ТАРГИЙН ТАВАН ҮНЭЭТЭЙ Л ХӨДӨӨ ГАРЧ БАЙЛАА

2021 оны 2-р сарын 14 өдөр

       Саяхан орсон цасанд тал нутаг шидийн адил гялалзан гялтганана… Төмөр хүлгийн дөрвөн дугуй ээлжгүй эргэсээр, тэртээд үзэгдэх айлын бараа алсаас тодорно. Ийн явсаар бид зорьсон газартаа ирлээ. Засаг захиргааны хэлээр бол Баянтүмэн сумын Жаргалант багийн Шандын ам. Энэ сайхан нутагт Аймгийн сайн малчин Хүрэлбаатарын Отгонбаатарынх өвөлжиж буй.
Хоёр гэрээрээ байх агаад баруун талын гэрээс цэцгэн хээтэй ягаан торгон цамц өмссөн тунгалаг царайтай бүсгүй нүүр дүүрэн инээмсэглэсээр гарч ирэн биднийг тосч авлаа. Энэ бол Отгонбаатарын бага охин Отгонцэцэг. Мэнд усаа мэдэлцэн гэрт орох зуур хотны эрх банхар сүүлээ шаравгануулан хойгуур урдуур хэрэн гүйж эрхлэнэ. Өглөө эртийн жихүүн жавар хүзүү, хоолой руу шургалана. Төв суурин газрын бидэнд хээрийн салхи “барьсан дарцаг” л гэсэн үг.
Монгол гэрийн доторхийг нар зөв тойруулан ажиж суулаа. Хаалганы баруухан талд хазаар, ногтоо  өлгөж чанх баруунаа байх орыг орос одъяалаар нямбай бүтээжээ. Баруун хойд хэсэгт гүнгэрваатай бурханаа залж баринтагтай судруудыг томоос жижиг рүү нь тэвхийтэл тавьж, одоо бол ховрын эд болсон хуучны гуулин цөгцнүүд өрөөтэй харагдана. Хоймрын орон дээр налайн суух хижээл насны энэ хүн бол бидний зорин золгож буй Аймгийн тэргүүний, Мянгат малчин Отгонбаатар юм. Гэргий Баясгалан аагтай шаргал цай аягалж боов боорцог, шинэхэн өрөм, тавгийн чихэр ширээн дээр дэлгэлээ. Нүүрэндээ зөөлөн мишээл тодруулж хааяахан ганц нэг үг хэлэх нь монгол эмэгтэйн даруу зан гэлтэй. Цай уух зуур гэрийн эзэнтэй хөөрөлдөж мал хуй, өвөлжилтийн байдлыг  асуухад “Сүүлийн жилүүдэд зун, өвөл богино болж бороо, цас орох нь ховор болоод байх шиг. Ялангуяа үхэр хамгийн усархуу амьтан шүү дээ, малын амны цастай л бол болж байна даа. Харын зудыг л үзэхгүй юм сан. Манайх нутагшсан мал болохоор малын тарга хүч онд сайхан орлоо” гэж байв. Түүний мал маллах арга ухаан уламжлалт шинжээ хадгалсан хэвээр. Учир нь саравч, пүнз гэхээс илүүтэй бэлчээрээр голдуу маллана. Энэ нь саравчинд байдаг малыг бодоход илүү өлчир төдийгүй уруудах нь ховор байдаг гэнэ. Биднийг ийн хуучилж суухад түүний ганц хүү болох Оюунбаатар адуун дээрээс ирэв. Хөдөөний хүрэн бор царайтай том эр гаднаас орж ирэхэд гэр дүүрчих шиг. Оюунбаатар хоёр ч их сургуулийг дүүргэж,  одоо хувийн компанид барилгын инженерээр ажилладаг юм байна. Барилгын ажил улирлын чанартай болохоор өвөлдөө аав, ээж дээрээ ирж тусалж адуу малаа харна. Тэрээр өрх тусгаарлаж гал голомтоо бадраажээ. Төвд ажил, амьдралтай хэр нь зав гарвал хөдөөг зорьдог нь  эцэг эхийн хүмүүжил, малд элэгтэйн шинжийг илтгэнэ.
        Гэрийн баруун талаар эрээн авдар, бас бус зүйл байх агаад зүүн урдах эрэгнэг дээр хөнгөн цагаан сав суулга, ханын толгойд нэлээд хуучны зэс шанага хавчуулаатай байсан нь   гурван үе дамжиж ирсэн ховор нандин эд аж. Гэрийн эзэгтэйн нямбай чамбай зан юухнаас ч анзаарагдана. Эмээгээс нь үе дамжиж ирсэн луу сийлээтэй хос мөнгөн аяга, гучаад жил эдэлж буй халуун сав зэргээс харж болно. Ийн ойр зуурын яриа дэлгэж суутал хоол ч боллоо. Гэр дүүрэн амтат буузны үнэр ханхийнэ. Аваргын эхнэр Баясгалангийн гарын бууз ёстой л дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй гэдэг шиг л. Тэрээр “элдэв амтлагч хийхгүй ээ, сонгино, сармисаар л амтлачихдаг юм” гэж байлаа. Энэ зуур оодон ногоон  дээлтэй тогдгор шар хүү аягандаа хэдэн бууз хийж аваад авдрынхаа өмнө завилан суув. Отгонбаатарын  “амины” ганц зээ нь гэнэ. Хичээл амарчихсан болохоор ээжтэйгээ эмээ өвөө дээрээ иржээ. Гэргий Баясгалан эгч “миний хүү боов чихэр тоохгүй ээ, ааруул ээзгий л эргүүлнэ” гэхдээ толгойг нь илж өхөөрдөнө.  Өвөө нь “Манай энэ дэлдэн шар л мал дагах ганц хүн дээ” гэхэд хүү толгой дохин суулаа. Гэр доторх бүх хүний анхаарал түүн рүү чиглэхэд ичингүйрсэн хүү модон морио уналаа гээд гарч одов. Бид ч мөн адууны бэлчээр рүү явлаа.
          Үд хэрд салхины эрч буурч тогтдог атал эсрэгээрээ харин ч тачигнаж байхчив. Отгонбаатар хот хүрээ явахдаа ганган саарал машинаа унана. Хоёр машинд  бид хуваагдаж суугаад шагайгаар татам цасан дээгүүр хөнгөн чимээлж адууны захад ирлээ. Өндөрлөг газрыг ч  хэлэхүү дээлийн хормой хот хийсч, дэлдэн шар хүүгийн малгайн бүч дэггүйтэх шиг дэрвэнэ. Гэнэт гэрийн унинд байсан морин толгойтой модон хусуур санаанд буув. Аварга морь уядаг байж таарах нь. Цэлийсэн цагаан талдаа тогтуухан идээшлэх адуун сүргийг ажиж зогссон би түүнээс морь уядаг эсэхийг асуухад тэрээр “хэд гурван морь уяж аймаг сумандаа хурдлуулж айраг түрүү авч байсаан. Хүүхэд багачуул том болж сургууль соёлын мөр хөөснөөс хойш морь уяхаа больсон доо” гэв. Унинд хавчуулаатай байсан нарийн сийлбэртэй тэр хусуурыг хүү нь урлажээ. Оюунбаатар модоор ойр зуурын зүйл сийлнэ. Анхны бүтээл нь идээ, ууцны цар байсан тухай хуучлаад амжив. 
          1989 онд Отгонбаатар гэргийтэйгээ ханилж айл болж  таргийн таван үнээтэй Шандын амандаа нүүж ирсэн гэдэг. Мал дагавал ам тосдоно гэгчээр гурван хүүхдээ их дээд сургууль төгсгөж мэргэжилтэй болгосон байна. Хүүхдүүд нь эцэг эхийн гар харалгүй өөр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амьдралаа залгуулж явна.  Гучин жил мал маллахдаа Отгонбаатар сумын сайн малчин, Аймгийн аварга малчин, Мянгат малчин гэдэг хүндтэй цолыг хүртсэн нь түүний ажилсаг, хөдөлмөрч чанарын илрэл гэлтэй.
“Өвлийн сүүл сар гэсэндээ чанга байна шүү” гэсээр гэрт ороход халуу дүүгэж, хоол бэлэн угтлаа. Гаднаас сэгсүүргэн дээлтэй хижээл насны хоёр хүн хол ойлын сонин хачин дуулахаар Отгонбаатарынд буусан нь айл саахалтынхан болж таарав. Гэрийн эзэн “болсон идээн дээр таарлаа, морьтой явна даа хө” гэсээр яриа өднө Отгонбаатар   угийн шооч зантай нэгэн болох нь нүднээс нь илт. Тэд алдуул адууны сураг таамгаас эхлээд хол ойрын сонин хачныг ам  уралдан ярина. “Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” гэдэг  энэ дээ. Сумын нийт мал сүргийн 50 хувийг Жаргалант баг эзэлнэ.  Энэ жилийн мал тооллогоор аймагтаа гуравдугаар байрт оржээ. Малчдын ярьж буйгаар бэлчээр сайтай, сайхан нутгийн үр шим юмсанж. Магтаал, шагналыг аль болох өөрөөсөө холдуулдаг малчдын даруу араншин үг бүрээс нь цухалзана. Өвс ногоо, ус унд, уул толгодтой үнэхээрийн сайхан хангай юм. Аймгийн төвдөө ойрхон, нутаг дэвсгэр том, бэлчээр сайтай болохоор баруун аймгаас нүүдэл их ирдэг гэнэ. Ийм сайхан тавиун талд таван хошуу малаа тааваараа өсгөж амьдрахын жаргалыг ээ... Таван ханат гэртээ айлчин дүүрэн, тэд гэргийн хоол цайны амтны сайхны шагшина. Гийчдэд зориулж шүлэг хэл хэмээн  зээ хүүгээ эмээ нь шавдуулна.   Хүү “Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай...” гэсээр дуржигнатал уншиж гарлаа. Мундаг, сайн гэсэн магтаалын үгс сонссон хүүгийн царай улаа бутарч цаанаа жаргалтай харагдана. Хүүхэд байгаа газарт инээд цалгиж байдаг хойно доо. Хөөр хөгжилдөөн болж зорьсон хэргээ бүтээсэн бид буцах боллоо. Отгонбаатар түүний гэргий Баясгалан хоёр талархсан сэтгэлээ дахин дахин илэрхийлж биднийг аян замд нь үдэж өгөв. Бид ч бас Отгонбаатарынханд онд тарган тавтай орж сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөж аян замдаа орлоо.
 

Т.Энхнаран

  • Туяа
  • 358
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313