Шинэ эвент-Тосгоны хөлбөмбөгийн лиг
Саяхан Харбин хотод цас мөсний наадам нээлтээ хийж, ингэснээр Умард нутгийн өвлийн аялал жуулчлалын улирал эхэллээ. Үүнтэй зэрэгцээд өмнөд нутагт нэгэн сонирхолтой үйл явдал болж байна. Энэ бол тосгоны хөлбөмбөгийн лиг юм. Энэ нь тухайн орон нутгийн хувьд өвлийн аяалал жуулчлалын нэгэн шинэ брэнд болж байна.
Хоёр хоногийн өмнө, 6-ны өдөр Гүйжөү мужийн Рүньжян сяньд тосгоны хөл бөмбөгийн лиг эхэллээ. Тосгоны хөл бөмбөг гэвэл та бүхэн гайхаж магадгүй. Учир нь Хятадад хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг, муж хотуудын шигшээ баг бий. Тэд бол хөл бөмбөгийн ногоон талбайд өрсөлдөж буй мэргэжлийн спортын тамирчид. Харин өнгөрсөн жилээс "Тосгоны лиг" гэдэг нэр байн байн дуулдах болж, хөдөө нутгийн хөл бөмбөг сонирхогчдын тэмцээн Хятадын даяар цахимаар шуугиулж олон зуун мянган хөгжөөн дэмжигчтэй болжээ. Тосгоны хөлбөмбөгийн лиг бол Монголын үндэсний бөхтэй жишвэл баг, сумын хэмжээнд малчин залуусын тойргийн барилдаантай адил юм. Өнгөрсөн жил Гүйжөү мужийн Рүнжянь сяньд таван сар үргэлжилсэн тосгоны хөл бөмбөгийн лиг-ийг давхардсан тоогоор 5.19 сая жуулчин сонирхож, аялал жуулчлалын орлого 6 тэрбум юань болжээ. Ийм учир хүмүүс тосгоны лигийн тэмцээн энэ онд улам олон жуулчин татаж, улам их ашиг өгнө гэж итгэж байна. Тосгоны лиг-ийн тэмцээнд өнгөрсөн жил 20 баг оролцож байсан юм. Энэ жил 62 баг оролцохоор бүртгүүлжээ. Гүйжөү мужийн Рүнжянь сяны зохион байгуулагчид луу жилийн сар шинийн дөрөвнөөс арван тавны хооронд тэмцээнийг өдөр бүр явуулахаар товлож, энэ үеэр зорьж ирэх нутаг нутгийн жуулчинд сонирхуулах шинэ сонголт болгож байгаа юм. Амралтын өдрүүдэд олон газраас, олон мянган хүн гэр бүл, найз нөхдөөрөө тосгоны лиг сонирхох урин дулаан Гүйжөү нутгийг зорих биз ээ.
Тосгоны хөлбөмбөгийн лиг-т ямар хүмүүс тоглодог вэ. Мэдээж, энэ лиг-т мэргэжлийн тамирчин тоглогдоггүй. Тухайн нутгийн багш, тариачин, гуанзны эзэн, таксийний жолооч зэрэг олон төрлийн мэргэжлийн хүмүүсээс баг бүрддэг. Хөгжөөн дэмжигчид нь үндэсний хувцсаа өмсч очдог. Мөн газар газраас зорьж ирсэн жуулчид хөгжөөн дэжмигч төдийгүй, үзэгч, сонирхолгч болдог байна. Тэмцээний завсарлага хооронд үндэсний цөөнхийн язгуур урлагийн тоглолт болдог. Эдгээр арга хэмжээ урьд өмнө болж байгаагүй тул өвөрмөц содон байдаг.
Нутгийн ард иргэд тосгоны лиг-ийн төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж, шагналын сан бүрдүүлэхэд хандив өгч, ус цай бэлдэж, сандал ширээ хүртэл засалцаж үйлчилдэг байна. Нутгийн бизнес эрхлэгчид буудал, хоолныхоо үнийг нэмэлгүй аялагчдад, зочдод үйлчилнэ. Хүн бүхэн ингэж өөр өөрийн зүгээс Тосгоны лиг-ийг дэмждэг юм. Рүнжянь сянь ядуу ангиллаас саяхан салсан нутаг юм. Спортод хайртай, хөлбөмбөгт дуртай хүмүүсийн сэдсэн сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн тэднийг ядуугаас ангижруулахад их тус нэмэр болж байна. Эдүгээ энд хөлбөмбөгийн 25 талбайтай болсон байна. Иймд энэ онд Рүнжянь сянд Тосгоны хөлдбөмбөгийн олон олон тэмцээн болж, олон сая жуулчин ирж, их мөнгө олж, амьдрал улмаа сайжирна гэдэгт итгэж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй