд бүх зүйл шинэчлэгдэж болно, өөрчлөгдөж болно, утгаа алдаж ч болно. Гагцхүү хувиршгүй мөнх дурсагдан үлдэх нь хүний сэтгэлийн хайр буюу. Тийм ээ, бид хайрлаж л байна , хайрласаар л явах болно.
Гелиниягийн хашаанд
Үдэш нь нойр хулжин Ис А-Имугийн номыг урвуулан суухад “Бичээд бардаггүй шүлгийн шад мину” гэх бүтээл нь сэтгэл гижигдэн, орчуулах урмыг минь сэргээлээ. Тэр шүлгийн утгыг би ингэж төсөөлөв.
Сайхан намаржиж байна уу, анд минь
Хэчнээн жилийн өмнө
Хурааж дууссан буудайн сүрэл дундуур
Хамтдаа бид алхаж байсан сан
Гантай жилийн мөөг газарт шингэжээ
Гаслантай ганц болжмор нисэн оджээ.
Ядарч гүйж явсан бид
Юугаа ч хөөж буйгаа эс мэдэн
Шалтгаангүйгээр дэрвэж явсан унаган нас мину
Олон жилийн дараа анд минь
Огторгуйн чанадад халих шувуу мэт
Эрх чөлөөт агаар амьсгалан
Энгүй цагаан тал
Эчнээ гүн тайга уруугаа бид буцна.
Буцсан бүхний төлөө гуниад яах вэ
Бичээд бардаггүй шүлгийн шад мину
Амьд л байвал бид дахиад золгоно
Харамсаад яах вэ, зовоод ч яах вэ
Харин бид өөртөө ассан өнчин гэрэл байгаа билээ. Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN