Нүх ухагч биш, амьдрал өвлүүлэгчид - хөгшчүүлийн мод тарих үнэн утга

2026 оны 8-р сарын 21 өдөр

Ой мод нь хүн төрөлхтний нийт нүүрстөрөгчийн ялгарлын дөрөвний нэгийг шингээдэг манай гарагийн уушиг юм. Хүн амьдралдаа заавал хийх ёстой үйлийн нэгийг мод тарих гэлцдэг. Магадгүй газрын хөрсөнд тарьж ургуулсан ганцхан ширхэг мод хүртэл байгаль экологид асар эерэг нөлөө үзүүлдэг ид шид учраас ийнхүү чухалчилдаг болов уу. 
 “Ногоон хөгжил--хамтын ирээдүй” 2026 Хятад Орос Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аяныг зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор хашаандаа 5000 гаруй мод суулгаж, ургуулсан үлгэр жишээ иргэнийг онцолж танилцуулъя.
Ингээд сүүлийн 10 гаруй жил өөрийн судалгааныхаа үр дүнг хархаар гэрийнхээ ар хашаандаа мод тарьж, ургуулж буй иргэн Баярттай ярилцсанаа хүргэж байна.
- 10 гаруй жил мод тарьж буй иргэний хувьд мод тарьж, ургуулахын хамгийн хэцүү нь юу вэ?
- Мод тарих амархан ч ургуулах нь хамгийн хэцүү. Энэ тухай мод тарьж үзсэн хэн бүхэн мэддэг байх.Би Зүүн сүм гацааныхаа бага сургуульд 35 жил багшлаад 20 гаруй жил захирал хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Мод тарих талаар судалгаа, ажиглалтад сэтгэлээ зориулсаар ирсэн маань бага байхын цэвэр сайхан чийглэг уур амьсгал хүнд хамгийн чухал хэрэгцээ мөн шүү гэх ойлголтыг эцэг эхээсээ өвөлснийх байхаа. Сүүлийн 10 гаруй жил өөрийн сонирхлоороо мод тарьж, ургуулж эхэлсэн. Гэхдээ анх суулгасан мод бүхэн маань нэг жигд сайхан ургачхаагүй. Асар их усалгаа, арчилгааны үр дүнд өнөөдрийн 5000 гаруй мод ургаж байгаа.Тиймээс бид мод тарина гэж ярихаас илүү модыг ургуулна гэх нь зөв санагддаг юм.
- Анх яагаад ийм олон мод тарья гэж шийдсэн бэ. Хэчнээн төрлийн мод байгаа тухай ярихгүй юу?
- Салхи, шороо, цасан шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл олон гарч байна. Энэ бол байгалийн бидэнд хэлээд буй дохио гэж боддог.Одоогоос 40 орчим жилийн өмнө манайх энэ гацаанд нүүж ирсэн. Тэр үед ургаа мод байхгүй байсан. Өөрөөр хэлбэл тэгш тал тэр чигээрээ араасаа задгай салхи цохидог байсан. Тэр үед нэг хүн нэг мод гэсэн бодлогыг хэрэгжүүлж ногооруулалтын үе ид өрнөж байсан.Тиймээс үүнтэй зэрэгцэн сургуульдаа бага ч гэсэн газар модтой байлгая гээд мод тарьж арчилж эхэлсэн. Энэ нь миний мод тарих анхны алхам минь байсан.Өнөөдрийн байдлаар нийт 40 му \ га \ газарт арын хэсгээр нь улиас, хайлс,  дунд талаар нь гүйлс, ялам, чавга, чангааз, алим, шагуул\ шар алим\ зэрэг 7 төрлийн мод тарьсан. Нийт тарьсан модны хамгийн олон нь буюу 4000 орчим нь улиас. 200 орчим нь жимсний модтой.Харин хамгийн гоё, өндөр ургасан нь улиасан мод бөгөөд 20м орчим өндөртэй. Улиас нь ургалтын эхэн үед ус их шаарддаг, усалгаа сайтай нөхцөлд маш сайн ургадаг. Ногоон массыг хамгийн хурдан бүрэлдүүлж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх өндөр ач холбогдолтой. Нэг улиас мод жилд 34 кг тоос шороо шингээдэг. Хурдан ургаж, нүүрстөрөгчийн давхар ислийг үр ашигтай шингээх чадвараараа алдартай. Эдгээр модыг ихэвчлэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, ойжуулах төсөлд ашигладаг бөгөөд энэ нь CO₂-г бууруулах төдийгүй хөрсний чанарыг сайжруулахад тусалдаг. Улиас нь гүехэн боловч өргөн үндэстэй тул шим тэжээл, усыг хурдан хуримтлуулах боломжийг олгодог бөгөөд энэ нь эргээд өсөхөд тусалдаг. Олон талт байдлын ачаар улиас нь дэлхийн олон бүс нутагт, ялангуяа ногоон байгууламжийг хурдан сэргээхэд чухал ач холбогдолтой газруудад түгээмэл сонголт юм. Мод тарьчхаар амьтад хүртэл дагаад хашаанд орж ирдэг юм билээ. Үнэг, хярс, туулай зэрэг амьтад хашаанд байнга орж ирэхээс гадна олон гоё шувууд цуглардаг. Мөн модны усалгаа, хөрсний чийгтэй байдлаас шалтгаалж өвс, цэцэг дагаад сайн ургана. Намар болоход метр шахам өндөр ургачихдаг болхоор амьтад үүрлэх, оршин тогтнох нөхцөлтэй болсон.
- Таны дотроо бодож явдаг үргэлжлүүлэн хийх ажлаа хуваалцаач.
 - Мод тарихдаа эхлээд мод тарих газраа бэлдсэн байх, дараа нь ажиллах буюу арчлах хүнээ бэлдсэн байх хэрэгтэй гэдэг юм билээ. Манай  хүүхдүүд  эндээс ойрхон хошуунд амьдардаг болхоор хагас, бүтэн сайн өдөр, амралтын өдрүүдэд ирж мод арчилах, тарих ажилд оролцдог. Би энэ жил модны үрсэлгээ хийж үзэхээр төлөвлөсөн. Гэхдээ зарж борлуулахгүй, зөвхөн эндээ тарих зорилготой. Энэ бодол маань түрүүлж орж ирээд байгаа.
Навчит мод мөчрөөр үрсэлдэг бол шилмүүст мод зөвхөн үрээр ургадаг. 
- Ер нь мод тарихад юуг анхаарах хэрэгтэй вэ?- Би бусдад зөвлөнө гэхээс илүү бусдаас суралцдаг төрлийн хүн. Бид хоёр 75, 79 насных гэхдээ шинэ үеийн хөгжилд хүүхдийнхээ туслалцаагаар алхаад байгаа. Үүнд бага хүү маань бид хоёрт тусалдаг. Тиймээс мод тарихдаа ч интернэтээс, эсвэл цахим сүлжээнд хүмүүсийн бичсэн зөвлөгөөг дагадаг. Анх бүр хэрхэн мод тарих учраа олохгүй нүхийг нь хэт том, гүн ухуулж бүтэлгүйдэж байсан ч удаатай. Хэт гүн ухаснаас болж тарьсан моднууд эдгэхгүй байсныг нь судалж үзээд манай бор хөрсний давхрага нь зөвхөн 10-20 см учраас гүн суулгасан моднуудны үндэс нь бор хөрсний доорхи элсэнд шигдээд эдгэрэлт муу байсныг мэдсэн. Тиймээс миний бодлоор, мод тарина гэдэг хөрсөнд хэр гүн суулгах нүхийг нь зөв хэмжээтэй ухахаас эхэлнэ. Ямар мод тарих, тухайн модны үндэс хэр хэмжээтэй байгаагаас шалтгаалж, манай хөрсөнд ургаж чадах эсхийг нь тооцдог. Түүнээс биш яг ижил хэмжээний нүх ухаад шууд суулгачхаж болохгүй. Түүнчлэн усалгаа, арчилгаа хамгийн чухал. Ер нь модыг эхний 2-3 жил маш сайн усалж, тордох шаардлагатай байдаг.
- Та мод усалгаагаа хэрхэн шийдсэн бэ?
-Гүний худгаас усаа татаж, сувагчлах хэлбэрээр усны шаланкыг жижиг цоолж нэг нэг зурвасаар усаа урсгаж, бүх  моднуудаа усалдаг. Нэг услахдаа 3-4 цаг усалж байж моднуудаа гүйцэт умдалж чаддаг. Олон мод учраас заримдаа услахад их хэцүү. Анх мод тарьж эхлэхдээ нэг л гүний худагнаас хоёр фазын цахилгаан буюу 220 ватт эрчим хүч хэрэглэж, үнэтэй байсан. Энэ нь хүч нь хүрэлцэхгүй тасараад байлаа. Хожим нь гацааны удирдагчид ХАА-н цахилгаан эрчим хүч, гурван фазын цахилгаан эрчим хүч, хямд үнэтэйг танилцуулснаар. ХАА-н цахилгаан эрчим хүчийг төрөөс тариаланчид, малчид, ойн аж ахуйн ажилчид гэх мэт хүмүүст тусгайлан олгодог бөгөөд ахуйн болон ахуйн хэрэглээний цахилгаанаас хямд болхоор одоо бүх моднуудын хөрсөнд нь шингэтэл усалж чадах болсон. Би боддог юм. Гүний худгаас ус авч, модоо усалж байгаа ч энэ тарьсан моднууд маань эргээд хэрэглэсэн хэмжээнийхээ усыг байгальд хуримтлуулчих болов уу гэж боддог.
- Модыг үүрээр эсвэл нар жаргах алдад усалбал сайн гэж ярьдаг юм билээ.
- Хүмүүс тэгвэл сайн гэж ярьдаг ч би энд байнга суурин байдаг учраас аль болох боломжтой цагтаа л усалдаг. Мод анх усалгаа хийлгэж сурснаараа ч дасчихдаг байж магадгүй. Мод бүр өөр өөрийн онцлогтой шүү дээ. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ өлсгөчихгүйн тулд чармайдаг. Мод хүүхдээс ялгаагүй учраас манай эхнэр модоо "өлсгөчихгүй" юм сан гэж л санаж, усалгаа сайн байлгах гэж хичээдэг. Ингэхдээ хөрс нь чийгтэй эсэхийг байнга шалгаж, усалгаагаа тааруулдаг. Энэ нарийн ажлыг эхнэр маань л нугалдаг.Харин жимсний модыг эрт усалж болдоггүй юм билээ. Би өмнө жил эрт услаад хаширсан. Уг модыг эрт усалчхаар төдий хэмжээгээр эрт жимсээ өгөх гээд байдаг тал бий. Гэтэл зургаадугаар сарын эхний бага зэрэг хүйтрэлтээр жимс болох гэж байсан хэсгүүд нь уначихсан.Туршлага судлахад, ер нь гадаа тарьдаг цэцгүүдийг ч зургаадугаар сарын эхний хүйтрэлт өнгөрөөж байж тарих нь зөв гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан.
- Сүүлийн үед байгаль орчиноо сэргээе. Мод тарьж  орчин тойрноо ногооруулъя гэх бодолтой болжээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
- Дээр дурдсанчлан модыг тарих амархан ч ургуулах нь хэцүү. Тиймээс зүгээр, суулгаад орхих нь хангалтгүй. Гол нь тухайн модны ургах нөхцөл, ямар мод хаана илүү сайн ургах вэ гэдгийг нь бодолцож, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарих нь зүйтэй болов уу.Түүнээс гадна, мод тарина гэдгийг мод шилжүүлэн суулгахтай хольж хутгаж болохгүй. Мод тарьж ургуулна гэдэг шилжүүлэн суулгахаас огт өөр зүйл.Уг нь модыг шилжүүлэн суулгаж болдог. Гэхдээ энэ нь маш бэлтгэлтэй байх ёстой буюу үндсийг нь яаж гэмтээхгүйгээр ухаж авахаас эхлээд маш хянамгай байх ёстой нарийн ажил. Тухайлбал, би өнгөрсөн жил өөрийн мод тарьсан талбайн нэг талаас нөгөө тал руу хэдэн улиасаа шилжүүлэн суулгасан юм. Тэднийг хэчнээн сайн бордож аргадсан ч хуучин газартаа ургаж байсан моднуудтайгаа харьцуулбал илтэд ургалт нь муудсан. Шилжүүлж суулгана гэдэг ийм үр дүн муутай.Үрсэлгээнээс нь аваад нэгэнт газрын хөрсөнд тарьсан модыг шилжүүлэн суулгавал үндэсний нарийн системийг нь гэмтээх аюултай. Харин бүр жижиг модыг л харьцангуй гэмтээхгүйгээр аваад шилжүүлэн суулгах боломж бий.Мод тарихын анхаарах хамгийн гол зүйл бол тухайн модны хоол болох усалгааг нь хаанаас нь яаж татаж хийх вэ гэдэг нь л чухал. Нэг нүх ухаад мод суулгах нь мод тарих гэдэг ажлынхаа таван хувьд ч хүрэхгүй.
- Тэгвэл модыг зөвхөн үрсэлгээ, үрээр л тарих нь үр дүнтэй юм байна. Тийм үү?
- Тийм. Манай өөр нутгуудаар маш олон мод үржүүлгийн газар бий. Тэд нараас суулгац, үрсэлгээг нь бэлдүүлээд дараа нь тэднээс тодорхой хэмжээний үнээр нь аваад суулгавал арай урт настай, ургах чадвар нь сайн мод бий болно гэж бодож байна. Тухайлбал Хянган, Харбин гээд олон газар хүмүүс олон төрлийн модны үрсэлгээг маш гоё хийсэн байна. Тиймээс манайхан хэрвээ мод тарихаар шийдсэн бол жижиг мод тарих нь зөв болов уу гэж бодож байна. Учир нь жижиг мод дасан зохицох, ургах чадвар нь том модноос хамаагүй сайн байдаг. 
-Таны хүүхдүүдээс мэдээж аль нэгэн хүүхэд нь тантай адил мод арчилгаа, ургуулалт гээд гаршсан байгаа биздээ?
- Тийм ээ. Бид хоёрын нас ч маань ч өндөр боллоо. Бид хоёрын энэ их сэтгэл шингэсэн хөдөлмөрийг маань үргэлжлүүлэн хийх хүүхдүүд минь бүгд л гар бие оролцоод байгаа. Бага хүү Ундраа мод тарих, ургуулах, арчилах бүх ажлын судлаад шинжээд, бид хоёрт одоо бол гар хөл минь болоод  явж байна даа.
- Тэгвэл мод тарих боломжийн талаар хүмүүст хэлэх зүйл байна уу?
- Ургаа сайхан модыг тарьж ургуулах ач холбогдол, гоё сайхныг хүн болгон л мэддэг.  Өнөөдөр бид бүгдийн амьдрал дутагдах юмгүй. Санаа зовох асуудалгүй. Амгалан тайван амьдралд юу хийе гэж санавал интернет, онлайнаас хүссэн бүх багаж хэрэгслээ авч чаддаг болсон энэ цаг үед залуус мод тарьж орчиноо ногооруулах бүрэн нөхцөл бололцоотой болсон. Хүн бүхэн л цэвэр тунгалаг агаартай, сэрүүн сайхан газар амьдрая гэж хүснэ. Зөвхөн чи хөдөлмөрлөнө үү үгүй гэсэн асуудал билээ.
- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Яргуй

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313