2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргаллаа.
Сэтгүүлч асуултдаа, тухайн өдөр Дэлхийн байгаль орчны өдөр тохиож буйг дурдаад, дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанд Хятадын импортлогчид ногоон гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг улам ихээр худалдан авах болсон, мөн Хятадын хэрэглэгчид зөвхөн хямд үнэ бус, байгальд ээлтэй, ой мод сүйтгээгүй бүтээгдэхүүнд илүү мөнгө төлөх хандлагатай болсон талаар онцолжээ. Түүнчлэн зарим шинжээчид Хятадын ногоон хэрэглээ эрчимтэй хөгжиж байгаа нь дэлхийн илүү хүртээмжтэй, тогтвортой ногоон ханган нийлүүлэлтийн сүлжээ бүрдэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг дурдсан байна.
Энэхүү асуултад хариулахдаа Мао Нин, улам олон хятад хэрэглэгч ногоон бүтээгдэхүүн сонгож байгаа нь нүүрстөрөгч багатай, байгальд ээлтэй амьдралын хэв маяг Хятадын иргэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсны илрэл гэдгийг онцлон тэмдэглэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, 1.4 тэрбум гаруй хятад иргэн байгаль орчныг хамгаалах үзэл санааг хэрэгжүүлж, ногоон хөгжлийн үйл ажиллагаанд бодитоор оролцож байгаа нь дэлхийн байгаль орчны хамгаалалд оруулж буй шууд хувь нэмэр юм гэв. Мөн Хятад улс цаашид экологийг нэн тэргүүнд тавьсан, ногоон хөгжлийн замаа тууштай баримталж, бодит үйл ажиллагаагаар дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжин, бусад улс оронтой хамтран илүү цэвэр, илүү үзэсгэлэнтэй дэлхийг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулна гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв — Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр
DORNODMEDIA.MN