-Хоёулаа таны бага насны дурсамжаас яриагаа эхэлье. Унаж төрсөн өлгий хаана билээ?
-Би чинь говийн хүн шүү дээ. 1976 онд Дундговь аймгийн Мандалговь хотод /тэр үеийн нэрээр/ эгэл жирийн Цагдаагийн албан хаагчийн хүү болж төрсөн. Бага нас минь бусдын л жишгээр сургууль, цэцэрлэгээр хүмүүжсэн. Айлын таван хүүхдийн хоёр дахь нь. Аав минь Цагдаагийн мөрдөн байцаагч болохоор тушаалаар энд тэнд очиж ажиллана. Тэр бүрт гэр бүлээрээ дагаж явна. Бага нас минь хоёр гурван сум дамжин өнгөрч дээ. Тэр үеийн цагдаагийн хувцас, шинель ямар сайхан харагддаг байсан гээч. Аавынхаа дүрэмт хувцастай дүр төрхийг биширч том болоод яг ийм хувцас өмсдөг хүн болно доо гэж боддог байлаа. Манайх аймгийн төвд байхад хажууханд Гал командын хашаа байдаг байлаа. Тэнд гал сөнөөгчид бэлтгэл хийхийг байнга харна. Заримдаа хашаанд нь гүйж ороод цамхагт авирч гарах, савлуур, бэлтгэлийн эд хэрэглэл дээр нь тоглоно. Ах нар өхөөрдөн барьж аваад сантай усанд дүрж хашраана. Энэ мэтээр гал сөнөөгчидтэй ойр өссөн минь энэхүү албыг сонирхох сэдлийг төрүүлсэн байх гэж боддог.
-Хэдийд анх мөрөөдлийн дүрэмт хувцсаа өмсөх боломж олдсон бэ?
-Хорин настайдаа аймгийнхаа Гал командад гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж байлаа. Хорин хоёр настайдаа Цагдаагийн академийн галын техникчийн ангид орж төгсөн офицер болж ангидаа салаан захирагчаар томилогдсон. Дөрвөн жилийн дараа ажлын үзүүлэлт дажгүй байсан болоод тэр үү, Гал унтраах ангийн захирагчаар томилсон. Ингээд удирдах албан тушаалд ажиллахад өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарна. Хоёр жил ангийн захирагчаар ажиллаж байтал ОХУ-д Галын академийн инженерийн ангид суралцах хоёр хуваарь ирэхэд нь шалгалт өгч тэнцээд 2006-2009 онд Москва хотын Онц байдлын Яамны харьяа академийг Галын аюулгүй байдлын инженерээр төгссөн. Энэ мэргэжил маань барилга байгууламжийг барих зураг төслөөс нь эхлээд галын аюулгүй байдлыг төлөвлөх, аврах зам гарц, гал гарсан үед унтраах болон мэдээллэх системийг төлөвлөх гээд галын аюулгүй байдлыг хангуулах, галын аюулгүй байдлын норм стандартыг цогцоор нь мөрдүүлэх, сайжруулан боловсруулах, гал түймэр унтраах тактик, тооцоог хийх гэж ойлгож болно. Яг одоогоор манай улсад энэ мэргэжлийн 50 шахам хүн байна.
-Сургуулиа төгсөөд шууд манай аймагт ирж байсан санагдах юм?
-Тэгсэн, тэгсэн. Сургуулиа төгсөөд Дорнод аймгийн Онцгой байдлын газарт орлогчоор томилогдож ирсэн. Анх нэг ч хүн танихгүй нөхөр Чойбалсан хотод бууж байлаа шүү дээ. Манай Гантөмөр дарга сайхан хүлээж авсан. Ахмадын сувиллын газрын ойролцоо нэг гэр барьчихсан хүлээн авч байж билээ. Нөгөө “Говийн зэрэглээ” кино шиг.
/инээв/ Дорнод нутгийн найрсаг эвсэг зон олонтойгоо олон оныг үдэж төрсөн нутаг шиг ээ ээнэгшин дасч дээ. Би чинь нутгийнхаа хэдхэн сумыг л мэддэг байсан хүн шүү дээ. Учир нь манай говьд чинь аюул гамшиг, гал түймэр бага гарна. Голдуу барилга байгууламж, ахуйн гал гардаг. Тухайн үед алба маань зөвхөн гал түймрээс хамгаалах үүрэгтэй байсан болохоор тэр байх. Харин одоо бол Дорнодын бүх сумыг нэвт шувт мэдэж байна шүү дээ. Тэгэхээр төрсөн нутгаасаа илүү Дорнодтойгоо танилцсан байгаа биз.
-Тийм байна. Ажил албаны хувьд Дорнодын онцлогийг хэрхэн мэдэрсэн бэ?
-Би наймдугаар сард анх ирж байлаа. Ирээд удаагүй байхад дарга маань амралтаа аваад би орлож үлдсэн. Тэгтэл есөн сар гаруут анхны хээрийн түймэр гарч, гардан удирдсан даа. Тэгэхэд л тал, говь хоёрын онцлогийг мэдэрсэн. Анх удаа хээрийн түймэр гэдэгтэй нүүр тулахад амаргүй байсан. Аргагүй олон жилийн туршлагатай, нутаг орныхоо онцлогийг сайн мэддэг хамтран зүтгэгчид хажууд минь байсан нь надад их түшиг болсон. Ингээд залгуулаад хүндхэн сорилтууд олон гарсан даа. Нөгөө айхавтар шувууны ханиад, шүлхий, зуд турхан гээд.
-Таны ажил үүрэг бол удирдлагаар хангах гэж ойлголоо. Мэргэжлээрээ бахархаж огшиж байсан үеэ дурсаач?
-Тийм ээ. Би голдуу эндээ байж удирдлагын ерөнхий чиглэл, үүрэг даалгавар өгдөг. Аврагчдаа гаргаж явуулчихаад хүлээж суух ч бас хэцүү шүү дээ. Араас нь байнга санаа зовно. Миний хувьд Зүүн бүсийн захирагч гэдэг үүргийг давхар хүлээдэг. Энэ нь хоёр гурван аймаг дамнасан гамшиг осол гарахад ерөнхий удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй байдаг учраас ямагт өндөр хариуцлагыг шаардана. Цэргийн хүн гэдэг бол цэвэр цэмцгэр, сүр жавхлантай байх ёстой. “Цэргийн сүр жагсаалдаа” гэж үг байдаг шиг дүрэмт хувцсаа цэмбийтэл сайхан өмсөөд алхаж явах чинь бас л бахархал шүү дээ. За тэгээд бусдын тусламж хэрэгтэй газарт хамт байж амь насыг нь аврах шиг сайхан зүйл хаа байх вэ?. Өнгөрсөн онд гэхэд л Гурванзагал суманд гурван настай хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирсэн. Биднийг очиход орой болсон байсан ч яаралтай шийдвэр гаргаж нэг цагийн дотор олсон. Эрлийн бүлгээ зохион байгуулж хайж эхэлтэл уг хүүхэд маань 30*40 см орчим диаметртэй хайгуулын өрмийн нүхэнд унаад гацчихсан байсныг эрүүл саруул гаргаж авч чадсан.
-Хэцүүхэн төсөөлөгдөж байна шүү. Яаж гаргасан юм бол?
-Хүн орох аргагүй, дээрээс нь татаад авчихаж болохгүй нөхцөл байдал үүссэн л дээ. Бид зөвлөлдөөд нүхнийх нь хажууд нүх ухаж байгаад сэтлэх маягаар гаргаж авсан. Хүүхдийн биед ямар ч гэмтэл учраагүй.
-Иргэд зовлон гачигдал тохиолдоход танай албанд ханддаг. Эргээд харин талархахдаа хэр байдаг юм бол?
-Хүн бүр адилгүй л дээ. Гэхдээ ихэнхдээ талархлын үг сонсоно шүү. Яахав, зарим хүн та нарын буруугаас манай эд хөрөнгө шатлаа гэдэг ч юм уу, эсхүл та нар хугацаа алдсанаас боллоо, буруу арга хэмжээ авлаа гэх нь бий ч, тайвшраад ирэхээрээ уучлал гуйж ойлгодог нь олонхи.
-Таны амьдралын үнэ цэнэтэй зүйл юу вэ?
-Мэдээж миний гэр бүл хамгийн үнэ цэнэтэй. Анх Дорнод аймагт эхнэр, хүүтэйгээ гурвуулхнаа ирж байсан бол одоо тавуул болсон. Мөн ахлагчаас хурандаа болтлоо амь амьдралаа зориулж зүтгэж яваа ажил алба маань эрхэм юм даа. Сонирхуулахад, би дээд гурван цолоо Дорнодод авсан. Аав минь залуудаа илгээлт өвөртлөөд Дорнод аймгийн Махкомбинатад ирэх гэж байхад нь цагдаад авах урилга ирэхээр нь орсон юм билээ. Тэгээд манайхаас нэг нь Дорнодод ирж ажиллаж, амьдрах учир тавилантай байж гэж боддог юм.
-Та ер нь хэр зөөлөн хүн бэ?
-Ер нь зөөлөн талдаа. Ажил албан дээрээ бол мэдээж бусдыг удирдаж байгаа хүн хэт зөөлөн аядуу байж болохгүй. Амьдрал дээр зөөлөн байх нь нэг их буруу биш байх аа. Алба хаагчдынхаа ар гэрийнхэнд хүндэтгэлтэй ханддаг. Аливаа хүнд бэрх үүрэг даалгавар аваад явахад ар талыг нь бат найдвартай авч явдаг тэр хүмүүс бол угтаа манай алба хаагчид гэсэн үг шүү дээ. Энэ дашрамд алба хаагчдынхаа ар гэрийнхэнд талархал дэвшүүлье.
-Аав ээжийгээ баярлуулж чадсан уу?
-Эцэг эхийн ачийг хариулна гэдэг бол үр хүүхэд нь сайн сайхан явах л гэж ойлгодог шүү. Аав минь 2014 онд бурхан болсон, намайг Онцгойгийн албан хаагч болж дүрэмт хувцас өмсөж офицер болохыг минь үзэж маш ихээр баярласан байх аа. Ээж минь жилдээ нэг манайд ирж хэд хоноод буцдаг. Ковидоос болж, ноднингоос хойш ээжийгээ авчирч чадсангүй. Гэхдээ утсаар байнга ярина аа.
-Та хэр шуналтай хүн бэ?
-Тодорхой хэмжээний шунал байна шүү дээ. Огт шуналгүй хүн гэж байдаггүй байх. Юунд хэрхэн шунах нь тухайн хувь хүний өгөгдөлтэй холбоотой байх. Цэргийн хүн мөрдэсээ харж явдаг гэдэг. Миний хувьд мөрдэстээ л шунасан байх.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Чөлөөт цаг бидэнд хомс шүү дээ. Ялангуяа өвчин тахал, гал түймэр ихтэй жил бол бараг амрахгүй дээ. “Гадаа гаръя л даа. Салхинд гармаар байна” гэж нэхэж шаардсан хүүхдүүд л гэрт өсөж байна шүү дээ . /инээв/ Гэхдээ тайван сайхан цагт зав гаргалгүй яах вэ. Миний хувьд гэр бүлтэйгээ салхинд гарах, мөн загасчлах дуртай. Хүн чинь байхгүй юм аа их сонирхдог юм байна лээ. Говийн хүн болохоор загасчлах хобби маань үүнтэй холбоотой. Мөн спортоор хичээллэх дуртай. Мөн мэргэжлийнхээ дагуу ямар нэгэн зүйлийг задлах, угсрах тоглоом ч юм уу жижиг зүйлүүдийг оролдоно оо. Тэгж суух нь орчноо мартаад зөвхөн тэр зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, маш сайхан тайвшралыг олдог. Монгол хүн юм болохоор адуунд бас сонирхолтой. Гэхдээ уяж хурдлуулах зав чөлөө гардаггүй л дээ.
-Зэрэг дэв бий юу?
-Мэргэжлийнхээ галын техникийн спортын мастер, мөн гар бөмбөгийн 1-р зэрэгтэй. Гар бөмбөгийн сайн багт тоглож байсан. Тэрнээс биш нэг их цойлсон мундаг биш ээ. Манай Дундговийн Онцгой байдлын баг аймгийнхаа 7 удаагийн аварга байсан юм, тэр үед.
-Бид хоёрын ярилцлага цаг үеийн хувьд хүнд хэцүүхэн байдалд таарчихлаа. Ковидыг давж гарахад Дорнод нутгийнхан Онцгой байдлын газрынхандаа хэрхэн яаж тусалсныг сонирхмоор санагдлаа?
-Манай аймгийн хувьд айхавтар өвчин одоогоор илрээгүй байгаа ч аймгийн Онцгой комисс, шуурхай штаб байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Хүнд хэцүү өвчинтэй тэмцэхэд хөрөнгө мөнгө их шаардагдана. Манай иргэд ч мөн сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байж аймгийнхаа Онцгой комисст болон манай албанд тусламж хандив байнга өгсөөр ирсэн. Бусад аймгуудтай харьцуулахад манай аймаг хандиваараа бараг тэргүүлж яваа байх шүү. Ковидтой тэмцэхэд зориулж өгсөн манай иргэдийн хандив мөнгөн дүнгээр 250 орчим сая төгрөг болсон. Энэ хандивыг захиран зарцуулах эрх нь аймгийн Онцгой комисст байдаг журамтай.
-Энэ их ажлын үеэр цаг зав гаргаж ярилцсан Танд баярлалаа. Эцэст нь манай уншигчдад хандаж юу хэлэхсэн бол?
-Орон нутгийнхаа уншигчдын хэзээний танил болсон “Дорнод” сониныхондоо баярлалаа. Мөн бидний ажлыг ойлгож, тусалж дэмжиж ирсэн Дорнод нутгийнхаа зон олонд талархаж байгаагаа уламжилъя. Цар тахлын энэ цаг үед манай иргэд аль болох тайван хүлээцтэй байж онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмж, шийдвэрүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Н.Мөнхсайхан