БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ТУУШТАЙ БАЙДАЛ, ИТГЭЛЦЭЛ ДЭЭР ОРШИН ТОГТНОЖ ИРСЭН

2026 оны 7-р сарын 7 өдөр

Манай телевиз 2012 оны 3-р сард “Дорнод” телевиз нэртэйгээр анхны цацалтаа хийж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр жилийн хавар нь юм. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ШББХ-ны Ухуулах сурталчилгааны хэлтсийн орлогч дарга Баярту, ажилтан Билэгбаатар нар бидэнтэй ирж уулзаад хоёр орны сэтгүүлчдийн хамтын сурвалжлагад урив. Бидний анхны сурвалжлага ШББХ-ны төв Алтан-Эмээлд очиж сурвалжлах байсан. Анх удаа хил гарч хөрш зэргэлдээ хошууны ажил байдалтай танилцаж байгаа бидний хувьд үнэхээр сонин содон, үзэж харах, туршлага судлах юм ихтэй өгөөж сайтай сурвалжлага болсон. Тухайн үед ашиглалтад ороод удаагүй байсан Дундад, Монгол, Орос гурван улсын худалдааны төв, салхиар эрчим хүч гарган авч байгаа станц, сургууль, хүүхдийн цэцэрлэг, музей гээд олон газраар орж сурвалжлага бэлтгэн нутагтаа ирж аяллын тэмдэглэлээ нэвтрүүлэг болгон цацаж байсан. Тэр үеэс жил бүр хамтын сурвалжлагаар Хөлөнбуйр хотын олон газар орноор явж олон ч хүмүүстэй уулзаж ахуй амьдралтай нь танилцаж энэ бүхнийг зураг дүрсэндээ буулган үлдээжээ. 
2016 оны хавар 5-р сарын 12-ны энэ үйл явдлыг би тод санадаг юм. Тэр өдөр эхнэр маань амаржиж хүүтэй боллоо гээд хөл газар хүрэхгүй хөөр баяр болон явж байтал ажлаас дуудаж, Алтан-Эмээлээс хүмүүс ирээд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах боллоо гэдэг юм. Яваад очтол ШББХ-ны Ухуулах сурталчилгааны хэтсийн орлогч дарга Баярту, тус хэлтсийн ажилтан Цэнгэл, Хас-Оргил нар ирсэн байлаа. Ингэж манай телевиз анх албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Баярту дарга тэр үед хошигнон “Бид хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн өдөр хүүтэй болсон юм чинь хүүхдэдээ “Гэрээ” гэж нэр өгөөч” гэж бид инээлдэн хөгжилдөж байсан.
Гэрээ тогтоосноор Хөлөнбуйр хотын иргэдийн аж амьдрал, урлаг соёл, түүх ёс уламжлалыг харуулсан нэвтрүүлгүүдийг “Дорнод” телевизээрээ гаргаж аймгийнхаа үзэгчдэд хүргэж, үзэгчид ч талархалтай хүлээж авсан. Мөн олон улсын чанартай томоохон үйл явдлыг манай сурвалжлах баг газар дээр нь очиж мэдээ сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэж ирсэн.  
Бидний хамтын ажиллагаа өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, чанаржиж 2017 оноос "Хэрлэн"  тусгай хөтөлбөрөөр үзэгч олондоо хүрдэг болсон. Уул ус, газар нутгаараа зааглагдсан манай хоёр орны ард иргэдийн соёлын болон аж амьдралын танин мэдэхүйн холбоос болон эдүгээ  10 жил тасралтгүй телевизийн цэнхэр долгионоор  хөдөө орон нутаг сум суурин гээд бүх л үзэгчдэд хүрч байгаа нь үнэхээр талархууштай хэрэг юм. Бидний хамтын ажиллагааны нэг том үнэт зүйл бол тууштай байж, олон жилийн туршлага, мөн итгэлцэл дээр он удаан жил оршин тогтнож ирсэн гэж би хувьдаа боддог юм аа. Энэ утгаараа манай “Хэрлэн “ хөтөлбөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы хэмжээнд үнэлэгдэж хошуунаас анх эхэлж байсан хамтын ажиллагаа маань 2022 оноос Хөлөнбуйр хотын “Өдрийн сонин”-той хамтран ажиллахаар болж дэвшсэн. Энэ үеэс эхлэн нэвтрүүлгийн чанар, утга санаа, зохиол нь мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд хүрч эхэлсэн гэж хэлж болно. Тус “Хэрлэн” хөтөлбөрийн нэвтрүүлгийг зөвхөн Дорнод аймгийн үзэгчдэд зориулан бэлтгэн хүргэж байгаа нь олны таашаалд хүрээд байна. Энэ ч утгаараа Дорнод аймгийн үзэгчдийн хүсэн хүлээдэг, таашаан сонирхдог нэвтрүүлгүүдийн нэг болсон. Энэ хугацаанд хоёр байгууллагын хамтын ажиллагаа хоёр газар орондоо дэвжин дээшилж, манай телевиз зөвхөн Дорнод аймгаар хязгаарлагдахгүй Хэнтий, Сүхбаатар аймагт хөтөлбөрөө цацаж Зүүн бүсийн төв телевиз болон өргөжсөн бол нөгөө талдаа хамтрагч байгууллага маань Олон төрлийн мэдээ мэдээллийн хэрэгслүүдийг дотроо багтаасан Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв болж хүрээгээ тэлэв.
Нийтлэл нэвтрүүлгийн талаар энд нэг жишээ дурдъя. Аман сургаал нэртэй 12 цуврал нэвтрүүлэг нь өвөг дээдэс, ээж аавын захиас сургамж сургаал үгийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, тухайн сургаалын утга санааг улам өргөжүүлж өнөөгийн залуу үед товч тодорхойгоор ойлгуулсан нь нэгийг бодогдуулж хоёрыг тунгаасан танин мэдэхүйн маш сайн нэвтрүүлэг болсон гэж би дүгнэж байна. Мөн соёл урлагийн нэвтрүүлгээс  Өвөр болон ар Монголд хүн бүхний дуулах дуртай дуунуудын зохиогчидтой нь уулзаж ярилцаж дуу төрсөн түүхийг өгүүлсэн нь хоёр улсын соёлын солилцоо болоод ард иргэдийн найрамдалт нөхөрлөлд эерэг сайхан нэвтрүүлэг болжээ. Манай Дорнод аймаг бол халх, буриад, барга, үзэмчин гээд олон ястны өлгий нутаг. Мөн Хөлөнбуйр хотод ч энэ ястнууд амьдардаг болохоор төрөл садан ураг угсааны нарийн шижмээр холбоотой олон хүн зон байдаг. Бидний хийж буй энэ “Хэрлэн” хөтөлбөр маань хоёр газар орны хүмүүсийн  холбоог улам бат бэх тасаршгүй байхад өөрийн хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би итгэл дүүрэн явдаг.

Эх сурвалж: Монгол. Дорнод  медиа групп Туяа, Энхболор Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 17
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313