2 сарын 27-ны өдөр гурван жил хаагдсан Архашаат хилийн боомт албан ёсоор сэргэж, хамтын ажиллагаа, эдийн засгийн байдлаа аажмаар сэргээж эхлэв.
Саяхан Эвенки хошууны Вен Чиүвен зочид буудлын танхимд Монгол улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо.
Тус удаагийн үзэсгэлэн худалдаанд Монгол улсын арав гаруй бизнесмэн хүрэлцэн ирж, ноос, ноолуурын бүтээгдэхүүн, гоёлын мөнгөн эдлэл, арьсан ширэн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн, хүнс зэрэг төрөл бүрийн бараатай оролцов.
Үзэсгэлэн гурван жилийн дараа зохион байгуулагдаж байгаа тул хол ойрын хүмүүс их цугларч, бараа бүтээгдэхүүн сонирхож, худалдан авалт ч сайн байлаа.
Үзэсгэлэнд оролцсон Монголын иргэн Мөнхчимэг:“Би 2010 оноос Хөлөнбуйр хотод худалдаа хийхээр ирж байсан. Хүнд хэцүү 3 жилийн дараа хилийн боомт нээгдснээрээ анх удаа Эвенки хошуунд ирж арилжаагаа хийж байна.Бид нар олон жил Хөлөнбуйрт ирж худалдаа арилжаагаа хийсэн болохоор хэрэглэгчид маань бүтээгдэхүүнийг хэрэглэж сурчээ. Иймд үзэсгэлэн маань олон худалдан авагчтай, арилжаа сайтай байна” гэж сэтгэл хангалуун ярилаа.
“Өвөр-монголын ард түмэн худалдан авах чадвар сайтай, наймаа арилжаа сайн хийдэг” гэж алт мөнгөн эдлэл борлуулагч Алтантуяа ярилаа.
Монгол улсын бараа таваарын үзэсгэлэнг алдалгүй ирдэг Эвенки хошууны Шинэхэн баруун Сумны нэгэн настан гуай зуршил ёсоороо бараагаа худалдан авахаар ирсэн байлаа. Тэрбээр “Би олон жил үзэсгэлэнд ирж бараа худалдан авдаг. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн зөөлхөн, биеэнд эвтэйхэн, чанар сайтай болохоор байнгын худалдан авагч болсон.” гэлээ.
Хилийн боомт нээгдсэн нь Хятад Монгол хоёр улсын хөрш зэргэлдээ газар орны аж ахуй, арилжаа наймаанд их боломж өгч, арилжаа худалдаа соёл урлагийн цэцэглэн хөгжих, газар орны нөхөрсөг ажиллагаанд чухал үйлдэл үзүүлж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй