Хятад улсад анх удаа тогтмол давтамжтай сүлжээ үүсгэгч бичил сүлжээ ашиглалтад орлоо

2026 оны 9-р сарын 17 өдөр

Хятад улсад анх удаа тогтмол давтамжтай сүлжээ үүсгэгч, малчдын зах хязгаарын цахилгаан хангамжид зориулсан салхи-нар-хуримтлуурын бичил сүлжээний системийг Хуучин барга хошууны Харганат дахь экологийн шилжилтийн шинэ тосгонд амжилттай холбон, ашиглалтад орууллаа.

Тус төслийг хэрэгжүүлснээр тухайн нутгийн 122 малчин өрхийн цахилгаан тасалдах асуудлыг шийдвэрлэж, аюулгүй, тогтвортой, найдвартай цэвэр эрчим хүч хэрэглэх боломж бүрджээ.

Төвлөрсөн цахилгаан сүлжээнээс алслагдсан малчдын бүс нутагт салхи, нарны эрчим хүч болон батарейн хуримтлуурыг ашиглан цахилгаан эрчим хүчийг бие даан үйлдвэрлэж, давтамж, хүчдэлийг тогтвортой барих боломжтой болсон байна. Ингэснээр цахилгаан эрчим хүчийг тасралтгүй нийлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэжээ.

Цахилгаан тасарсан үед систем өөрөө бие даан ажиллана

Энэхүү төслийг Хятадын Цахилгаан сүлжээний Өвөр Монголын Дорнод эрчим хүчний компани Чинхуа их сургуулийн эрдэм шинжилгээний багтай хамтран хэрэгжүүлсэн байна.

Дэвшилтэт цахилгаан техникийн тусламжтайгаар малчдын бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчилж, Чинхуа их сургуулийн өөрсдөө судалсан тогтмол давтамжийн бүтэц, идэвхтэй хяналтын үндсэн технологийг ашиглалтад оруулжээ.

Малчдын өдөр тутмын амьдрал болон цасан шуурга, ширүүн аадар бороо, хүчтэй салхи зэрэг байгалийн хүнд нөхцөлөөс шалтгаалан цахилгаан тасарсан тохиолдолд систем нь хүний оролцоогүйгээр бие даан сүлжээ үүсгэн ажиллах боломжтой.

Мөн 3 өдрөөс доошгүй хугацаанд тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах бөгөөд ингэснээр малчдын амьдрал, мал аж ахуйн үйлдвэрлэл, бараа материал хадгалах зэрэг бүх төрлийн цахилгаан хэрэглээний хэрэгцээг хангах боломжтой болжээ.

40 гаруй туршилт хийж, бодит нөхцөлд туршжээ

Хятадын Цахилгаан сүлжээний Өвөр Монголын Дорнод эрчим хүчний Шинжлэх ухаан, судалгааны шинэ төрлийн цахилгаан системийн бүх явцын симуляцийн лабораторийн дарга Ван Шиньюй хэлэхдээ:

“Хөлөнбуйрын цаг уур болон цахилгаан хангамжийн нөхцөлд тохируулан шинэ технологийг амжилттай ашиглахын тулд нийт 40 гаруй туршилт хийж, нэг сарын хугацаанд 20 гаруй төрлийн талбайн бодит хэмжилтийг гүйцэтгэсэн.”

Малчдын цахилгаан хангамжийн асуудлыг шийдлээ

Хуучин барга хошууны Харганат гацааны ард Сүн Гуйшянь:

“Хуучин цаг агаар муу үед их зовдог байлаа. Цахилгаан тасарснаас болж хөлдөөгч доторх мах, цагаан идээ муудахаас хамгийн их айдаг байсан” хэмээн ярьжээ.

Харин шинэ бичил цахилгаан сүлжээ ашиглалтад орсноор малчдын цахилгаан хангамжид санаа зовдог өдрүүд бүрэн өнгөрсөн байна.

Тогтвортой, найдвартай цахилгаан хангамж нь малчдын амьдралын тав тухыг сайжруулахаас гадна мал аж ахуй болон онцлог хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд эрчим хүчний шинэ хөдөлгөгч хүч нэмж, тал нутгийн малчдын аз жаргалтай амьдралд баттай тулгуур болж байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313