“Хөлөнбуйрт үйлдвэрлэв” хөдөө аж ахуйн машин техник импортыг орлож, гадаадын зах зээлд гарч байна

2026 оны 9-р сарын 16 өдөр

253 мянган хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг нь Хөлөнбуйрын газар тариалан, мал аж ахуйн хөгжилд арвин нөөц боломж бүрдүүлжээ. Тус хот “газар тариалан, мал аж ахуйгаар хүчирхэг хот” байгуулах зорилтын хүрээнд гүнзгий боловсруулалтын түвшин болон орчин үеийн хөгжлийг дээшлүүлж, газар тариалан, мал аж ахуйн салбарыг “түүхий бүтээгдэхүүн” экспортлохоос “бүхэл бүтэн гинжин хэлхээний нэмэгдэл үнэ цэнэ”-д шилжүүлэх үндсэн өөрчлөлтийг хийж байна. Энэ үйл явцад орчин үеийн хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн хүчтэй дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

1955 онд анхны хонины ноос хяргах машиныг бүтээснээс хойш Хөлөнбуйрын хөдөө аж ахуй, мал аж ахуйн машин үйлдвэрлэлийн салбар тасралтгүй хөгжиж иржээ. Дугуй түгжээтэй шахмал машин дөрвөн жил дараалан улсын хэмжээнд борлуулалтаараа тэргүүлж, хөдөө аж ахуйн иж бүрэн тоног төхөөрөмжийг Казахстанд экспортолж байна.

Олон арван жилийн хөгжлийн үр дүнд Хөлөнбуйр нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны хэмжээнд үйлдвэрлэлийн цар хүрээгээрээ хамгийн том газар тариалан, мал аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз болжээ. Төрөл бүрийн бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд 10 гаруй муж, аймаг, хотод борлуулж байгаа бөгөөд зарим давуу бүтээгдэхүүн нь Орос, Монгол болон Төв Азийн зах зээлд нэвтэрч, экспортлогдож байна.

Жилд 11 мянга гаруй иж бүрдэл тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадалтай

Одоогийн байдлаар Хөлөнбуйр хотын хэмжээнд газар тариалан, мал аж ахуйн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 11 мянга гаруй иж бүрдэлд хүрчээ.

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь газар хагалах, тариа суулгах, ургац хураах, тэжээл болон өвс хураах, боловсруулах, хөвөн хураах зэрэг олон төрлийн хэрэгцээг хамарч байна.

Тухайлбал, Өвөр Монголын Етянь Тянью хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж ХХК-ийн үйлдвэрлэсэн, нийт 1 сая 115 мянган юанийн үнэ бүхий газар тариалан, мал аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг Казахстан руу илгээжээ.

Өвөр Монголын Хуадэ өвсний машин ХХК-ийн өөрсдөө боловсруулсан хэд хэдэн төрлийн дөрвөлжин боогч машин нь гадаадын зах зээлд тогтсон монополь байдлыг эвдэж, улсын зах зээлд эзлэх хувь нь 13 хувьд хүрсэн байна. Мөн тус компанийн 9SYFG-2.6 хоёр гарцтай сүрэл бутлах дөрвөлжин боогч машин нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны ийм төрлийн иж бүрэн технологийн тоног төхөөрөмж болжээ.

Хөлөнбуйр хотын Жүжья машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл ХХК-ийн дугуй түгжээтэй шахмал машины ганц бие төрлийн бүтээгдэхүүний борлуулалт дөрвөн жил дараалан улсын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд гол бүтээгдэхүүнийх нь дотоодын зах зээлд эзлэх хувь 40 хувьд хүрч байна.

Харин Өвөр Монголын Етянь Тянью хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж ХХК нь орон нутгийн үйлдвэрлэлийн дутагдлыг нөхөж, өөрсдийн боловсруулсан хэд хэдэн тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ.

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд 33.55 сая юанийн хөрөнгө оруулжээ

Сүүлийн гурван жилийн хугацаанд Хөлөнбуйр хотын хэмжээнд газар тариалан, мал аж ахуйн машин техникийн салбарын шинжлэх ухаан, технологийн шагнал, тэтгэмжид 6 сая 100 мянган юань зарцуулсан байна. Харин аж ахуйн нэгжүүд судалгаа, шинжилгээнд өөрсдөө 27 сая 450 мянган юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн шинжлэх ухаан, технологийн 23 төсөл хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг их, дээд сургуулиудтай хамтран судалгааны платформ байгуулахыг дэмжсэн байна.

«Хөлөнбуйр өндөр ухаалаг тариалангийн ургац хураах тоног төхөөрөмжийн гол лаборатори»-оос улсын хэмжээнд анхны зургаан эгнээтэй, бие даасан хөдөлгүүртэй хөвөн боогч хураагч болон том хэмжээний улаан лоолийн ургац хураах комбайныг дараалан үйлдвэрлэжээ.

Ингэснээр улсын хэмжээнд өндөр зэрэглэлийн хөдөө аж ахуйн машин техникийн дутагдаж байсан хэсгийг нөхсөн байна.

Хөдөө аж ахуйн техник Монгол, Оросын зах зээлд гарч байна

Хүйтэн бүсийн нөхцөлд ажиллахад тохиромжтой хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж нь Орос, Монгол Улсын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах боломжтой юм.

Энэ намар таван ургац хураагч, хоёр өвс хадагч машиныг Шинэ Барга зүүн хошууны Өвдөг боомтоор гаргаж, Монгол Улстай хил дамнасан тариалангийн намрын хүнсний ургац хураалтын ажилд оролцуулжээ.

Механикжуулсан ургац хураалт нь ажлын үр ашгийг ихээхэн дээшлүүлж, хүнсний бүтээгдэхүүний алдагдлыг бууруулахын зэрэгцээ хураасан ургацыг буцаан тээвэрлэх, хилээр амжилттай нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн төв болох зорилт

Цаашид Хөлөнбуйр хот улсын хэмжээнд өндөр зэрэглэлийн, ухаалаг өвсний машин судалгаа, үйлдвэрлэлийн төв, хойд хүйтэн бүсийн онцлогт тохирсон газар тариалан, мал аж ахуйн машин технологийн чухал үйлдвэрлэлийн бааз, хойд зүг рүү нээгдэх хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн экспортын төвлөрсөн цэгийг бүрдүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллах юм.

“Хөлөнбуйрт үйлдвэрлэв” хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж нь улсын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, газар тариалан, мал аж ахуйн орчин үеийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313