Гучин жил тасалдаагүй алхан дуу
Аз жаргалт амьдралд баяр баясал нэмсээр …
— Мөнгөн дархан Баянжаргал(Хай Шань)-ийг тэмдэглэв
Хөлөнбуйрын малжих дөрвөн хошууны олонх малчдын мөнгөн заслыг Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Баянтохойд гучин жил мөнгөн дархан хийж бий ах дүү хоёр урлаж хийсэн гэдэг сургаар мөнгөн дархан Баянжаргалын Хайлар дүүргийн Амилал гудамжид байрладаг“ Юүн Буу алт мөнгө дархлах газар ”- т зорьж очлоо.
Мөнгөөр хоймроо чимэж, хүмүүний сайнаар мэргэжлээ чимэж яваа энэ сайхан хосын гучин жилийн мөнгөн дарханы ажил үйлсийн сайхнаас учирлая. Уншигч та бүхэнд таалагдна гэдэгт итгэл дүүрэн байна.
Тэртээ хол Жирим нутгаас Хөлөнбуйрын тал нутгийг зорьж үйлсийн сайхнаар нэрээ чимэж хүмүүний сайнаар Хөлөнбуйр даяар алдаршсан сайхан ч хүн, бүтээлч хүн хэмээж ам дамжин магтагдсан Баянжаргалын гэр бүл, ажил хөдөлмөрөөр нь хязгааргүй бахархлаа …
“Мөнгө бол мөнхийн эд, хэдий чинээ удсан ч угаавал шинэ болчихно. Ийм болохоор би мөнгөн дарханы ажилдаа хайртай” гэж сурвалжлагын салхийг хагалсан Баянжаргал харваас амьдралд хайртай, айл гэртээ хариуцлагатай, ажилдаа гарамгай нэгэн билээ.
1976 онд Баянжаргал Түнляо хотын(уулын Жирим аймгийн) Хорчин зүүн гаран хойд хошууны Ганзага балгасын Харус сумны Ахтай гацааны Гэрэлт, Шин Хуарын бага хүү нь болж заяажээ. Цэрэг аавынхаа хатуу сургаалаар хариуцлагатай итгэлтэй нэгэн болж хүмүүжигдэв. Мөн гарандаа уртай аавынхаа ур мэргэжлийг өвлөн авснаар багаасаа уран зураг сайн зурдаг байсан нь одоогийн ажил үйлсд нь суурь тавьсан ажээ.
Түнляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Ганзага Нэгдүгээр ахлах сургуулийн өндөр зэргийн хоёрдугаар онд \долдугаар анги\-д суралцаж байхдаа гэр бүлийн амьдрал ядуу зүдүүгээс болж арга бус сургуулиасаа гарч алс холын Хөлөнбуйрын тал нутгийг зорьж үеэс үе өвлөн уламжлах мөнгөн дарханы сайхан үйлсийн анхны харгуйдаа алхсан гэх.
Хоёрдугаар ах нь Хөлөнбуйрт түрүүлж ирээд төвхнөсөн болохоор ахындаа хэдхэн солих хувцастайгаа ирж байсан бол одоо үрдээ өвлүүлэх мэргэжилтэй, өөрийн гэх хөрөнгөтэй болж амжсан байна.
— Аавынхаа сургаалыг баримталж, үнэнч байх ёстой гэдгийг өр зүрхэндээ хаданшуулсан болохоор одоо болтол би хэн нэгнээс нэг грамм мөнгө ч илүү авч байгаагүй гэж өөрийнхөө баримталдаг чин үнэнч журмаа хуваалцаж байлаа.
Түүнийг 1994 онд Хөлөнбуйрт дөнгөж ирхэд хоёрдугаар ах, бэргэн нь Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Имин суманд гэр бүлээрээ мөнгөн дарханы ажлаа хийж байсан болохоор 1996 оноос ахаа дагаад шууд л мөнгөн дарханы ажлыг хийж эхэлжээ.
— Миний аав гацаандаа бага сага мөнгөн дарханы ажил хийж байсан болохоор бид хэдүүл багаасаа хараад бага сага сурсан болохоор эхлээд хийхэд тийм хэцүү биш байлаа.1996-2000 он хүртэл хөдөөгөөр явж дарханы ажил хийж явсан. Тэр үед амьдрал хэцүү, зам харилцаа муу болохоор малчид хот орход хүнд байсан үе. Хөдөө айлуудаар явж мөнгөн дарханы ажлаа хийвэл илүү их ажил олж хийдэг. 1996 оны хавар, Цагаан сар өнгөрөөд нэг их удаагүй Шинэхэн зүүн сумын Мөнгөнчулуу гацааны Бадамынд хоёр сар гаруй суугаад мөнгөн дарханы ажлаа хийж байсан.Тэр үед нэг бөгж хийхэд гарын хөлс нь таван юань, нэг бугуйвч хийхэд 15 юань байсан.Тийм болохоор олсон мөнгөө хадгалж хямагтай хэргэлдэг. 1996 оны хавар Хуй сумны Соёлынд нэг зун дархалж. Намрын эхэнд Баянхошуу гацааны Жавхлангийнд дархлаад гэртээ харьж намрын ажилдаа орж, өвс тэжээлээ бэлтгэж, 1997 онд Шивээ гацааны Баясгалангийнд нэг зун суугаад намар нь Холбоо гацааны Сэдэвийнд нэг намаржин дархлаад 1998 оны намар Шинэхэн зүүн сумын Цэрэнбаатар Сэмжидийнд мөнгөн дарханаа хийж суухдаа тэр айлын зүүн талд байралдаг тухайн үеийн Ханган борлуулах хоршоонд борлуулагчаар ажиллаж байсан миний насны минь хань Удвалцэцэгтэйгээ танилцсан юм.1999 онд Шинэхэн зүүн сумын Цагаанчулуут гацааны Мижигдорж болон Дашдуламынд нэг жил дарханы ажил хийгээд Шинэхэн зүүн сумын Чимэдсүрэнгийнд 2000 он болтол дархалж суугаад өөрийн гэх гал голомттой болхоор Баянтохой балгасыг бараадсан. Дархлах ажлынхаа замд хөл олох гэж хөдөө гадаа гүйж явхад минь хайр халамжаа хүртээсэн хүн бүхэнд сэтгэлийн гүнээсээ баярлаж явдаг шүү!Холын нутгаас ирсэн гэж хайр халамжаа өгч халуун унд хоолоор дайлж, ойр зэргэлдээ айлдаа “ мөнгөн дархан ирээд байна. Ирж мөнгөн эдлэл хийлгэнэ үү ?” гэж чимээ өгч тус дэм болж байсан нэгэн ч бий. Энэ сайхан хүмүүсийн сайныг би хүүдээ үргэлж дурсан ярьдаг. Надад тусалсан хүмүүсдээ өдөр бүхэн баярлаж явдаг шүү гэж сэтгэл дотроо уудлан хуваалцах нь хүний сайныг мэддэг хүн аргагүй мөн. Ийм хүнийг бурхан дандаа тусалдаг юм хэмээн бодож суулаа.
Баянжаргал 1999 онд Эвэнки үндэстэний өөртөө засах хошууны Шинэхэн зүүн баруун хоёр сумын гацаагуудаар гурав дөрвөн жил мөнгөн дарханы ажлаа хийж цуглуулсан мөнгөөрөө Баянтохой балгаснаас суух орон сууц худалдан авчээ.
— Хэдэн жилийн ариун хөдөлмөрөөрөө өөрийн гэх орон гэртэй болсондоо сэтгэл маань маш баяртай байлаа.1998 — 2000 он бол миний хувьд маш олон учир утгатай он жилүүд байлаа. 2000 оны өвлийн 12-р сарын 28-ны өдөр би ирээдүйн насныхаа ханьтайгаа уулзаж, хэдэн жилийн хүч хөлсөөрөө өөрийн гэх суух орон сууцтай боллоо. 2000 оноос эхлэн гэргийтэйгээ хоёулаа Баянтохойд оффисийн өрөө хөлслөөд ажиллаж эхэлсэн. Яг тэр үеэс эхлээд ахтайгаа хоёулаа хамт мөнгөн дарханы ажлыг хийж эхэлсэн бөгөөд 2006 он болход Баянтохой балгасанд дэлгүүрийн байр худалдан авсан.
“1994 онд Хөлөнбуйрт ирснээс хойш миний хоёрдугаар ах бэргэн маань намайг өдий хүртэл хайрлаж, хамгаалж ирсэн нь энэ насны минь дурдатгал болж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ. Нутгаасаа юу ч үгүй ирсэн би одоо хоёр дэлгүүртэй. Хоёр дэлгүүрт маань дүүрэн мөнгөн засалтай болжээ. Цаг хугацаа өнгөрөх нь хурдан ч хөдөлмөрлөж л байвал хөдөлмөр хүнийг гомдоохгүй гэдгийг энэ олон жилийн ариун хөдөлмөрөөрөө залуу нэг үеийнхэндээ хэлж бичиж үлдээе гэж би бодож явдаг юм. Хүүгээ ч хөдөлмөрч байлгах гэж хар багаас нь ажил хөдөлмөрт оролцуулан, ахлах сургуульд ормогц надтай хамт мөнгөн дарханы ажил хийдэг болсон. Миний хүү энэ жил их сургуулиа төгснө. Их сургуулиа төгсөөд ирвэл би өөрийн мөнгөн дарханы ажил үйлсээ уламжлуулна ” гэж дархан Баянжаргал баяртайхан ярьж байлаа.
Баянжаргал энэ олон жил өөрийн ажил үйлсдээ сэтгэлээ шингээж, Хөлөнбуйр хотын малжих дөрвөн хошууны малчдад үнэн сэтгэлийн гүнээсээ хандаж үнэ ханш тохиромжтой, дотносгоор үйлчилдэг болохоор түүний ажил үйлс өдрөөс өдөр өөдлөн дэвшиж байгаа юм.
“Хүмүүний амьдрал өөдтэй уруутай, гэхдээ сайхан ханийн сэтгэлийн гэгээ итгэлийн хүчээр ажил үйлс айл гэр, бүх зүйл маань аз хийморьтой л байна ” гэж сурвалжлага хүлээх дундаа тэр хань ижилдээ байн дахин талархаж л байлаа.
Тэр аавынхаа дандаа ярьдаг “Баян ядуу хамаагүй, сэтгэл баян бол болно. Мөнгөтэй мөнгөгүй хамаагүй зоригтой л байвал болно” гэдэг үгийг байнга л санаж явдаг гэх. Эр хүн зоригтой байхад чоно чацга алдана гэдэг үг үнэхээр л ортой юм. Эцэг эхдээ энэрэлтэй, ханьдаа халамжтай, үр хүүхэддээ хариуцлагатай сайхан ч хань, сайн ч аав мөн тэрээр бас ард түмний сэтгэлд мөнх үлдэх сайн дархан юм.
Барга буриад айлууд хурим найр хийх болвол ах дүү хоёр дарханыг зорьж мөнгөн эдлэл хэрэгслээ урлуулж, Тэр хоёр ч олон айлын үеийн үед өвлөн уламжлагдах эд эрдэнэсийг урлаж, үйлсийн сайхнаар нэрээ чимсэн сайн дархан болсон юм. Баянжаргал 1998 онд ээж аав хоёрыгоо Жирим аймгаас нүүлгэн авчирж, бурхан болтол нь гар дээрээ асарч хүндлэн, өтлөх насанд нь үртэй хүний жаргалыг эдлүүлсэн ачилал журамтай сайн хүү.
“Хүний нэг нас мөнх биш болохоор аз жаргалтай баяр баясалтай өдөр бүхнийг өнгөрүүлэх нь туйлийн чухал юм” гэж Баянжаргал дархан ярьж сууна. Учирсан хүндээ инээд баяр бэлэглэж, түүнийг зорьж очсон хүн бүхэндээ үеийн үе дурсан үлдэгдэх алт мөнгөн эдлэлийг нь урлаж суугаа нь үнэхээрийн бахархалтай санагдана…
Монголчуудын есөн эрдэнэ нь монгол түмний сэтгэлийн гүнээс амьдралын гүн хүртэл эдлэл хэрэгсэл, эмчилгээ зэрэг талд хэрэглэгдэж олон зуун жилийг дамжиж иржээ. Олон зуун жилийн турш монгол бүсгүйчүүдийн гоо сайхан, баян эрхэмсгийн төлөөлөл болсон энэ есөн эрдэнийг амилуулж явсан Баянжаргалын гэр бүлд есөн цагаан хүсэл нь биелэх болтугай хэмээх зөгнөл дэвшүүлье.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN