“Хаврын тэнгэр хартай”, Хаврын салхи хавирга нэвт” гэж эрт үеэс хэлж ирсэн нь цаанаа л утга учиртай. Тэр ч бүү хэл ярвигтай ааштай, ааш нь олддоггүй хүнийг “Хаврын тэнгэр шиг” гэж зүйрлэх нь ч бий. Үнэндээ хаврын тэнгэр өдөрт хэдэнтээ солигддог. Өглөө тогтуун сайхан байснаа өдөр нь гэнэтхэн салхи шороо босож хуйсганаад унадаг. Тэгснээ цас хаялж шуурч ч мэднэ. Нар жаргалтай жаргасан тогтуухан үдэш юм бодсон шигээ алхах ямар таатайхан билээ. Гэнэтхэн халж, тэгснээ хөрж халуун хүйтэн ийн харших энэ улиралд хүн хамгийн ихээр тамирддаг байна. Газар гэсэх үеэр өвчин хууч хөдөлдөг гэж хөгшчүүл маань ярьдаг. Ер нь л цаанаасаа бие организм нозоороод ядарч сульдаад ирдэг шүү дээ. Тиймээс хаврын улиралд хувцас хунар, хоол хүнсээ тохируулах нь хамгийн чухал. Хавар толгой нүцгэн явбал нүдний хараа муудаж, даралт тогтворгүйтдэг болохыг уламжлалт анагаах ухааны эмч нар хэлж сануулдаг. Хооллолтын хувьд шөл устай, хий хуй хөдөлгөхөөргүй аль болох илчлэг, амин дэмтэй, эрүүл мэндэд тустайг нь зөвлөдөг. Ядаргаа сульдаанд битүү шөл уухад тамир тэнхээ сайжирдаг гэдгийг бүгд л мэднэ. Хавар урин дулааны цаг ирэхэд ялангуяа бүсгүйчүүдийн хувьд зуны нимгэн хөнгөн хувцсанд орохоосоо урьтаж жингийн илүүдэлтэйгээ тэмцэж эхэлдэг. Ингэхдээ дэглэм барьж байна гээд олон хоногоор хоол цайгаа сойж, гэнэтхэн сэрсэн юм шиг дасгал хөдөлгөөн хийж, хаана ямар л тураах бүтээгдэхүүн байна авч хэрэглэдэг. Энэ нь өвөлжин хөдөлгөөн багатай байсан биед хэт ачаалал өгдөг. “”Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гэдэг шиг тухайн хүний хэрэг л дээ. Гэвч өөрийн бие дээр туршилт хийх нь эрсдэлтэй явдал. Тэгээд ч эрс тэс уур амьсгалтай Монгол оронд амьдарч байгаагаа юун түрүүн бодож, өөртөө хайртай байцгаая.