Малчин ахуйтай танилцуулж, амьдралд сургадаг 25 жилийн түүхтэй “Нутаг” цэцэрлэг
Өвөр Монголын Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун суманд байрлах “Нутаг” хүүхдийн цэцэрлэг 2002 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус цэцэрлэг нь анх 100 ам метр хүрэхгүй талбайтай тоосгон барилгатай байсан бол багш, ажилтнуудын хичээл зүтгэл болон төр, засгийн дэмжлэгийн үр дүнд өнөөдөр 14,400 ам метр талбай бүхий, сургалтын орчин, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан цэцэрлэг болжээ. Үүнээс 906 ам метрийг гэр барилга эзэлдэг байна.
“Нутаг” нь Шинэхэн баруун сумын цорын ганц хос хэлээр сургалт явуулдаг хүүхдийн цэцэрлэг аж.
Малчин айлын хүүхдүүдэд зориулсан орчин
Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн дийлэнх нь Шинэхэн зүүн болон баруун сумын малчин өрхийн хүүхдүүд байдаг. Малчид өглөөний ажлаа дуусгасныхаа дараа хүүхдүүдээ өглөөний 08:00 цагаас эхлэн цэцэрлэгт нь хүргэж өгдөг.
Хүүхдийн хоол хүнсэнд ч онцгой анхаардаг байна. Өдөр бүр шинэ ногоо, мах зэрэг шим тэжээлтэй хүнсээр хооллож, жимс жимсгэнэ болон хүүхдүүдийн дуртай эрүүл хүнсийг нэмэлтээр өгдөг аж.
Сургалтын хөтөлбөрт хэл яриа, зураг, тоо бодлого, дуу хөгжим, бүжиг, биеийн тамир, байгаль орчин, практик үйл ажиллагаа зэрэг олон төрлийн хичээл багтдаг. Ингэхдээ хүүхэд бүрийн онцлог, сонирхол, давуу талд тулгуурлан хөгжүүлэхийг зорьдог байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус цэцэрлэг 900 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлжээ.
Дөрвөн улиралтайгаа хамт суралцдаг
“Нутаг” цэцэрлэгийн хамгийн онцлог зүйл нь хүүхдүүдийг зөвхөн анги танхимд сургах бус, жилийн дөрвөн улирлын турш малчин ахуй, байгаль орчин, нутгийн уламжлалт соёлтой нь холбон сургадагт оршино.
Хавар хүүхдүүдийг малчин айлуудад зочлуулж, таван хошуу мал, төл малын бойжилт, мал аж ахуйн онцлогтой танилцуулдаг. Мөн нүүдлийн шувуудыг ажиглуулахаар нуурын эрэгт очиж, байгаль болон цаг агаарын өөрчлөлтийг ажиглан мэдрэх боломж олгодог байна.
Зун хүүхдүүд зуслан, овоо тахилга болон тал нутгийн соёлын арга хэмжээнд оролцож, тоглох, ажиглах, гар биеэр оролцох замаар шинэ зүйлс сурдаг.
Намар орон нутгийн айлуудтай хамтран ажиллаж, өвс хадах, гэр хашаа цэвэрлэх, тариа ногоо хураах зэрэг улирлын чанартай ажлын явцтай танилцдаг байна.
Харин өвөл хүйтэн хэдий ч дулаан өдрүүдийг сонгон хүүхдүүдийг гадаа тоглуулдаг. Цасан хүн хийх, цас мөсөн дээр тоглох, уламжлалт тоглоом наадгайгаар тоглох зэргээр өвлийн байгаль, нутгийн соёлтой танилцуулдаг аж.
Тус цэцэрлэгийн багш Сонор:
“Өвөл гадаа хэдийгээр хүйтэн байдаг ч дулаан өдрийг сонгон хүүхдүүдээ цас мөсөн дээр тоглуулж, өвлийн байгальтай танилцуулдаг. Мөн уламжлалт соёл, зан заншлыг багаас нь таниулахыг зорьдог. Тодорхой хугацаанд сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, нутгийн биет бус соёлын өвийг тээгчдийг урин авчирч, багш, хүүхэд, эцэг эх хамтдаа суралцдаг” хэмээн ярьжээ.
25 жилийн хөдөлмөрийн үр дүн
Хүүхэд бол улс үндэстний ирээдүй. “Нутаг” цэцэрлэг 25 жилийн хугацаанд сургалт, хүмүүжлийн чиглэлээр олон амжилт гаргажээ.
Тухайлбал, 2009 онд нэгдүгээр зэрэглэлийн цэцэрлэгээр үнэлэгдэж, 2012 онд Хөлөнбуйр их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын туршилтын суурь байгууллагаар сонгогджээ.
Мөн 2015 онд Хөлөнбуйр хотын жишиг цэцэрлэгээр шалгарч, Өвөр Монголын ард иргэдийн эрхэлсэн боловсролын нийгэмлэгийн гишүүн байгууллага болсон байна.
Түүнчлэн тус цэцэрлэгийн багш нарын дунд улсын болон бүс нутгийн хөдөлмөрийн жишээч, шилдэг багш, “3.8”-ны Улаан тугч зэрэг олон шагнал, өргөмжлөлийг хүртсэн багш нар бий.
Эгэл жирийн мэт боловч ирээдүй хойч үеийг хүмүүжүүлэх эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж буй багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл дэвшүүлье.
Хүүхэд бүр эрүүл энх, аз жаргалтай өсөж, нутаг ус, уламжлал соёлоо хайрлан дээдэлдэг хүн болж төлөвших болтугай.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN