МАНАЙ КОМПАНИ ХОЁР УДАА ДАМПУУРСАН Ч СЭТГЭЛ МИНЬ МОХООГҮЙ

2021 оны 1-р сарын 21 өдөр

Энэ цагт компанийн нийгмийн хариуцлагын  ойлголт янз бүрээр  яригдах болсон. Зарим нь хүнд хэр их юм өгсөн, үнэгүй юм тарааснаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлалаа гэх нь бий. Тэгвэл бид энэ удаагийн дугаарын зочноор  хүнсний салбарт тасралтгүй гучаад жилийн нүүрийг үзэж буй “Онхоодой Өндөр” ХХК-ийн захирал Дашцэрэнгийн Ганзоригийг урилаа. Тэрээр саяхан “Уудам” гэх хатаасан аарцыг шинээр үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн. Энэ нь нэг талаасаа нийгмийн хариуцлагаа олсон гэж үзэж байна.
-Тантай өвлийн адаг сарын босгон дээр уулзаж буйдаа баяртай байна. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, намайг сониныхоо хойморт урьсанд талархаж байгаагаа нэн түрүүнд хэлье ээ.
-Таныг “Онхоодой”-н Ганзориг гэдгээр таних нэгэн нь таних ч манай сонины уншигчдын хувьд бол та шинэ хүн. Тийм болохоор өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-За, намайг Дашцэрэнгийн Ганзориг гэдэг. Эхээс дөрвүүлээ, дороо гурван дүүтэй айлын ууган хүүхэд. Миний хүүхэд нас Онхоодой үйлдвэртэй салшгүй холбоотой. Тухайн үед нийгмийн шилжилтийн хүнд үе байсан. Манайх талхны цех ажиллуулдаг,  аав ээж хоёр маань өглөө гараад л үдэш ирдэг байлаа. Би өөрийн чадах хэрээр аав ээждээ туслана. Талхаа зарна, мод хөрөөдөж, тэрэг түрэхээс эхлээд хүүхэд нас минь “Шүр” зах дээр л өнгөрсөн дөө. Арван жилээ Хэрлэн сумын 12-р сургуульд суралцаж төгссөн, 2007 онд  ШУТИС-ийг Хүнсний технологич мэргэжлээр дүүргэсэн. Тухай үед надаас өөр компани өвлөх хүн байгаагүй болохоор арга буюу энэ чиглэлээр суралцсан. Би ямар ч сонголтгүй болж дараагийн үе залагмжлагчаар бэлтгэгдсэн дээ. /инээв/
-“Онхоодой Өндөр” ХХК байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?
-1992 оноос эхэлж үйл ажиллагаагаа эхэлж 29 дэх хавартайгаа золгох гэж байна. 2002 онд  “Онхоодой” талхны цех маань байгуулагдсан. Анх “Онхоодойн талх”-аараа олонд танигдаж одоогоор арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хорь гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Ямар ч зүйл төгс төгөлдөр, дардан байдаггүй, манай компани гуч шахам жилийн нүүрийг үзэхдээ хоёр удаа дампуурсан үе ч бий. Алдаа болгон минь шинийг эрэлхийлэх  ташуур нь болсон гэж боддог. Амьдралын тогоонд чанагдаад ирэхээр хүн наад зах нь үлдэгдэл талхаа яаж борлуулах вэ, яавал хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдэрлэх вэ? гээд шөнөжин өдөржин боддог юм билээ. Удаан хугацааны эрэл хайгуул, эргэцүүлэл маань өнөөдрийн бүх зүйлийг бий болгосон. 
-“Онхоодой” гэхээр яах аргагүй гурилан бүтээгдэхүүн  сэтгэлд буудаг, нэрийн утга нь юу вэ? 
-Онхоодой гэдэг нь миний өвөг дээдсийн нутаг Баяндун сумын газар усны нэр. Энэ нэрээрээ хоёр ч удаа уналтын цэг дээр очиж байсан болохоор сүүлд “Өндөр” гэж үг нэмсэн. 
-Хувь хүний тань ямар зан чанар энэ компанийг өдийг хүртэл өсөлттэй оршин тогтноход хүргэв? 
-Ямар нэг зүйлийг барьж авсан л бол дуусгадаг тууштай зан чанар маань нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Мөн өөрөөсөө ахимаг насны хүмүүстэй найзалж нөхөрлөдөг, тэдний үг яриаг их сонсч ярилцах дуртай. Надаас илүү ихийг үзэж туулсан хүмүүсээс амьдралын үнэнийг, бүтээхүйн ухааныг олдог гэх үү дээ. Маш их бодож төлөвлөдөг, тууштай байдал мөрөөдлийг минь гүйцэлдүүлж үүрч яваа гэж боддог.
-Оновчтой гоё үг байна, үгийн уртайг бодоход та их ном уншдаг байх?
-Ном унших бол миний өдөр бүрийн дадал болсон зүйл. Хамгийн сүүлд Еврейчүүдийн амжилтын нууц болох “Цойлогсод”-ыг уншсан. Би түүхэн ном илүүтэй сонирхон унших дуртай. Хажуугаар нь хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл гээд мэргэжлийн номнуудаа сөхнө. Би ер нь номыг хурдан уншиж дуусгахыг урьдал болгодоггүй. Олон дахин “барьж, идэж” уншдаг гэх үү дээ.
-Ном бол оюуны хоол. Тэгэхээр өдөр бүр уншдаг гэсэн үг үү, өөрийн нэг өдрийг товчхон зураглаач?  
-Тийм шүү, за би чинь өглөө 6 цагт босч 30 минут англиар өгүүлбэр цээжилдэг. Дараа нь 30-40 минут сонирхсон номоо уншина. Тэгээд л хүүхдүүдтэйгээ өглөөний цайгаа уугаад 09:00 цагт ажилдаа ирдэг. Өмнө нь ажлаа тараад фитнессээр хичээллэдэг байсан бол одоо гэртээ оройн хоолоо идчихээд цуврал кино, подкаст үзнэ. Ерөнхийдөө ийм циклээр амьдардаг хүн.
-Цар тахал таны ажил хэрэг болоод хувийн амьдралд тань хэрхэн нөлөөлж байна вэ?
-Хүнсний салбар бол эрсдэл ихтэй салбар, олон хүний хүч хөдөлмөрөөр босдог. Энэ цаг үед ажилчдынхаа цалинг цагт нь тавихыг л хүсч байна. Бусад худалдааны бизнестэй яг адил, ашиг орлого багассан. Гэлээ гээд шинэчлэл хийхгүй, шинийг сэтгэхгүй байж болохгүй. Манай компани үнээний фермтэй. Цаг үеэ мэдэрч үнээний сүүгээр хатаасан аарц хийж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Хатаасан аарц бол миний 28 дахь туршилтын үр дүн.
-Цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дагнах уу? Ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Төв суурин газрын хүүхдүүд сүү цагаан идээнээс холдож ходоод гэдэс нь ч хүлээн авахаа больж гүйлгэх, гэдэс дүүрэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. “Энэ бол хотжилтын өвчин”. Жишээлбэл,  аарууланд хамгийн төгс уураг агуулагддаг.  Би гэхэд зах зээлд  шилжих үеийн хүүхэд шүд муутай, гэтэл цагаан идээ, ааруулаа идмээр байна шүү дээ. Тэгвэл ааруулыг яагаад өөр хэлбэрт оруулж болохгүй гэж. Дотроо иристэй, чангаанзтай гэх мэтээр ааруулыг чихэр болгож болно. Одоо цагт ааруул заавал ааруул хэлбэрээр байх албагүй. Бидний гаргасан хатаасан аарц бол ааруулын шингэн хэлбэр, бид ааруулыг ууж байна л гэсэн үг.
-Үнэхээр өвөрмөц санаа байна, энэ шинэ санааг хаанаас, юунаас олж авав?
-Ээж ааваасаа. Миний аав өөд болохоосоо өмнөхөн “Амьдралын жаргал бол өглөөний нарыг харах” гэж хэлсэн. Өглөөний нарыг харж байгаа хүн жаргахыг нь марттал хөдөлмөрлөх ёстой гэж би боддог. Амжилттай яваа эр хүний ард эмэгтэй хүн байдаг гэдэг шүү дээ. Ээж минь бүхий л үед миний ард зогсож надад зөвлөж, хамгийн хатуу үнэн үгийг хэлдэг. Сайн сайхан явааг минь урт удаан хараасай л гэж хүсдэг дээ. Би гэр бүлийнхээ хүчинд л өдий зэрэгт яваа. Манайхан цуцашгүй хөдөлмөрч хүмүүс, “Онхоодой” компанийг байгуулахаас өмнө хамгийн анх хими цэвэрлэгээний газар, нийтийн халуун усны газар, ундааны цех, цайны газар, тэр бүү хэл түлхүүр олшруулдаг газар хүртэл нээж байсан. Цаг үеийн шуурганд “Онхоодой Өндөр” компани маань бидэнд элэгтэй үлдэж дээ. Мөн ЛЭНД.МН-ийг үүсгэн байгуулагч  Ч.Анар, УИХ-ын гишүүн Т.Доржханд, комедиан Б.Идэр-Од гэхчлэн залуусын үзэл бодол таалагддаг, тэднийг сонсдог. 78 настай хүн Америкийн Нэгсэн Улсын Ерөнхийлөгч болсон шүү дээ. Гэтэл манайд яадаг билээ, 50 хүрээд л ажлаас чөлөөлөгддөг. Тэгвэл яагаад би 78 хүртлээ ажиллаж болохгүй гэж. Мөрөөдөлд хязгаар үгүй шүү дээ.
-Тийм шүү, таны бусдын мөрөөдлийг биелүүлж байсан гэж сонссон. Энэ тухайгаа хуваалцаач?
-Манайд хүмүүс өглөгөөрөө гайхуулаад ч байгаа юм шиг, өглөгөөрөө өрсөлдөөд ч байгаа юм шиг сонин хандлага ажиглагддаг. Би хүнд тусласнаа бусдад яриад явдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Сэтгэлийн тус мөн л бол тэр нь хэзээ нэгэн цагт буян болж ирнэ гэж боддог. 
-Үнэхээр даруу хүн юм аа та. Сэдвээ жаахан өөрчилье. Та аялах дуртай юу, ямар ямар улсаар явж байсан вэ?
-Ажил, амьдрал гээд аялах цаг хомс байдаг. Миний хувьд олон улс орноор яваагүй ээ. ОХУ, Хятад хоёр улсыг бол хөндлөн гулд туулсан. Миний нэг этгээд бодол байдаг юм. Орчуулагчгүйгээр Англи, Германаар аялах. Гэхдээ мөнгөөр хангалуун биш. Яагаад гээч хүн мөнгөтэй байхдаа тухайн улсын хаана асуудал байна, хаана нь нууцлаг гайхамшиг байгааг харж чаддаггүй. Өлсгөлөн нүдэнд бүгд үнэн харагдана, гэхдээ хэлэн дээрээ юу ч тавихгүй явахыг хэлээгүй шүү /инээв/
-Хэрвээ аль нэгийг нь сонгох шаардлага тулбал сэтгэл, ур чадвар хоёрын алийг нь сонгох вэ?
-Мэдээж сэтгэл, Сэтгэл байгаа хүнд ур чадвар бэлэг шиг дагалдаад ирдэг гэж боддог. Миний цаг үед манай компаниас таван хүн гавьяаныхаа амралтад гарсан байдаг юм. Тэр хүмүүс залуу сайхан насандаа өөр зүйл хийх хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй байсан  л байж таараа. Гэтэл тэд амьдарлынхаа бүхий л цаг хугацааг манай компанид зарцуулж ажилласан нь  сэтгэл гээч зүйлээр дүүрэн хүмүүс гэхээс өөрөөр яаж тайлбарлалтай вэ дээ. Сэтгэл гэдэг эрхтэн. Цээжинд нь хийж бүтээх хүсэл багтаж ядсан хүмүүсийн сэтгэл ямар гоё үнэртдэг гээч.
-Та хэр холын мөрөөдлийг сэтгэлдээ тээж явна?  
-Компанийнхаа хоёр дахь үеийн залгамжлагчийн хувьд дараачийн үедээ өвлүүлэх гээд урт хугацааны зураглалыг харж явна. “Онхоодой Өндөр” ХХК-ийг ширээтэй зүйрлэвэл анх тэхий голдоо ганцхан тулгууртай, хаашаа ч холбирч мэдэхээр байсан. Бид талхнаасаа гадна нарийн боов үйлдвэрлэж эхэлснээр хоёр хөлтэй болж, ферм маань гурав дахь тулгуурын үүрэг гүйцэтгэж хатаасан аарц гаргаснаар ширээ маань дөрвөн хөлтэй боллоо. Илүү бат бөх болгохын тулд   нэр төрлөө улам нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.
-Бизнесмэн хүний хувьд дөнгөж гарааны бизнесээ эхлэж байгаа залууст хандаж үг хэлээч гэвэл?
-Мөрөөдөлтэйгээ “нойтон хамуу” шиг зууралд. Одооны залуучууд “Намайг Монголд ойлгохгүй байна, үнэлэхгүй байна” гээд гадагшаа явахын мөрөөдөл. Өдий насанд хүрэх хүртлээ Монголдоо амьдарчихаад яг,  юуг нь ойлгохгүй байна, хүмүүст үнэлэгдэхээр бодитоор юу хийж бүтээв гэдгээ өөрөөсөө асуугаад үзээрэй.  Яадаг юм, банкнаас тултал нь зээл ав. Үнэхээр чи мөрөөдлөө бүтээх чин хүсэлтэй бол даваад л гарна. Ингэж л хэлэх байна.
-Бидний урилгыг хүлээн авч сэтгэлээ нээн ярилцсан Танд баярлалаа

Т.ЭНХНАРАН

  • Туяа
  • 358
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313