Дорнод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуйн албаны дарга Даваадоржийн АРИУНАА:
Бидний амьдарч буй нийгэмд өөр өөрийн өнгөтэй олон ажил мэргэжил бий. “Дорнод” сонин энэ удаа БОЭТ-ийн Сувилахуйн албанд зочиллоо. Өвдөж зовох үед өөрийн хүн шиг сувилаж асрах мэргэжлийн онцлогийг Та бүхэнд хүргэе.
-Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа таны ажлаас эхэлье. БОЭТ-ийн Сувилахуйн албаны дарга ямар чиг үүрэгтэй ажилладаг хүн бэ?
-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ажлыг олонд таниулахаар зорьж ирсэнд баярлалаа. Сувилахуйн албаны дарга нь байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилттой уялдуулан сувилахуй, тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээний асуудлыг байгууллагын түвшинд шийдвэрлэн, хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бүтцийг удирдан чиглүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг зохион байгуулах, хүний нөөцөө сургаж мэргэшүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг хөгжүүлэх үүрэг хүлээдэг. Мөн сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлын талаар Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. БОЭТ-ийн Сувилахуйн албанд харьяалагддаг 257 сувилагч, тусгай мэргэжилтэн бий. Эх баригч, лаборант, хөдөлгөөн засалч, эм найруулагч, бага эмч, туслах сувилагч гээд хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүс тусгай мэргэжилтнүүд гэх энэ ангилалд багтдаг юм. Ер нь бол БОЭТ-ийн нийт ажилчдын тал хувь нь манай Сувилахуйн албанд харьяалагддаг.
-БОЭТ-ийн Сувилахуйн албаны даргаар хэдэн жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг яаж сонгосон бэ?
-Би Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирснээс хойш таван жил ээлжийн сувилагч хийж, 1997 оноос ерөнхий сувилагч, 2005 оноос Сувилахуйн албаны даргаар 24 жил ажиллаж байна. Улс орон зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд намайг арван жилийн сургуулиа төгсдөг жил конкурс гэж болоогүй. Хүүхдүүдийг дүнгээр нь жагсаасан. Санхүүгийн техникумаас эхлээд хэд хэдэн сургуулийг сонгох боломж надад байсан. Тэгсэн ээж маань “Миний охин сувилагчийн анги ав” гэхэд нь, би Дорноговь явахгүй гэсэн. Дорноговь руу вагоноор явна, вагонд танхайчууд ихтэй гэж урьд сонсоод жаахан айдас байсан учир ээжтэйгээ зөрсөн хэрэг. Эцэст нь ээжийнхээ ятгалгаар энэ мэргэжлийг сонгосон доо. 1992 онд ажилтай хүн ховор, хоол хүнс, эд материал хомс картын бараанд шилжсэн хүнд цаг үед оюутан болсон. Нэгдүгээр курсээ төгсчихөөд сургуулиа хаяж Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд ордог ч юм уу гэж бодож байсан үе бий. /инээв/ Сургуульдаа төдийхөн дуртай биш хэр нь сурлага сайтай, Сүхбаатарын цалинтай оюутан байсан. Манай ангийн багш Эрхүүгийн Анагаахын дээд сургууль төгссөн Доржпалам гэж хүн байв. Бидэнд анатомийн хичээл орно. Нэг яс заахад нь хэлж мэдэхгүй бол муу, зөв хариулбал шууд онц дүн тавина. Биднийг хичээлээ давт гээд ангид цоожлоод явчихна. Цоожтой ангиас хурдан гарахын тулд хүүхэд бүр өөрийгөө дайчилж хичээлдээ шамдана. Манай сургуулийн багш нар бидэнд анагаах ухааны мэдлэг олгохоос гадна амьдралын ухаанд сургасан. Сувилагч мэргэжил нь хүний мөн чанарт орших хүний төлөө гэсэн сэтгэлийг улам өдөөж өгдөг сайхан мэргэжил.
-Сургуулиа төгсөж ирээд ажлын талбар дээр гарахад эзэмшсэн мэргэжил тань ямар санагдаж байв?
-Тухайн үед онолын, мэдлэг бодит байдал хоёр зөрүүтэй санагдаж байсан. Сурч байхдаа өвчтөний цагаан хэрэглэлийг яаж цэвэр цэмцгэр байлгахав, өвчтөнг хэрхэн эргүүлж тойруулж орыг нь засахав, эмчилгээний тэргэнцэрээс эхлээд хаана нь юу, юу байхав гээд онолоор бүгдийг заалгасан хэдий ч ажлын талбар дээр тийм байгаагүй. Янз бүрийн ааш араншинтай хүнтэй таарна, сургуулийн танхимд хэрэглэж байсан олон сайхан багаж хэрэгсэл нь байхгүй гээд сургуулийн танхим, бодит байдал хоёр хол зөрөх нь бий. Сургуулиа төгсөөд ирэхэд намайг Матад суманд томилох болов оо. Би очиж үзээгүй, хүн танихгүй газар явахгүй гээд. Тэгсэн аав маань ээжийнх нь хамаатан садан байдгаар нь Дашбалбар сум руу явуулъя гэдэг хүсэлт гаргасан ч тэнд орон тоо байхгүй гэсэн. За тэгээд оч гэсэн газарт нь очихгүй гэсэн болохоор яах учраа олохгүй байж байтал Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Х.Оюунбилэг эмч хоёр сувилагч авна гээд манай ангийн Хандсүрэн бид хоёрыг ажилд авч байсан. Гэртээ сууж байтал гэнэт л 2 цагаас ажилдаа ирээрэй гээд дууддаг юм. Гайхаад гүйгээд очтол Хишигтогтох гээд сувилагч эгч намайг хүлээгээд сууж байна. Дорноговь аймгийн Сүрьеэгийн эмнэлэгт дадлага хийж байсан ч Дорнодын сүрьеэгийн тасагт хөл тавьж үзээгүй би шууд л ажилдаа орлоо. Оюутан байхдаа аймгийнхаа эмнэлгийн Мэс заслын тасаг, боолтны кабинетад дадлагаа хийх дуртай. Дугар эмч, Алтанцэцэг сувилагч нар маань зааж зөвлөнө, өвчтөнүүд намайг зөөлөн гартай охин гээд магтдаг, надаар шархаа боолгох гээд дугаарлаад зогсоно. Тэрэндээ өөрөө дуртай. Сургуулиа төгсөж ирээд Мэс заслын тасгийн сувилагч болохыг хүсэж байсан юм. Тухайн үед тун дурамжхан Сүрьеэгийн тасгийн сувилагч болсон хэдий ч сувилагчийн мэргэжлийг ойлгож, ажлыг сурч, амьдралын сайхан бүхнийг мэдэрч ойлгосон цаг хугацаа энэ тасагт өнгөрсөн. Мэдлэг чадвартай олон сайхан ахмад эмч, сувилагч нартай ажиллаж их зүйл сурсан. Тухайн үед Чадраа, Оюунбилэг, Баттөр гээд эмч нар байлаа. Чадраа эмч надад цээжний зураг харахыг заана. “Ариунаа чи энийг харж байна уу? Энэ нэвчдэстэй хэсэг, нүхжилт үүссэн байна” гээд их зүйлийг зааж сургасан. Чадраа эмч чинь буй биеэрээ Сүрьеэгийн “архив”. Өвчтөн үзүүлэхээр өрөөний хаалгаар ороод очиход л эдний охин тэдэн сард тэгж өвдсөн шүү дээ, тэрний хадам нь энэ хүн шүү дээ гэнэ. Сүрьеэ амьсгалын замын өвчин учир Ариунаа гэдэг өвчтөн ирэхэд түүний ойр орчимд ямар хүмүүс сүрьеэгээр өвдөж байсан гэдгийг мэдэх нь маш чухал. Ойрын хавьтлыг тодорхойлж байна гэсэн үг. Ингэж тухайн өвчтөний хавьтлыг эрт олж илрүүлснээрээ цаашид халдвар тархахаас хамгаалдаг. Тухайн үед Сүрьеэгийн тасагт ихэвчлэн шоронгийн хоригдлууд, эсвэл архи, тамхины хамааралтай хүмүүс уушигний үрэвслээр өвчлөх нь их байдаг байлаа. Тэдэнтэй тулж ажиллана гэдэг маш хүнд. Эмчилгээтэй хэр нь гадуур гараад архи ууж ирээд агсам тавина. Бага насны хүүхдүүд сүрьеэгийн контакт гээд сахиургүй хэвтэнэ. Одоо бодоход ажлын гараагаа их л айдастай эхлүүлж байжээ. Сүрьеэгийн тасагт таван жил ажиллахдаа ээлжийн сувилагчаас амбулаторийн сувилагч, вакцины сувилагч, ахлах сувилагчийн ажлыг гүйцэтгэсэн дээ.
-Вакцины сувилагч хариуцлагатай ажил биз?
-Тэгэлгүй яахав. Бага насны хүүхдүүдэд сүрьеэгийн товлолт вакцин хийнэ. Эхлээд арьсны нимгэхэн хэсэгт сорил тавина. Тэр үеийн шприц ямар билээ. /инээв/ Шилэн шприцээ олон дахин ариутгалд өгнө, зарим үед буцалгана. Нэг удаагийн зүү гэж байгаагүй. Зүү хатгах тоолонд ир нь мохдог юм байна л даа. Мөлгөр болсон зүүгээр хүн тарих ч чадвар шаардана шүү дээ. Сорилынхоо хариуг шалгаж вакцинаа хийнэ. Сорил нь зөв гарах эсэх нь тарилгын техникээс шалтгаална. Вакцинаас хүний биед зөв сорив тогтож байж дархлаа үүснэ. Вакциныг цацруулж болохгүй. Тарилга хийж байхдаа вакцинаа цацруулбал тэр орчинд амьд вакцин тарна. Вакцины сувилагч Бадамханд эгчийгээ дагаж их юм заалгасан. Одоо бол сувилагчийг вакцинатор мэргэжлээр мэргэшүүлсний дараа л вакцин хийлгэдэг. Амьд вакцинтай ажиллах нь эрсдэл өндөртэй. Алдаа гаргаж хэрхэвч болохгүй. Бидэнд сүрьеэгийн сорил тавихад хэмжээс нь өндөр гардаг. Аргагүй шүү дээ. Сүрьеэ, халдвартын тасгийнхан өндөр эрсдэл дунд ажилладаг хүмүүс.
-Сувилагч хүн өвчтөнтэй хамгийн ойр байдаг. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалж баярлаж, гуних тохиолдол олон.Залуухан сувилагчид сэтгэл зүйн шоконд орох үе байсан л байх?
-Энэ хорвоогоос хүн явахыг харах хамгийн хэцүү ш дээ. Жирийн иргэд бодохыг ч хүсдэггүй тэр зүйлтэй эмнэлгийн ажилчид л нүүр тулна. Санаанаас гардаггүй үйл явдал бий. Ажилд ороод удаагүй байсан юм. Өдөр нь биеийн байдал нь ямар ч асуудалгүй орж гараад, ярьж хөөрөөд явж байсан өвчтөн гэнэт амьсгал нь давхцаад амьсгалын дутагдалд орсон. Уушги нь өвчилсөн хүн амьсгалын дутагдалд амархан орно л доо. Амьсгалын дутагдалд орсон хүний ам нь ангалзаж байгаад бурхан болдог. Нүд халтирмаар ш дээ. Хүн хэзээ ч хүнээ алдахыг хүсэхгүй. Тэгээд ч ойлгохгүй. Эмнэлгийн ажилчид руу л дайрна. Эцсийн бүлэгт ээлжийн сувилагч, асрагч хоёр л үхэтлээ хараалгуулаад үлддэг. Дээрх өвчтөний ар гэрийн дарамт бүтэн долоо хоног үргэлжилсэн. Нөгөө өвчтөний амьсгал хурааж байгаа нь нүдэнд харагдаад би гэнэтийн цочролоосоо гарч чадахгүй, шөнө нойргүйддэг байлаа. Тэгээд сэтгэлээр унаад ажлаасаа гарах өргөдлөө өгөөд гэртээ суучихсан. Ер нь би сувилагч хийх сэтгэлзүйн бэлтгэлгүй юм байна гэж өөртөө дүгнэлт хийгээд наймаачин боллоо. Нэг сар наймаа хийсэн чинь миний хийж чаддаг ажил биш байна аа. Аав намайг уруу татаад ажилд орууллаа. Манай аав “Адуун чулуун”-ы уурхайд маркшейдэр хийдэг хүн байсан. Аавынхаа туслахаар калькан цаасан дээр уурхайн нүүрс олборлох газрын зураг зурдаг ажил хийсэн. Тэгсэн нь нэг өдөр ээж “ Мэргэжил эзэмшсэн юм бол тэрнийхээ төлөө явахгүй юу хийгээд байгаа юм. Чи хүүхэд битгий уруу татаад бай” гээд аав бид хоёрыг загнасан. Тасгийн эрхлэгч Х.Оюунбилэг эмч ч буцаад ажилдаа ор гэж дуудаад эргээд Сүрьеэгийн цагаан байшиндаа ирсэн дээ.
-Сувилагчийн ажлын сайхан нь?
-Яана даа, гэж бодсон хүн эмчилгээний явцад бие нь тэнхрээд нэг л өдөр инээгээд босоод ирэх нь хамгийн сайхан мэдрэмж. Эмнэлгийн ажилчид бид өглөө, орой ажлаас буугаад явахдаа ардаа байнгын санаа зовоостой. Өглөөний ажил өвчтөнүүд маань яаж хонов гэдэг асуултаар эхэлдэг. Одоо бол ажлын таагүй байдлыг гэртээ авч очихоо больсон. Нэг өдөр ажлаасаа тарж гэртээ очоод ээжийнхээ тариаг хийлээ. Тэгсэн нь ээж “Чи өнөөдөр намайг жоохон өвтгөөд тарьчихлаа, Өчигдөр их аятайхан зөөлөн тарьсан даа” гэж байна. Бодсон чинь тухайн өдрийн ажлаас үүдэлтэй сөрөг зүйлийг гэртээ авч очдог байсан юм билээ. Өөрөө тэрийгээ анзаардаггүй байж. Ээжээсээ тийм үг сонсож байж мэдсэн, ойлгосон. Өөрийнхөө амьдралын туршлагаас үндэслээд “Ажил дээр болсон асуудлыг ажил дээрээ л үлдээ, гэртээ болсон таагүй зүйлээ гэртээ үлдээ” гэж сувилагч нартаа захидаг болсон.Тэгээд л энэ мэргэжилдээ эзэн болохоор эргэлт буцалтгүй зүтгэх болсон доо.
-Сувилагч нар ихэнхдээ эмэгтэйчүүд байдаг. Манай БОЭТ-ийн сувилагч нарын дундаж нас хэд вэ?
-Тийм шүү манай эмнэлгийн сувилагчид бүгд эмэгтэй. Сувилагч гэдэг хүнийг асрах эмэгтэй хүний байгалиас заяасан шинж чанартай холбоотой мэргэжил л дээ. Сувилагчийн дундаж нас залуужсан. 1997 онд Ерөнхий сувилагчийн ажлыг авч байхад манай сувилагч нар ахимаг насныхан байсан. Одоо бол залуужсан, би л гэхэд эмнэлгийнхээ ажиллагсдын ахмадын тоонд орно. Манай эмнэлгийн хүний нөөцийн 60-70 хувь нь 20-35 хүртэлх насныхан. Ц.Ганбат эмч дарга байхдаа нэг үеийн залуу эмч нарыг ажилд авчхаад “энэ жирэмсэн биш биз” гээд асуудаг байж билээ. Тэр үед нь би Ц.Ганбат дарга ямар хэцүү юм бэ жирэмсэн үү л гээд жаахан мярайлаг харагдсан хүн бүхнээс асуух юм. Хүний эрхийн асуудал гэж эмзэглэдэг байсан. Хүний нөөцийн асуудал хэцүү. Удирдагч хүн эмч, мэргэжилтнүүдээ тогтвор суурьшилтай ажиллаасай л гэж хүснэ. Хүнийг хэлэлтгүй одоо би Ц.Ганбат эмчийн араас орсон. /инээв/
-Сувилагчийг бид эмчийн туслах гэж боддог. Гэтэл сувилахуйн ухаан гэж бие даасан ойлголт байна, тийм үү?
-Сувилагчийг эм, тариа өгч, эмчийн хэлснийг л хийдэг хүн гэж ойлгодог байсан үе бий. Тухайн үед манай эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Должинсүрэн дарга намайг анх Ерөнхий сувилагчаар ажиллахыг санал болгоход зарим нэг нь хүний зараал хийж яах гэсэн юм гэж байлаа. Ерөнхий сувилагч гэж эмнэлгийн удирдлага, эмч нарт зарагддаг хүн байж л дээ. Тэр үед яагаад бид өөрийн ажил үүргээ хүнээр заалгах ёстой юм. Зөвхөн хэн нэгний хэлснээр хөдлөх биш өөрийн гэсэн ажлын төлөвлөгөө, хөтөлбөртэй байж болно шүү дээ гэж бодож ажлаа эхлүүлж байсан. Энэ бодлыг минь нотлох шиг 1999 онд ЭМЯ-аас Монгол улсын эмнэлгүүдийн Ерөнхий сувилагч нарын сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж би оролцсон юм. Миний ажлаа аваад өөрчлөхийг хүсч байсан зүйлийг энэ сургалтаар ярьсан нь яг л цаг үеэ олж байлаа. Одоо тэр цаг үе өөрчлөгдсөн. ЭМЯ –наас Сувилахуйн тусламж үйлчилгээний стратегийн зорилт, төлөвлөлтийг 2012-2016, 2018-2021 онд хэрэгжихээр тодорхойлж хоёрдугаар үе шатны төлөвлөгөө дуусах шатандаа явж байна. Улсын том эмнэлгүүд сувилахуйн тусламж үйлчилгээний менежментийн шинэчлэлүүдийг хийгээд эхэлсэн. Бид ч гэсэн энэ чиглэл рүү орохоор тэмүүлж байна. Би 2003 онд ЭМШУС-д Сувилахуйн ухаанаар бакалаврын боловсрол эзэмшсэн юм. Намайг сурч байх үед Монголын сувилагчийн нийгэмлэг нь Японы сувилагчийн нийгэмлэгтэй эгч дүүсийн хамтын ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд Япон улсын Токио хотод туршлага судлах боломж олдсон. Бараг л манай улсаас анх удаа эмнэлгийн чиглэлээр хөдөө орон нутгийн сувилагч гадаадад туршлага судлах болсон нь би байх. Японы эмнэлгүүдтэй танилцаж явахдаа сувилагч бол эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагааны нэг хэсэг юм гэдгийг нүдээрээ харсан. Эмнэлгийн амин сүнсийг нэгдүгээрт, ариутгалын тасаг, хоёрдугаарт сувилагч гэж би боддог. Яагаад гэхээр 24 цагийн туршид эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагааг сувилагч авч явдаг. Тиймээс аливаа эмнэлэг нь сувилагчийн үйл ажиллагааг маш сайн дэмжих хэрэгтэй гэж боддог. 2012 онд Япон улсад 2 дахь удаагаа сурах боломж олдож ЖАЙКА Олон улсын байгууллагын шугамаар Сувилахуйн менежментийн сургалтад хамрагдсан. Манай улсын одоогийн Сувилахуйн хөгжил Япон улсынхаас 60-70 жилээр хоцорч байгаа талаар харж, сонсож ирсэн. Сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг маань сувилагч бүхэн өөрийн үйл ажиллагаагаа судалгаанд суурилж явуулна гэсэн үг. Нотлондсон судалгааны үр дүнг үндэслэж асаргаа сувилгааг хөгжүүлэх нь чухал юм гэдгийг ойлгосон. Тиймдээ ч 1999 оноос Олон улсын сувилагчдын өдрөөр сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээнй хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ хуралд тавигдсан илтгэлийг хураангуйлан хэвлэж бүтээл болгох, сувилагчдынхаа хийсэн судалгааны ажлыг улс, аймаг, Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцуулах, судалгааны үр дүнгээ ажилдаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Сувилахуй бол бие даасан судлах судлагдахуунтай шинжлэх ухаан. Энэ утгаараа олон улсад хөгжиж ирсэн. Манай улс энэ судлагдахууныг шинэ шатанд хүргэхийн төлөө суралцсаар байна. Би АШУҮИС-д Сувилахуйн магистрт суралцаж байна. Удахгүй судалгааны ажлаа дуусгаж төгсөнө.
-Манай БОЭТ-ийн Сувилахуйн албаны онцлог юу вэ? Манай сувилагч нар улсдаа хаахна үнэлэгддэг вэ?
-2001 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дорнод, Өвөрхангай, Ховд аймгийн эмнэлгүүд БОЭТ-тэй болсон. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлээрээ бид бусад аймгаас ялгарсан. Эмнэлэгт шинэ тоног төхөөрөмж суурилагдахын хэрээр сувилагчдын мэдлэг чадвар нэмэгдэж сайширдаг. Энэ утгаараа бусад орон нутгийн эмнэлгүүд бидний туршлагыг онцолдог. Цэрэнчимэдийн Ганбат эмчийг БОЭТ-ийн дарга байх хугацаанд манай эмнэлэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж өнгө төрх, үйл ажиллагаандаа шат ахиулсан. Энэ нь бусад аймгуудтай харьцуулахад бидний давуу тал болсон. Манай аймаг хамгийн анх 2003 онд сувилахуйн чиглэлээр Англи улсаас нүдний сувилагчийг хоёр жилийн хугацаатай урьж авчран хамтарч ажилласан. Мөн эмнэлгийн менежментийг сайжруулахаар Голландын иргэн Маартентай хамтарч ажилласнаар бид цаг товлох үйлчилгээг анх нэвтрүүлж байлаа. БОЭТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн маань хийсэн бүтээсэн ажил улсдаа дээгүүр үнэлэгддэг. Энэ нь үе үеийн дарга удирдлагуудын дэмжлэг туслалцаа их байсантай холбоотой. Англи сувилагч Мишель Поттер маань ажлаа дуусаад явахдаа “Ариунаа гэдэг сувилагчийн хийхийг хүсэж байгаа зүйл одооны цаг үеэс урагшилж ирээдүй рүү алхсан хүсэл эрмэлзэл юм. Тиймээс энэ хүний ажлыг цаашид дэмжиж ажллахыг та бүхнээс хүсэж байна” гэж билээ. Эмнэлгийн менежментийг өөрчлөхөд сувилагчийн үүрэг асар их. Эмнэлэг дотор өвчтөний эмчилгээ, асаргаа сувилгааны үйл ажиллагааны зохион байгуулалтыг сувилагч зохицуулдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сувилагч эмнэлэгт ямар чухал үүрэгтэй нь улам мэдрэгдсээр байна.Миний хийхийг хүсч буй зүйл бол сувилагчийн ур чадварыг сайжруулах сургалтын цогц өрөөтэй болохоос эхлээд сувилахуйн тусламж үйлчилгээн дэх асаргаа сувилгааны технологийн шинэчлэл юм. Ажлын зорилго зорилтынхоо төлөвлөгөөг гаргаж байгууллагадаа танилцуулсан. Бидний энэ мөрөөдлийн жагсаалтыг эмнэлгийн захирал Д.Должин дэмжиж саналыг маань аймгийн удирдлагуудад танилцуулсан. Аймгийн Засаг даргын дэмжлэгээр тун удахгүй мөрөөдөл минь биелэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Мэргэжлийнхээ талаар илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Б.Одмаа