Сээр цохих нь нүүдэлчдийн аж амьдралыг дагаж бий болсон өв эрдэнэ юм. Сээр цохиход ур ухаан хүч тамир хоёрыг хослуулан шаарддаг.
Эртний нүүдэлчид сээрийг улаан гараараа цохидог байсан гэх тэмдэглэл бий. Нэг гартаа сээр бариад нөгөө нударгаараа уулзуулж цохидог. Үүнд эв дүйг олох туршлага мэргэжил чухал байдаг. Ид хүчээ тэнцүүлэн цохиход ямар ч сээр тэнцэлгүй хугардагсан.Дээр үед Хөлөнбуйрт идэшний үеэр үхэр адуугаа гаргаад хүүхэд залуучууд, өвгөд хөгшидгүй сээр цохиж бах цэнгэлээ хангадаг байсан бол одоо сээр цохих нь Биет бус соёлын өвд бүртгүүлснээр зогсохгүй уламжлалт мөрийцөөн уралдааны нэг төрөл болсон. Сээр цохих уралдааныг хамгийн анх “Шинэхэн” сээрийн клуб зохион байгуулж байсан бол одоо Хөлөнбуйрын найр наадмын чухал нэг төрлийн уралдаан болсон байна.
Өнөөдрийнхөө сурвалжлагын гэгээн хойморт сээрчин залуу Мягмарыг урьсан юм. Хэдэн үеэрээ сээр цохихдоо гарамгай түүний өвөө, аав нь бүр нутаг усандаа алдартай сээр цохьдог хүмүүс байсан гэнэ. Тэр өөрөө мундаг сээр цохино, түүний хүү нь ч аавынхаа ур мэхийг уламжлан авч байгаа юм байна. Мягмар 2025 оны 4-р сард Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны зэрэглэлийн сээр цохих биет бус соёлын өвийн төлөөлөгч өвлөн уламжлагч болсон байна.
Тэр 1986 онд Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Хуй сумын Цагааннуур гацаанд Шарайд халын Цэрэнгийн хөвгүүн болж заяажээ. Хар багаасаа аавынхаа сээр цохихыг харж сээр цохиж сурчээ. Тэр үедээ өөрийн сонирхлоор л сээр цохиж байсан бол 2018 оноос эхэлж уралдаанд оролцож, арваад тэмцээнд түрүүлсэн байна.
Зургаан жилийн турш сээр цохих уралдаанд оролцож явахдаа түүний олсон хамгийн өндөр амжилт гэвэл 2026 оны 3-р сарын 20-нд Оросын холбооны Буриадын бүгд найрамдах улсад зохион байгуулагдсан “Алтан Мундарга” Хятад, Монгол, Орос гурван улсын сээр цохих уралдаанд Шинэхэн нутгаа төлөөлөн оролцоод үеийхэн дундаа түрүүлж нэр алдраа дуудуулж байв. Энэ нь түүний сээр цохих уралдаанаас олсон хамгийн өндөр амжилт гэж ярьж байлаа. Мягмар сээр цохих өв соёлыг түмэнд түгээхийн төлөө олон төрлийн соёлын солилцооны арга хэмжээ болон уралдаанд идэвхтэй оролцдог. Түүнээс нь дурьдвал: 2017 —2024 оны хооронд тэр 20 гаруй удаагийн их бага хэмжээний уралдаанд оролцов. Тэр бас Төвийн телевиз хорооны “Биет бус соёлын өв”-ийн программд оролцож, бүх Хятадын үзэгчдэд сээр шаах ур мэргэжлээ сонирхуулан таниулжээ. 2023 оны 12-р сараас 2024 оны 10-р сар болтол тэр 40 гаруй удаагийн Биет бус соёлын өвийг уламжлах орон нутгуудад очиж, сээр цохих мэргэжлийг уламжлан түгээх үйл ажиллагаанд идэвхитэй оролцов.
Мягмарын уламжлан дэлгэрүүлж буй сээр цохих мэргэжил нь түүний өндөр өвөөгөөс нь уламжлан түүний үеэс хүүдээ өвлүүлж яваа болохоор Биет бус соёлын өвд бүртгүүлж чадсан юм. Өв эрдэнэ тээгч түүний гэр бүлд аз жаргал, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN