Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Жавхлант сумны Холбоот Гацаа “Намаа хүрээлэн гар гараа холбон урагшлах” тусгай сэдэвт өдөрлөг зохион байгуулж, галаа хөгжөөж, өлзийт айлын сэтгэлийн зулыг ариутгаж, амьдралын аянд итгэлийн жигүүр хайралсан ажилч монгол бүсгүйчүүддээ баярын мэндийг дэвшүүллээ.
Тэд үндэстний уламжлалт онцлогоо илтгэх хялгас зулж дээс томох, дөрвөн улирлын дээл эвхэж хураах, монгол дээлээ зөв бөгөөд хурдан өмсөж уралдахаас гадна жаран пай наадам, даам, тэвэг өшгөлөх, бөмбөг дамжуулах, сандал булаацалдах, ээжийн тухай дуу дуулах зэрэг хөгжөөнт тоглоом өрнүүлж, олны сэтгэлийг хөгжөөсөн байна.
Ажил хөдөлмөртөө яарч, амьдрал ахуйгаа авч яваа хөдөөгийн сайхан хөдөлмөрч бүсгүйчүүдээ баярлуулж, ядарсан чилээг нь тайлах энэ удаагийн үйл ажиллагаанд “Би мэднэ” гэх оньсого тайлах, зүйр сэцэн үгийг бүтэн болгох тоглоом ба “Урмын тойрог” хэмээх нэг нэгэндээ урмын үг хүргэж, баярын өдрөө утга төгөлдөр тэмдэглэсэн юм.
Түүнчлэн гацааны “Сайн ээж”, “Эмэгтэй чадвартан”, “Сайн бэр”, “3•8”-ны улаан тугч, “Хамгийн сайхан гэр бүл” зэрэг шагналтнуудыг тодруулж, ажил амьдралдаа онц амжилт гаргасан, эе эвтэй гэр бүл, тусгай мэргэжлээр амьдралаа цогцлоож яваа эмэгтэйчүүдээ зоригжуулан урамшуулсан нь тус үйл ажиллагааны бас нэгэн онцлог байлаа.
Тус удаагийн үйл ажиллагаа гоцлол дуу, ахмадуудын шүлэг, идэрчүүдийн шүлгээр өндөрлөж, “Нөхөртөө ханийн түшиг болсон, өргөө гэрийн тулгын галаа бадраасан, өнөр өтгөн гэр бүлд удмын хэлхээг залгасан, үзэсгэлэн гоо хатан заяат бүсгүйчүүд” маань баярын өдрөө ийнхүү утга төгөлдөр тэмдэглэжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй