Манай улс Ардчилсан нийгэмд шилжээд гучин жил боллоо. Улс төрчдөөс ардчилал ямар шатандаа хөгжиж байна гэж асуухаар дөнгөж бойжиж байна гэдэг. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын цаг үед бидэнд ардчилал, хүний эрх ямар үнэ цэнэтэй вэ?, иргэд улсынхаа Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадаж байна уу, үгүй юу? гээд олон асуудал ургасаар. Ковид-19 вирусээс болж анх удаа дэлхийн улс орнуудын Засгийн газарууд нэг асуудлаар нэгэн зэрэг өөр өөр шийдвэрүүд гаргаж байгаа гэнэ. Улс орнуудын энэ шийдвэрүүд дундаас манай улсын Засгийн газар ямар чадвартайг харж болно. Тухайлбал, дэлхийн хөгжилтэй орнууд коронавирус гэдэг өвчин газар авахыг мэдсэн даруйдаа гадаадад зорчиж буй иргэдээ яаралтай татсан. Харин Монгол улс гадаадад гацсан элэг нэгтнүүдээ төдийлөн анхаараагүй, дотооддоо цар тахлыг алдчихгүйн төлөө ажилласан. Дэлхийн хэвлэлүүд дотооддоо коронавирусыг алдаагүй Монгол улсын бодлого шийдвэрийг онцолж байна гээд онгирч байлаа. Гайхалтай. Тэгтэл энэ нь нэг талдаа хүний эрхийн хамгийн мэдрэмжгүй шийдвэр байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Яг үүнтэй адил дотоодод коронавирус алдсан цагаас хөдөө орон нутгийнхан Улаанбаатар хотод хөл хорионд орж гэрлүүгээ явах хүсэлтэй иргэдийн асуудал өрнөсөн. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Дорнод аймаг хоёр дахиа Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа.
Аймгаас гарч, орж буй хөдөлгөөний хамгийн ачаалалтай цэг бол Хөлөнбуйр сумын пост. Иргэдийн амнаас Хөлөнбуйр дээр оруулахгүй байна, ачаа маань Хөлөнбуйр дээр гацчихлаа, эндээсээ буцлаа гэх олон хэл өгүүлэл сонссон учир “Дорнод” сонины редакци газар дээрээс нь сурвалжлахаар Хөлөнбуйрын постыг зорьсон юм. Үүрийн 3 цагт нэгдүгээр сарын 25 –ны 5 цагт Улаанбаатараас хөдөлсөн нийтийн тээврийн хоёр автобусны эхний ээлж Хөлөнбуйр сумын постод иржээ. Хөлөнбуйр сумын постод Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ гэсэн байгууллагуудын 14 мэргэжилтэн 24 цагаар хоёр ээлжээр ажиллаж байна. Энэ өдөр нэгдүгээр ээлжийнхэн болох Аймгийн Онцгой байдлын газрын салаан захирагч Э.Саранхүү, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Батболд, нар постон дээр, Онцгой байдлын газрын аврагч М.Бишхүү, БОЭТ-ийн их эмч С.Оюунханд, Цагдаагийн газрын зохицуулагч С.Энхтөгөлдөр, Мэргэжлийн хяналтын байцаагч нар ирсэн автобусан дээр ажиллаж байв. Тэдний хувьд халуун дулаан гэр орон, хайртай дотнын хүмүүсээсээ хол байж үүргээ гүйцэтгэж байгаа долоо дахь өдөр. Хоёр дахь автобус үүрийн 4:20 минутад ирж бид нэг удаагийн халдвар хамгааллын хувцас өмсч БОЭТ-ийн их эмч С.Оюунханд, эрүүл мэндийн газрын мэргэжилтний хамт автобусанд орлоо. Автобусны жолооч, ээлжийн жолоочийг, нөгөө талын эгнээний эхний хоёр хүнийг гялгар уутаар тусгаарлажээ. Коронавирусын голомттой бүсээс ирж байгаа хүмүүстэй ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах учиртай.
Автобусанд явж буй бүх хүн амны хаалтаа зүүжээ. Энэ автобусанд 42 хүн суусан байв. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хүмүүсээр асуумж бөглүүлж, БОЭТ-ийн их эмч С.Оюунханд нэрсийг тулгалаа. Мөн 12 дугаар сарын 24-ний PCR-ын шинжилгээний хариутай иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авна гэдгийг хэлж 7 хүн өгөхөөр болов. Биднийг автобуснаас буусны дараа зорчигчдын ачааг буулгаж ариутгал хийлээ. Ариутгалынхан нэг удаагийн халдвар хамгааллын хальсан хувцастай гадаа ажиллана. Онцгой байдлын газрын аврагч М.Бишхүү хяналтын байрны гадаа зогсоно. Хасах 30 хэмийн хүйтэнд бас л чанга юм билээ. Нэг автобусанд бүртгэл , ариутгал, түргэвчилсэн шинжилгээ хийхэд яг нэг цаг зарцуулагдав. Түргэвчилсэн шинжилгээ өгч буй иргэн толгойгоороо арагш гэдийж хамар луу нь уртавтар зүйл шургуулж арчдас авна. Тус арчдасыг кодлон хавтгай нэг удаагийн тестенд түрхэнэ.
Түргэвчилсэн шинжилгээний хариу 15 минутын дараа гарах ба эерэг бол хоёр зураас сөрөг бол нэг зураас. Эхний автобусанд нэгдүгээр сарын 24-ний PCR шинжилгээний хариутай 21 хүн байснаас гурав нь 0-10 насны хүүхэд байсан учир түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авалгүй 18 хүнээс шинжилгээ авч хариу нь сөрөг гарсан. Ийнхүү хоёр автобусны 25 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг хариу гарч хоёр автобус Чойбалсан хотруу хөдөллөө. Улаанбаатар хот Коронавирусын голомттой бүс. Өвчний голомттой бүсээс ирж буй бүх хүн эрсдэлтэй. Тиймээс манай аймаг эрсдэлтэй гээд иргэдээ хаялгүй гэртээ ирэх боломжоор нь хангаж, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гарган ажиллаж байна. Ингэхдээ орон нутгийн удирдлагууд эрсдэлийн нөхцөлийг тодорхойлж Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ямар хугацаагаар, яаж тусгаарлалтад байлгах тухай журам боловсруулсан. Улаанбаатар хотоос ирж буй иргэдийн гэр, тусгаарлалтад байх хаягийг нарийвчлан авч, хүн тус бүрийг харгалзах төрийн албан хаагчдыг томилж, тэдэнд хяналт тавих ажлыг үе шаттай зохион байгуулжээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсийн дарга нар Хэрлэн сумын 11 багийг хуваарилан авч тус багт Улаанбаатараас ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад дүрэм журмын дагуу байгаа эсэхийг тогтмол хянаж байна. Энэ мэт Дорнод аймаг халдварт өвчнийг аймагтаа оруулж ирэхгүйн төлөө цаг наргүй ажилласаар. Автобус явсны дараа хяналтын байранд ажилласан хүмүүс нэг удаагийн халдвар хамгааллын хувцсаа дүрмийн дагуу тайлж хогийн саванд хийн тус байранд ариутгал хийгдэв. Үүгээр тэдний ажил дууссангүй. Зам дээрх постод очин үргэлжлүүлэн ажиллалаа. Шөнийн цагаар хот хоорондын зорчих хөдөлгөөн ихэсдэг. Учир нь өглөө Улаанбаатараас гарсан тээврийн хэрэгсэл орой нь аймаг руу орж ирдэг байна.
Улаанбаатар хотоос манай аймаг руу ирэх гэж байгаа хүн, тээврийн хэрэгсэл аймгийн шуурхай штабтай холбогдож хүсэлт гаргах ба автомашины дугаар хүнийхээ тоог тодорхой бүртгүүлнэ. Мөн тус автомашинд явах иргэд PCR-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Гэтэл иргэд аймгийн шуурхай штабт хүсэлт гаргаагүй, PCR-ын шинжилгээгүй хэр нь шууд давхиад ирдэг. Ирэхээр нь пост дээр ажиллаж буй албан хаагчид дүрэм журмын дагуу бичиг баримт шаардахаар бухимддаг. Тэднийг хараадаг. Тухайлбал, өглөөний таван цагт EF супер маркетын хүнсний бараа ачсан машин Хөлөнбуйрын постод ирлээ. Тус машины жолоочид асуумж өгч та машиндаа очоод бөглөнө үү. Бид таны аймаг руу орох хүсэлт, PCR-ын шинжилгээг шалгаж үзээд дуудна гэхэд нөгөө жолооч “хүнд сурталтай юмнууд Улаанбаатараас гараад өчнөөн пост зүгээр дамжаад ирсэн байхад юуг нь шалгадаг юм” гээд ажлаа хийж буй албан хаагчдыг зүхэж эхлэв. Эрүүл мэндийн яамнаас гаргасан иргэдийн регистрийн дугаарыг нь оруулахад хаана, хэдийд PCR-ын шинжилгээ өгсөн ямар хариу гарсан нь харагдах программ байдаг юм байна. Мөн аймгийн Шуурхай штабт хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхээр хүсэлт гаргаж зөвшөөрлөө авсан автомашины дугаар хүний тоо жагсаалтаараа Хөлөнбуйр сумын постод бий. Постод ажиллаж буй албан хаагчид жолоочийн QR код уншуулж хүнсний зүйл тээвэрлэж байгааг, эргээд мах махан бүтээгдэхүүн ачиж явахыг олж мэдэв. Тус жолоочийн регистрийг оруулахад PCR-ын шинжилгээний хариу гараагүй байна гэв. Постын албан хаагчид таны шинжилгээний хариу гараагүй байна хүлээж бай гэвэл, гаралгүй яадаг юм надад шинжилгээний минь хариу цаасаараа байна гээд уурлана. Та хэдэнд шинжилгээ өгсөн юм гээд тодруулахад жолооч өөр хүний бичиг баримтыг постын албан хаагчдад өгсөн байв. Ийнхүү ах нь андуурсан байна, уучлаарай гээд өөрийнхөө бичиг баримтыг өгч PCR-ын шинжилгээний хариу, хүнс тээвэрлэж буй нотлох бичиг баримтаа шалгуулан Чойбалсан хот руу орох зөвшөөрлөө авлаа. Дорнод аймаг руу орж буй хүн бүрийг хэзээ буцаж явахыг асууж, хэрэв 24 цагийн дотор эргээд гарахгүй бол 7 хоног өөрийгөө гэрийн тусгаарлалтад байлгаарай гэдэг зааварчилгааг өгч байв.
Онцгой энэ нөхцөл байдалд суурин газраас хөдөлгөөн хийж буй хэн ч өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалах үүднээс хамгийн наад зах нь биеийн байцаалт, цаашилбал хаашаа ямар зорилгоор явж буйг тодорхойлох албан ёсны бичиг баримт, PCR-ын шинжилгээний хариуг заавал авч явах хэрэгтэй. Үүрийн 05:30 минутад Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Норовлин сум орж буй машин ирлээ. Бид танай Хөлөнбуйр сумын гүүрээр гараад л хойшоо явчихна. Баян-Овоо сумаас хойшоо зам салаад явъя гэхээр шөнө төөрчих болов уу гэж бодоод хүрээд ирлээ гэнэ.
-Та манай аймгийн Шуурхай штабт хүсэлт гаргасан уу?
-Үгүй.
-Манай аймаг руу орохын тулд Шуурхай штабт хүсэлт гаргасан байх ёстой. Норовлин сум руу ямар ажлаар явж байгаа юм?
-Манай ахынх Норовлин сумын малчин, би эхнэр, гурван хүүхдийг нь авч явна.
-Тэнд удах уу?
-Өвөлжинө
-Таныг болон танай ахынхыг Норовлин сумын малчин гэж нотлох зүйл байна уу?
-Байхгүй.
-Бид Норовлин сумын шуурхай штаб руу утасдаж тодруулна. Машиндаа ороод түр хүлээж байгаарай
-Бид Өвөрхангай аймгийн харьяат. Хэнтий аймгийн Норовлин суманд оторлож байгаа болохоор тэр суманд биднийг бараг танихгүй дээ гэсэн яриа өрнөлөө.
Норовлин сумын шуурхай штаб утсаа авахгүй байсан тул постын албан хаагчид сумын Засаг дарга гэсэн дугаар олж залгасан боловч хуучин Засаг даргынх нь утасны дугаар байлаа. Ингээд тус иргэд өглөө ажил эхлэхийг хүлээхээс аргагүйд хүрэв. Энэ шөнө Номин компанийн болон Халхгол сумын хүнсний бараа бүтээгдэхүүн ачсан автомашинууд бичиг баримтаа шалгуулан асуумж бөглөж зөрчилгүй байсан тул аймгийн төв рүү нэвтрэв. Харин МСҮТ-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр явж буй машин, “Шинь шинь” ХХК-ийн шохой ачсан том машин, Хэнтий аймгаас эрүүл мэндийн 13а маягттай яваа дөрвөн хүнтэй ирсэн машин аймаг руу орох хүсэлт гаргаагүй тул постон дээр хонолоо. Хэнтий аймгаас ирсэн гэх дөрвөн хүний нэг нь зүрхний архаг дутагдалтай, 13а маягттай байсан ба PCR-ын шинжилгээгүй, аймаг руу орох хүсэлт гаргаагүй, Хэнтий аймгаас өндөр үнэтэй автомашин хөлслөн Хөлөнбуйр сумын пост дээр иржээ. Хөлсөлж ирсэн машин нь тус дөрвөн хүнийг буулгаад шууд буцахад нь постын албан хаагчид араас нэхэн машиныг нь буцааж авчирсан байна. Эрүүл мэндийн 13а маягттай өндөр настай хүн яваа учир ээлжинд гарч буй БОЭТ-ийн эмч биеийн байдлыг нь асуухад өндөр настан миний биеийн байдал муу байна, хурдан аймаг орох хэрэгтэй, би бөө хүн шүү гэх мэтээр авирлажээ. Үүргээ гүйцэтгэж буй албан хаагчид аймгийн шуурхай штабаас зааварчилга авч өвчтэй хүнийг нь Хөлөнбуйр сумын эмнэлэгт хүргүүлэн хамт яваа гурван хүн нь өвчтэй хүнтэйгээ сумын эмнэлэгт хонов.
Энэ цаг үе бол жирийн тайван цаг үе биш. Агаар дуслын замаар халддаг дэлхийд сүүлийн хэдэн арван жил тохиолдож байгаагүй аюулт өвчин нүүрлэсэн мөч. Улс орон иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд асар их хөрөнгө зарцуулж тусгай чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагын албан хаагчид 24 цагаар ажиллаж байна. Гэтэл хувь иргэдийн хариуцлага дэндүү сул байгаа нь Хөлөнбуйрын постод ажилласан 8 цагийн турш харагдлаа. Иргэд өөрийг нь хаанаас хаа хүрч явааг илтгэх ямар ч бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй хэр нь зовлон яриад дайрдаг. Тэгээд “ийм ч өвчтэй, тийм ч гачигдалтай зовж зүдэрч явахад төрийн албан хаагчид ажлаа хийхгүй байна. Постын байрандаа зүгээр суусан хүмүүс. Аймгийн Шуурхай штаб нь хуралдаж шийдвэр гаргана гээд ажлаа хийхгүй алга болчихдог, цаг тутамд шийдвэрээ өөрчлөөд оруулна оруулахгүй гээд маягладаг” гэж ирээд санаан зоргоороо ярьж аашлах. Гэтэл аймгийн Шуурхай штаб 24 цагаар хуралдана гэж юу байх вэ дээ. Тэд ч гэмээнэ ардаа амьдралтай хүмүүс. Онц ноцтой асуудал үүсчхээгүй л бол тус тусын мэргэжлийн зааврыг албан хаагчиддаа цаг тухайд нь өгч ажлын цагаар хуралдаж шийдвэрээ гаргана. Гаргасан шийдвэрээ постон дээр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид руу шууд мэдээлнэ. Постон дотор байгаа албан хаагчид хүсэлтээ илгээсэн, PCR-ын шинжилгээгээ өгснийг нь хурдан шалгаж, зөвшөөрөлгүй, шинжилгээний хариугүй хүмүүсийн асуудлыг шийдэх гэж аймгийн Шуурхай штабт мэдээлж өөр аймаг сум бол холбоо тогтоох, түргэвчилсэн шинжилгээ авах бол эмнэлгийн баг, ачаатай бол ариутгалын багийг дуудах гээд хором ч зүгээр суухгүй ажиллана. Хэн ч зам дагуу олон автомашин цувуулаад хараад суухыг хүсэхгүй. Аль болох асуудлыг нь шийдээд оруулж гаргаад явуулахыг бодно. Бид нэг л тохиолдол аймагтаа алдвал энэ нэг замын постон дээр асуумж бөглөх, шинжилгээгээ сүлжээгээр шалгуулах, ачаагаа ариутгуулах 5, 10 минут хүлээх юу ч биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Төрийг төлөөлөөд сууж буй тэр албан хаагчид зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Тэд ч гэсэн тайван цаг ирэхийг тэсэн ядан хүлээж буй хүмүүсийн л нэг шүү дээ.
Өглөөний 8:00 цагт постын ээлж солигдлоо. Хоёрдугаар ээлж болох Аймгийн Онцгой байдлын газрын ангийн захирагч Т.Баатархүү, Онцгой байдлын аврагч Э.Анхбаяр, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Эрдэнэцэцэг, Цагдаагийн газрын Хэв журмын цагдаа Б.Дөлгөөн, Мэргэжлийн хяналтын байцаагч Т.Мягмарсүрэн, БОЭТ-ын их эмч Б.Амгаланбаатар нар ажиллахаар ирлээ. Нэгдүгээр ээлжийн албан хаагчид 24 цагийн мэдээ, зам дээр дугаарлан зогсох автомашинуудыг танилцуулан амрах байрруугаа явлаа. Нэгдүгээр сарын 25-ны 8:00 цагаас 26-ны 8:00 цаг хүртэл нийт 38 тээврийн хэрэгсэл, 146 хүн аймаг руу нэвтэрснээс 34 хүнээс түргэн оношлуураар шинжилгээ авч сөрөг хариу гарсан ба 149 зөвлөмж тараажээ. Мөн Улаанбаатар хот руу 32 тээврийн хэрэгсэл, 69 хүн гарсан дүн мэдээг өглөө. Ажил хүлээлцэхээс өмнө Хэнтий аймгийн Норовлин сумын шуурхай штабтай холбогдож тус сумын малчдыг явуулахаар болов.
Сурвалжлагч би нэгдүгээр ээлжийнхэнтэй сургуулийн дотуур байрны гал тогоонд өглөөний цай ууж буцаад постон дээрээ ирлээ. Ажил ид өрнөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 7 хоригдол ачсан машин аймгаас гарах гээд хянуулж зогсоно. Степголд компанийн ажилчид ээлжээсээ буугаад Улаанбаатар явах гээд автобустай иржээ. Хэнтий аймгийн хорих анги руу хүн эргэхээр иргэд явж байна. Аймгийн шуурхай штаб хуралдаж МСҮТ-д тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх машин, Шинь шинь компанийн шохой ачсан машиныг оруулахаар боллоо. Энэ мэт постын албан хаагчид баруун солгойгүй утсаар ярьж заавар авч, зөвлөмж тараан, асуумж бөглүүлж өргөөшөө хоёр алхам уртаашаа дөрвөн алхам вагончикон дотроо ажилласаар. Гадаа зам дээр цагдаа, онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү бидний Хөлөнбуйрын пост дээр ажилласан цаг хугацаа дуусч аймгийн зүг эргэлээ.
Ер нь бол УОК, АОК халдварт өвчний үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиулах, хөл хөдөлгөөнийг яаж зохицуулж өвчнөөс хэрхэн сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах ёстой. Харин эрх баригчид энэ онцгой үед ажиллах дүрэм журмыг боловсруулж иргэд болон эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж буй төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын албан хаагчдыг заавар зөвлөмжөөр хангах ёстой юм билээ. Тухайлбал, дэлхийн хөгжилтэй улс орнууд хяналтын пост дээр өвчтэй хүн ирвэл яах вэ?, дөнгөж төрсөн хүн коронавирустэй байвал яах вэ? гэдэг асуултад хариулсан зөвлөмжийг боловсруулаад тухайн халуун цэг дээр ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдын халаасанд бэлэн хийж өгдөг аж. Энэ нь өөрөө хүний эрхийг дээдлэсэн мэдрэмжтэй шийдвэр. Харин Манай улс 10 сарын турш коронавирусыг дотооддоо алдаагүй барьсан гэж онгирохдоо энэ мэт мэргэжил аргазүйгээр албан хаагчдаа хангасан зөвлөмж гаргаагүйгээс “22”-ын товчооны гадна талд хүний амь эрсэдсэн, эх нярайг хүнлэг бусаар зөөвөрлөсөн гэх асуудлууд үүслээ. Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид асуудал тулгарахад шийдэх заавар зөвлөмжгүй бол иргэд бухимдах нь ойлгомжтой. Аймгийн шуурхай штаб Хөлөнбуйрын постод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай минут тутамд холбогдож заавар зөвлөмж өгч байна. Мэдээлэл солилцож байна гэдэг өөрөө ажил зөв явагдаж байгаа шинж гэж харж байв.
Б.Одмаа