Цас орохгүй байгаагаас агаар хэт хуурайшилттай байгаа ньханиад томууны дэгдэлтийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл нь болж байна.
Эцэг, эхчүүдийн ярьж байгаагаар ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ханиад нь бүр хүндэрсэн, хатгаа туссан тохиолдолд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Харин хөнгөн зэргийн өвчлэлтэй хүүхдүүдийг гэрээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна.
Ингээд нөхцөл байдал ямар байгаа талаар БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч Баярмаагаас тодрууллаа. Тэрээр “Манайх нийт 35 ортой. Харин өнөөдрийн байдлаар 67 хэвтэн эмчлүүлж байна. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд маш их өвдөж байна. Нэг зүйлийг онцлоход манай монголчууд ханиад хүрлээ л бол антибиотик уугаад л дарчихна гэсэн ойлголттой байдаг. Вирус үүсгэгчтэй учир энэ ханиад антибиотикт дарагдахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн вирусын эсрэг бэлдмэлд л дарагдана. Вирус үүсгэгч нь хэд, хэдэн төрөл байгаа.
Үүсгэгчээсээ хамаараад халуурах хугацаа, зовиур нь ч өөр. Тиймээс тухайн вирус үүсгэгчид л тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд ханиадны хурц үеийг дартал гэрийн нөхцөлд дор хаяж гурваас дөрвөн хоног байлгах ёстой. Гэтэл манайхан ойр зуурын эм өгөөд л сургууль, цэцэрлэг рүү нь явуулчихдаг. Тийм учраас хүүхдийн өвчлөл дарагдахгүй байна” гэв.