Хятадын Засгийн газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулсан Монгол улсад хандивлаж буй Ойн түймэртэй тэмцэх багаж хэрэгслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр буюу 12-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод боллоо. Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска, Монгол улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар оролцжээ.
БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан” Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогыг дэмжих ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг дэмжин 500 мянган ам.доллараар санхүүжүүлсэн бөгөөд үүнийхээ хүрээнд багаж хэрэгсэл хандивлаж, мөн холбогдох сургалт зохион байгуулах юм байна.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайн, хатагтай Шэнь Миньжуань хэлэхдээ, Ойн түймэр хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, экологийн орчныг сүйтгэдэг. Хятад, Монгол хоёр улс 4700 гаруй километрийн урт хилийн зурвастай, ой хээрийн түймрээс сэргийлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхол юм. Хятадын засгийн газар Монгол Улсад ойн түймэртэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ч орон нутгийн ойн түймрийг унтраах ажилд идэвхтэй оролцож байна гэлээ.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска хэлэхдээ, Бид цаашид “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогыг дэмжих ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Ой хээрийн түймэртэй тэмцэх, ойн санг өргөжүүлэхтэй холбоотой БНХАУ-ын сайн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна гэлээ. Монгол улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэлэхээ, Ойн ангийнхан маань түймрийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж байгаа нь үнэхээр маш чухал, цаг үеэ олсон ажил болж байна. Монгол улсын засгийн газар болон Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэрийн өмнөөс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, БНХАУ-ын засгийн газарт талархал илэрхийлж байна гэлээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй