“Цонж”-ийн оройгоос ирээдүйг харахуй

2021 оны 10-р сарын 18 өдөр

Өвөр Монголын “Цонж” брэндийг үүсгэн байгуулагч Түмэнбаярын Цэцэнбаатартай ярилцлаа.
   - “Цонж” хэмээх энэ үг нь “Өндөр дээрээс холыг харах тавцан” гэсэн утгатай. Өөрийн брэндээ нэрлэх болсон тухайд? 
- Энэ нь миний нутгийн нэр. Аавын минь төрсөн нутаг “Цонжийн хөндий” гэж Улаанхад хотын Ар Хорчин хошуунд байдаг. Тэр хөндийд би төрж өссөн. Бага байхдаа энэ нэрийн учрыг мэддэггүй, тэр тухай боддог ч үгүй байлаа. Их сургуулиа төгсөөд Баяннуурын телевиз хороонд ажиллаж байхдаа Баяннуур хотын Урадын дунд хошуу, Умардын хойд хошуу нутгаар явахад “Цонж” хэмээх нэртэй олон газраар явж, нутгийн маань нэртэй адил гэдэг утгаараа маш дотно санагддаг байсан. Дараа нь Улаанбаатар хотод очиж “Цонжин болдог” цогцолбортой танилцаж,нэрийг нь судалж үзэхэд мөн л “цонж” гэдэг үгнээс гаралтай байсан. Тэгээд энэ үгийн утгыг судлаад, брэндээ нэрлэхээр шийдсэн.
   Т.Цэцэнбаатар “Цонж” хэмээх энэхүү арьсан гутлын брэндийг анх 2016 онд бий болгож, 2018 онд үйлдвэрээ өргөтгөн Өвөр Монголын “Монгол урчууд” компаниа байгуулжээ. Тус компани нь арьсан эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Арьсаар урлаж болох бүхий л бүтээгдэхүүний захиалгыг хүлээн авах боломжтой. Жишээ нь өрөө чимэглэх ханын зураг, брэндийн лого, монгол үсгийн тиг гэх мэт. “Хүдэр дүү маань үсгийн тиг зохиодоо мэргэшсэн дизайнер. Цаашид бид монгол, хятад, англи үсгийн нэгдсэн тиг зохиох бодолтой байгаа” гэж Цэцэнбаатар ярилаа.
   “Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэх эзэн богд Чингис хааны сургаал байдаг. Залуу хүн өөрийн гэсэн ажил үйлсээ цогцлоохын тулд хүндийг даах зоригтой, хүчрийг давах итгэлтэй байх ёстой. Цэцэнбаатарын өнөөдрийн үйлс хялбар олдоогүй, хийхийн тулд хатуу шийдвэр гаргаж, бүтээхийн тулд бүрэн зориг гаргасан даваа ихтэй зам байсан аж. 2014 онд Өвөр Монголын Их Сургуулийг дүүргэсэн тэрээр Баяннуур хотын телевизэд ажилд орж, ардын хэлдгээр “төмөр аяга”-тай болсон хэдий ч өөрийн гэсэн компани, үйлдвэртэй болно гэдэг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Хөххотод ирж үйлс бүтээх аянаа эхлүүлжээ. Тэрээр анх баар ажиллуулж байсан төдийгүй цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн худалдаж үзжээ. Бага наснаасаа эдэлж хэрэглэж ирсэн малын арьс шир түүнийг үйлсийн өндөрт гаргах дөрөө байсныг сүүлд ухаарсан гэдэг.
  - Тухайн үед хөдөө орон нутагт арьсны үнэ маш хямд байсан. Хаях газар олдохгүй, галд түлж, газарт булан, мөнгө төлж шийдвэрлэдэг цаг үе байсан. Би өөрөө малчны хүүхэд учраас хар багаасаа арьс гэдэг эдтэй их ойр өссөн. Аав маань гар аргаар арьс идээлдэг байсан учраас би энэ үйлд маш их хайртай. Монголчууд бид чинь ганц дусал сүүг газарт дусаахад хүртэл харамсдаг байхад бүхэл бүтэн арьсыг хаяхад миний сэтгэлд хар буудаг байлаа. Тэгээд арьсыг ашиглах тал дээр судалгаа хийж үзсэн. Европт арьсыг цагаан алт гэдэг. Яагаад тэр вэ гэхээр арьсыг боловсруулсны дараа зах зээлийн үнэ нь цагаан алттай тэнцдэг болохоор тэр. Тэгэхэд бид энэ их эрдэнээ зүгээр хаяж байдаг гэж их л харамсдаг байсан. Тэгээд энэ асуудлыг шийдэх санаа төрсөн. Мэдээж арьсны үйлдвэр байгуулна гэдэг сургуулиа дөнгөж төгсөж байгаа миний хувьд холын мөрөөдөл байсан. Тэгээд үйлдвэр байгуулахаасаа өмнө арьсыг хэрхэн боловсруулж, яаж ашиглавал үнэ цэнтэй болгож чадах вэ гэх тал дээр судалж, арьсны төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа арьсан гутал дагнаж хийхээр шийдсэн гэж Цэцэнбаатар ярив. Ажил үйлс бүтээхийн тулд эхлээд мөрөөдөлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө алхам алхмаар хичээн зүтгэх ёстой.  Гутлын брэнд бүтээх ажлыг сонгож, шийд гаргасан цагаасаа Цэцэнбаатар туулах ёстой бэрхшээлүүдийг давж гарсан гэдэг. Мэдэрсэн учраас сэтгэлдээ тамиртай болж, улмаар таван жилийн хөгжлийн төлөвлөгөө зохиож өнгөрөгч таван жилийн хугацаанд төлөвлөгөөнийхөө дагуу явж иржээ. Энэ тухай тэрээр:
- Төлөвлөгөө зохиогоод түүнийхээ дагуу алхам алхмаар хичээн зүтгэхэд хийж бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй. Ажил бүтээхэд хүндрэл бэрхшээл зайлшгүй тохиолдоно. Бэрхшээлээс шантралгүй, туулж гарах итгэл зориг байхад бүх зүйл бүтдэг гэж байлаа.
 Цэцэнбаатарын бодлоор монгол гутлын үйлдвэрийн хөгжил уламжлал сайтай ч өнөөгийн нийгэмд зохицон хөгжих талд тааруу байгаа гэх. Уламжлал сайтай хэмээн үзэж буйн учир нь эрт дээр үед ялангуяа 13-р зууны үед монгол гутлын үйлдвэрлэлийн хөгжил маш сайн, өнгийн зохицол, загвар  тал дээр гайхалтай хөгжсөн гэдэг. Харамсалтай нь 14-р зуун болоход зогсонги байдалд орсон төдийгүй орчин үеийн хөгжлийн түвшинд ойртох тусам нь буурсан байна.
- Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид гутлыг хэрхэн сайн хийх вэ гэдэгт анхаардаг байсан бол энэ жилээс эхлээд монгол гутал өнөөгийн нийгэмд ямар хэлбэрээр хөгжих ёстой вэ гэдэг асуудлаар түүхэн хөгжил, загвар талаас нь судлах болсон. Өнөөгийн европ гутлын загварыг би нүүдэлчдийн уламжлалт загвараас үүдэлтэй гэж ойлгодог. Костюмын захыг европт өнөө болтол турк, нүүдэлчдийн загвар гэж нэрлэдэг. Үүнтэй адилаар түрийтэй гутлын загварыг ч мөн нүүдэлчдийн уламжлалаас эхтэй гэж үздэг. Монголчууд түүхэндээ дэлхийн дизайныг дагуулж байсан. Түүхэн тэмдэглэлээс харахад 13, 14-р зууны үед монголчууд гутлыг төрд өмсөх, түлээнд өмсөх, дайнд өмсөх гэх мэтээр олон төрөлд ангилан төрөлжүүлдэг байсан. Загвар, хийц, хэрэгцээ шаардлага талаасаа ч олон төрөлд хуваадаг байв. Харин өнөөгийн бидэнд үлдсэн зүйл маш цөөн байна. Тийм учраас бид түүхээс улбаалж ирсэн зүйлүүдээ сэргээхийг зорьж, түүхэн хөгжлийг давж чадахгүй юмаа гэхэд сэргээх чадвартай болох хэрэгтэй гэж хичээн зүтгэж явна хэмээн Цэцэнбаатар ярилаа. “Цонж” брэнд нь сүүлийн үед уламжлалт загварыг сэргээсний үндсэн дээр хотын соёлтой зохицсон, хөлд эвтэйхэн, загвар сайтай гутал үйлдвэрлэх тал дээр эрчимтэй ажиллаж байна. 2015 онд анх гар хийцийн арьсан гутал дагнаж хийдэг байсан энэхүү үйлдвэр нь өнөөдөр ямар ч загварын арьсан гутлыг хийж чадах хэмжээнд хүрчээ. 2018 онд Улаанхад хотод анхны салбар үйлдвэрээ байгуулж, зөвхөн гар хийцээр зогсохгүй машин оёдлын гутал их хэмжээгээр үйлдвэрлэх болжээ. Одоогоор 13 салбар дэлгүүртэй  төдийгүй үйлчлүүлэгчийн хүссэн хэлбэр, хийц, өнгөнд тохируулан бүх төрлийн гутлыг хийх боломжтой юм байна.

Зохиогч: Нийтлэлийг: С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ 
Найруулагч: С.УРЬХАН 
Эх сурвалж: Solongonews.mn 
 

  • Туяа
  • 293
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313