Хятад улсын их дээд сургуулийн 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 7-ны өдөр эхлэв. Элсэлтийн шалгалтад 12 сая 910 мянган хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн 2022 оноос 980 мянгаар нэмэгджээ. Олон газар шалгалтын аюулгүй байдлыг баталгаажуулж, зохион байгуулалт болоод сурагчдад үйлчлэх ажлыг нарийн нямбай гүйцэтгэж байна.
Шалгалтанд гар утас ашиглаж, хууран мэхлэхээс сэргийлэх нь элсэлтийн ерөнхий шалгалтын аюулгүй байдалд тавьж буй Боловсролын яамны чухал шаардлага юм. Шалгалтын цэг, талбайд хоёр удаа аюулгүйн шалгалт хийж, ухаалаг илрүүлэгч хаалга хэрэглэж, дэвшилтэт технологи ашиглан стандарт журмаар сэргийлэхийг бүх талаар чангатгажээ.
Шалгалтад үйлчлэх үйлчилгээг сайжруулж, дөхөм үзүүлэх олон арга хэмжээг олон газар хэрэгжүүлж байна. ӨМӨЗО-ны Ордос хотын Дуншэн дүүрэгт, тухайн нутгийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллага иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх 12 цэг гарган, 24 цагаар ажиллуулж, сурагчдад дөхөм нөхцөл үзүүлж байна.
Хотын удирдлагын хэлтэс шалгалтын цэгүүдийн ойролцоох байгууллагын машины зогсоолын газартай харилцаж, зогсоолыг үнэ төлбөргүй хангахаар болсон байна.
Зам зорчих аюулгүй байдал, мөн эрүүл хоол, дуу чимээг багасгах зэрэг асуудлаар олон газрынхан сурталчилгаа явуулж, 2023 оны их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын аюулгүй байдал, эмх журамтай байдлыг баталгаажуулж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа