Удам дамжсан малчны хотонд 

2022 оны 2-р сарын 23 өдөр


Чулуунхороот сумын төвөөс холгүйхэн давхиад бид Дамдингийн Энхтайваныд буулаа. Хоточ ноход холоос гүйлдэн төмөр хүлэгтэй гийчдийг угтана. Гэрийн хаалгыг татахад уур савсаж, хот айлынхан цөмөөр цуглан яг л  монгол ахуй.  “Хээн... Цай уу! гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан” гэх ... их найрагчийн шүлгийн мөр санаанд бууж айлын ээзэгтэй мөнгөн аяганд мэлтэлзэх аагтай шаргал цайг гийчдэд барина.  Амар байна уу? Онд мэнд тарган тавтай оров уу? Өө, онд сайхан орлоо. Энэ жил цас багатай л өвөлжлөө дөө, бусдаар ч сайхан өвөл боллоо гээд гэрийн эзэн хөөрөг зөрүүлнэ.
      Д.Энхтайван удам дамжсан малчин. Түүний аав “Үхэрчин Дамдин” гэж нутаг усандаа хүндлэгдсэн сайхан хүн байж. Мал маллах арга ухаанаа үр хүүхдүүддээ өвлүүлж, өдгөө үр ач нь өнөр, үрээ мал нь тогтуун  хоймор сайхан нутагтаа таатайхан амьдарч байна. Д.Энхтайван 1992 онд цэргээс халагдаж ирсэн цагаас мал маллажээ.  Эцгийн гэрээс гал тасалж эхнэр авахад нь аав нь 20 гаруй толгой мал өгсөн нь эдүгээ “Аймгийн аварга малчин” болтол өсч үржжээ. Мал гэдэг зөнгөөрөө бэлчиж зоргоороо өсдөг амьтан биш. Малчин хүний арга ухаанд арвижиж буян хишгээ хайрладаг. Д.Энхтайван “Аав минь их ажилсаг хүн байсан. Манай ах дүү бүгд малчин. Намар, хаврын цагт л малчин хүний ажил ундарна даа. Хадлан тэжээл, түлээ түлш гээд намар хотоо нэг сайн бөндийлгөөд авбал өвөл амсхийгээд хавар төлийн ажил эхэлнэ. Төлөө бүрэн авахгүй бол мал маллаж буйн ашиг тус үгүй. Манайх зундаа задгай ус бараадаад Хөх нуурын урд руу зусдаг. Малаа хашчихаад бууцаа дэрлээд хэвтээд байвал тэр ямар малчин байхав. Нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь гол нь отор шүү дээ” гэв.
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай гэж... Д.Энхтайван жилийн дөрвөн улиралд оторлоно. Бэлчээрийг хуваарьтай ашиглан малдаа тарга хүч авахуулах нь өвөл, хаврыг өнтэй давах үндэс гэж үзнэ. Намрын улиралд бог малыг оторлохдоо говь газар сонгон, хужирлах нь малд тарга хүч тогтооно. Задгай ус  бэлчээр сонгон ойр ойрхон нүүдэллэх нь монгол малчны арга ухаан юм.   
Малчдаас, хөдөө уйддаг уу гэж хүмүүс асуух нь элбэг. Утаагүй тэнгэр харж, усны урсгал сонсож, урьхан салхинд илбүүлэн амьдарч буй энэ хүмүүс Монголын их амар амгалан. Их хотын стресс гэж мэдэхгүй, эрүүл хүнс хэрэглэж, зөв дадал хэвшлээр амьдарч буй хүмүүс. Нүүдэлчин хэмээх Монгол үндэстний тодотголыг товойлгож яваа эзэд нь. Эх орныхоо эдийн засгийн хөшүүргийг нуруундаа үүрч яваа баялаг бүтээгчид. Малчид малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалга, вакцинжуулалтдаа малаа цаг тухайд нь бүрэн хамруулах гээд ажил их. Мал сүргийн эргэлтийг зөв зохистой хийн, мах, арьс шир, малын гаралтай түүхий эд ашиг шимийг зах зээлд борлуулахад анхаарах нь малчин хүний ухаанаас шалтгаална.       
      Д.Энхтайван малын чанар, удмын санд онцгой анхаарч 2-3 жилийн давтамжтай хээлтүүлэгчээ сольж Баян-Уул, Хөлөнбуйр сумаас хээлтүүлэгч мал худалдан авдаг аж. Үхрээ сүүний болон махны, адуугаа хурдны, хонио ноос болон махны, ямаагаа сайн чанарын ноолуурын чиглэлээр өсгөн үржүүлэхийг эрмэлздэг гэх. Ер нь малчин хүн малынхаа тоог өсгөх биш, чанарыг сайжруулах хэрэгтэй гэж Д.Энхтайван ярив. Хөдөө бүх зүйл хамтын хөдөлмөр. Хонио угаах, хадлан авах, отор хийх гээд хот айлаараа хамтдаа ажлаа амжуулна. Д.Энхтайван сумынхаа гурван өрхийг малжуулан халуун сэтгэлээ бусадтай харамгүй хуваалцаж явна.
Д.Энхтайван Гэрэлтуяа гэх эмэгтэйтэй ханилан сууж таван сайхан охинтой болжээ.  Том гурван охин нь хадамд гарч, аавынхаасаа   холгүйхэн нутаглана. Б.Гэрэлтуяа охиддоо “Эзэн хичээл заяа хичээнэ гэгчээр хүн өөрөө л зорилготой хөдөлмөрлөж чадвал малын буян хэмжээлшгүй” гэж захина. “Мал маллахад хүн бүл хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ багад орны хөлнөөс уячхаад л хоёул малдаа гардаг байсан. Одоо ч хүргэнийх ойрхон болохоор тухтай суухтайгаа болсон” гэв. Аав ээжийнхээ малчин хүний мянган мэргэжлийг өвлөж охид нь ч мал дээр гарчээ. Дорнынхон гурван үеэрээ арга ухаанаа өвлөхийг үнэт зүйлд тооцдог. Учир нь өвөг дээдсийн хураасан буянг үгүй хийх нь амархан агаад түүнийг үр хойч нь өвлөн үргэлжлүүлэх нь чухал гэж үздэг аж. Энхтайваны аав Дамдин сумын гурван удаагийн “Аварга малчин”. Төрсөн ах Д.Энхцогт нь “Улсын аварга малчин”. Удам дамжсан малчид улс, нутгийнхаа нэрийг дуудуулж төр түмтэй тухлан буй.   
Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан ... Чулуунхороот сум Цагаанчулуут баг Мандалын хөндийд цас хялмайлан цайран үлдэв.
                               

Б.ОДМАА

  • Туяа
  • 373
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313