Хятадын 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд (2021-2025 он)Өвөр Монголын гадаад худалдаа хурдацтай өсөж, нийт дүн нь 2020 онд 105.42 тэрбум юань байсан бол 2024 онд 207.49 тэрбум юань болж, 18.3% хувийн өсөлтийн хурд нь Хятадын дундаж өсөлтийн хурдаас давсан үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ таван жилийн хугацаан дахь импорт, экспортын нийт дүн 13-р таван жилийн төлөвлөгөөний үетэй харьцуулахад 81%-иар өссөн нь гадаад худалдааны эрч хүч тасралтгүй нэмэгдэж байгааг харуулж байна.
Хөх хотын гааль нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гол зангилаа болох стратегийн байр сууриа ашиглан Хятад улсын хойд зүг рүү нээлттэй байх чухал гүүрэн гарц болж байна.
Гаалийн бүрдүүлэлтийн интеграцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг "шуурхай шалган гаргах", нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэх зэрэг аргаар гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацааг 40%-иар бууруулжээ.
Хятад-Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг батлахыг дэмжиж, таван жилийн хугацаанд гаалийн баталгаат бүсийн импорт, экспортын өртөг бараг арав дахинаар өсжээ. Өвөр Монголын боомтуудын нийт ачааны хэмжээ 2024 онд 123 сая тоннд хүрч, Хятадын бүх авто боомтуудыг тэргүүлж байна.
Хятад-Европын ачааны галт тэрэгний "төв коридор"-ын байгуулалтыг түргэтгэж, “төмөр замын шуурхай гарц” загварын хэрэглээний түвшин 72%-иас давж, Эрээн боомтоор өдөрт дунджаар 12 галт тэрэг нэвтэрч байна. Сүүлийн таван жилийн турш тус боомтоор нийт 15 мянга гаруй галт тэрэг зорчиж, өндөр нэмүү өртөг бүхий ачаа тээвэрлэлт нэмэгджээ.
Өвөр Монголын өндөр чанартай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тусалж, амьд үхэр, гэрийн тэжээвэр амьтдын хоол, амьд цэцэг зэрэг "анхны экспорт"-ыг биелүүлсэн бөгөөд хүнсний экспортын худалдаа гурван жил дараалан хоёр оронтой тоогоор өссөн юм. Ялангуяа сүүн бүтээгдэхүүний экспорт түргэн нэмэгдэж, энэ оны эхний 10 сарын байдлаар экспортын хэмжээ болон өртөг нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин ихэссэн байна.
Импортын нүүрсний шинэлэг хяналт шалгалт, хүлээн авах загварыг хэрэгжүүлсэн бөгөөд импортын 60 гаруй хувийг хамарч, гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 90 гаруй хувиар бууруулжээ. Импортын зэсийн баяжмалын хяналтын загварын шинэчлэл нь хүргэлтийн хугацааг 15-20 хоногоос 3-5 хоног болгон цомхтгожээ.
Хятад, Монголын гаалийн байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, энэ оны зургадугаар сард албан ёсоор хэрэгжүүлсэн Хятад, Монголын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр нь Хятадын 500 гаруй аж ахуйн нэгжид үр өгөөжөө хүртээжээ. Хоёр талын хамтарсан хяналт, мэдээлэл солилцох, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа гүнзгийрсээр байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN