А.Ууганцацрал: Эко хоол хүнс гээд ярихаар Монгол ахуй л санаанд буудаг

2019 оны 3-р сарын 19 өдөр

\"\"


\"Дорнод зон\" сэтгүүлийн 2017 оны IV улирал-ын дугаараас толилуулж байна


“Шинэ зуун” сургуулийн багш Амарсайханы УУГАНЦАЦРАЛ:

Эко хоол хүнс гээд ярихаар Монгол ахуй л санаанд буудаг

“Хобби” буландаа эрүүл зохистой хоол хүнс, бүтээгдэхүүн бэлтгэж, түүнийгээ бусдад зааж сургаж танилцуулж яваа эгэл жирийн гэрийн эзэгтэйг урьсан юм. Тэрээр эрүүл эко хоол хүнсний тухай зөвлөгөө өгч, туршлага судалдаг 4 мянга гаруй гишүүнтэй “Eva’s eco food” группын админ. Залуухан гэрийн эзэгтэй хэр нь багшийн зав чөлөөгүй ажлынхаа хажуугаар бүхнийг амжуулдаг юм билээ. Эко бүтээгдэхүүн боловсруулж, түүнийгээ бусдад зааж таниулахын зэрэгцээ бас шаггүй сайн зураач. Мандала зураг, уран зураг, Энэтхэгийн алдарт хенна, таke-up гээд сонирхохгүй зүйл үгүй.

-Эко бүтээгдэхүүн сонирхох болсон цаг үеэс тань яриагаа эхлэх үү. Сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй амьдрах, органик хүнс хэрэглэх талаар ярьдаг хүн олон ч хийж хэрэгжүүлдэг нь цөөн санагддаг?

- Би МУИС-ийг “Монгол судлаач” мэргэжлээр төгссөн. Оюутан байхаас л эртний Монголчуудын цэвэр органик хоол хүнсний хэрэглээ, уламжлалт Монгол орц, жорууд сонирхлыг минь татдаг байсан юм. Хөдөө өсөөгүй болохоор энэ талаар сайн мэдлэггүй байсан хэрэг л дээ. Судалж, өөрөө туршиж хэрэгжүүлээд гурван жил болж байна.

-Таны хобби тэгвэл эзэмшсэн мэргэжилтэй тань холбоотой юм байна?

-“Монгол судлал” гэхээр хүмүүс юу судлах юм гээд их гайхна аа. Бид мэддэг юм шиг хэр нь түүх соёл, хувцас хунар, хоол хүнс гээд нарийн арга ухаан, технологио мэддэггүй юм билээ. Оюутны гуравдугаар дамжаанд сурч байх даа “Орос болон Хятад хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн хоол хүнсний нэршил” гэсэн сэдвээр судалгааны ажил хийсэн. Тэгэхэд бидний өргөн хэрэглэдэг дийлэнх хоол хүнсний нэршил, төрөл бүгд л Хятад хэлнээс орж ирсэн үг байж тарсан. Чанасан мах, цагаан идээг л Монгол хоол гэж ойлгоод байдаг хүмүүс цөөнгүй.

\"\"

-Тэгвэл та эрүүл зохистой Монгол жоруудаас манай уншигчдад танилцуулаач?

- Цэвэр эко хоол хүнс гээд ярихаар Монгол ахуй л шууд санаанд буудаг. Би өөрөө багш болохоор зуны гурван сар завтай чөлөөтэй. Тэгээд л хөдөө гарч байгальд ургаж буй эмийн ургамал, ногоог түүж, хатааж боловсруулдаг. Тэр бүгдийг Монгол зан заншлаас сурсан мэдсэнээрээ боловсруулж байна. Миний хийдэг бүтээгдэхүүнүүд гэвэл, аарцтай дарсан мангир хөмүүл, таван салаатай зөгийн бал, хатаасан халгай, ганга, зээргэнэ гээд олон төрөл бий. Манай нутагт чинь халгай, ганга, зээргэнэ, гишүүнэ гээд хоол хүнс, ахуй амьдралдаа хэрэглэж болох ашиг тустай ургамлууд зөндөө.

- Манай аймагт эмийн ургамал ховор байдаг гэж хүмүүс ярьдаг, үгүй байх нь ээ?

-Хүмүүс ховор гэж яриад л байдаг. Үнэн хэрэгтээ үгүй юм билээ. Таван салаа, сөд, зээргэнэ, халгай, гишүүнэ, чихэр өвс гээд эмийн ургамлаар арвин. Таван салааг гэхэд үйлдвэрлэл, станц байгаа газраас 2-3 км-ээс түүдэг. Өвөлдөө хэрэглэх ургамлаа түүхийн тулд хавар болмогц голын эрэг дагаад майхнаа бариад явна даа.

-Хавар айлчлахтай зэрэгцээд ажил чинь ундардаг юм байна тийм үү?

- Тавдугаар сар гараад халгай ургаж эхлэхэд л миний ажил эхэлнэ. Энэ хавар л гэхэд арваад хүн дагуулж, ургамлаа түүсэн. Хүмүүсээ боломжийн хирээр цалинжуулна. Тэдний дунд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн байсан нь үнэхээр сэтгэлээрээ ажилласан шүү. Хаврын сайхан налгар өдрүүдэд нөгөө хэдтэйгээ аялж зугаалах байдлаар аль болох аятай тухтай явцгаадаг шүү.

-“Eva’s eco food” группын гишүүддээ бүтээгдэхүүнээсээ худалддаг шүү дээ. Эрэлт их байгаа харагддаг?

-Гишүүддээ зөвлөгөө өгч байх явцад манайхнаас гарсан санаа л даа. Манай групп-д хотынхон их. Хавар болонгуут би энд халгай түүж байна, ингэж хадгалаарай гээд л зургаа оруулдаг юм. Тэгэхэд та нарын бэлтгэснийг бид авья гээд. Надад итгэж буй гишүүдийнхээ хүрээнд л багахаан бүтээгдэхүүн худалддаг юм.


\"\"

-Эко бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарч байна?

-Аль болох эмийн сан орохгүй л хичээнэ. Гэр бүлийнхнээ хоол ундаар дархлааг нь дэмжиж, байгальтай ойр байлгахыг хүсдэг. Хоол хүнсэндээ ганга хэрэглэж, гангатай дэр хүртэл дэрлэдэг болсон. Миний охин гэхэд өвлийн турш ханиад хүрдэггүй. Хань маань ходоод нь их өвддөг байсан. Зөгийн балтай таван салаа ууж хэвшсэнээс хойш ходоод гэхээ больчихсон. Ер нь эмэгтэй хүмүүс цус багадалттай байх нь элбэг. Амьд төмөр гэгддэг хонины дэлүү хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээс хойш цус багадалтыг мартсан гээд эерэг өөрчлөлт чамгүй их. Ганц хоёрхон удаа хэрэглээд үр дүн гарахгүй ээ. Хэвшил болгоод дор хаяж 3-4 жил хэрэглэж байж үр дүн нь илүүтэй мэдрэгддэг юм билээ. Эко бүтээгдэхүүн хэрэглээд, байгальд гарч ургамал навч түүгээд ирэхээр сэтгэл зүй хүртэл их сайхан болдог.

-Та бас их гоё зурдаг шүү дээ?

-Бас нэг сонирхол маань юм л даа. Оюутан байхаасаа л зурах дуртай. Миний чадан ядан зурсан зураг яруу найргийн номонд орж байсан.

\"\"

-Мандала гэж их сонирхолтой сайхан зураг байна лээ?

-Мандала зургийг Монголчууд тархины иог гэж нэрлэдэг. Энэ зургийг сонирхоод 2,3 жил болж байна. Түүхийг нь судалж үзэхэд, Мандала гэдэг нь ариун төв, ариун тойрог гэсэн утгатай санскрит гаралтай үг. Хөгжиж олон янз хэлбэртэй болж байгаа ч дийлэнх нь бөөрөнхий байдаг. Мандалаг гадна талаас нь дотогш, дотор талаас нь гадагш гэсэн хоёр янзаар буддаг. Хэрвээ та бусадтай нээлттэй, бодсон санаснаа шуудбодлогогүй хэлчихдэг, дотоод хүнээ илүүтэй сонсох хэрэгтэй гэж бодож байвал мандалаг гаднаас нь эхэлж будах хэрэгтэй. Өөрийнхөө төв рүү орж байна гэсэн үг л дээ. Харин бүрэг ичимхий зантай хүн өөрийгөө нээж, илэрхийлэх хэрэгтэй бол дотроос нь эхэлж будахыг зөвлөдөг. Мандала зураг будсанаар яарч адгадаг зан маань төлөв төвшин хүлээцтэй болох шинжтэй. Тиймээс долоо хоногт нэг мандала будна гэсэн зорилго тавьчихаад байгаа. Мандала зургийг хүүхдэд будуулах их сайн гэдэг юм билээ. Тиймээс сургуульдаа мандала зургийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Дугуйланд маань 7-12 дугаар ангийн 17 хүүхэд хамрагдаад байна.

\"\"

-Та ер нь зүгээр суудаггүй хүн юм аа даа?

-Нарийн төвөгтэй ядаргаатай зүйл хийх дуртай. Би ер нь яаруу, адгуу зантай. Тэр зангаа сонирхлуудаараа л дарж байна даа. Хенна зурах бас их сонирхолтой. Хенна өөрөө улаан хүрэн, ногоон, бор хүрэн өнгө гаргадаг байгалийн ургамал. Хүний арьсны онцлогоос шалтгаалаад 7-10 хоногт арилчихдаг. Арилдаг шивээс гээд манайхан их сонирхоно оо. Сүүлийн үед цагаан хенна гэж гарчихаж. Байгалиасаа цагаан хенна гэж байхгүй болохоор хүмүүсийг хууртах вий гээд анхааруулмаар санагдлаа.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

\"\"
\"\"

Э.ОТГОНТУЯА


  • Отгонтуяа
  • 1008
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313