Шинэ оны эхний өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн ажлын нэг өдрийг сурвалжлахаар хотын захиргааг зорилоо. Коронавирустэй холбоотой төрийн алба богиносгосон цагаар өглөөний 09-16 цаг хүртэл ажиллахаар болжээ. Сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир яг л цагтаа ажилдаа ирлээ. Түүний өрөөний үүдэнд уулзаж мэнд мэдэлцэн зорьж ирсэн хэрэг учраа хэлэв. Өөрийнх нь нэг өдрийн ажлыг сурвалжлахыг зөвшөөрөөд сумын Засаг даргын орлогчийн өрөөнд урьж байна. “Та хуучин өрөөндөө суудаг юм уу?” гэвэл, “Тиймээ, би албан ёсоор өрөөндөө ороогүй байгаа юм. Шинэ оны ажлын анхны өдөр өрөөндөө орно. П.Мөнхтөр дарга Улаанбаатар яаралтай явах ажилтай болоод бид өрөөгөө хүлээлцэж амжаагүй. Гэхдээ өрөөндөө ороод ажлаа явуулж байгаарай гэж хэлсэн ч төрийн ажил хүндэтгэлтэй байх ёстойг бодолцон хуучин өрөөндөө сууж байсан юм. Удаан хугацаагаар цоожтой байсан болохоор шороо тоостой байгаа байх, цэвэрлэж дуусахаар хоёул Засаг даргын өрөөнд орж албан ёсоор ажлаа эхэлье гэв. Өрөөг нь бэлэн болох зуур өдий хүртэл туулж ирсэн ажлын туршлагынх нь талаар яриа өрнүүлэв. Ер нь хүмүүс түүнийг “авто тээврийн Пүүжээ” л гэх юм билээ. Тэрээр Дорнод аймгийн Авто тээврийн газарт байцаагчаас нь дарга болтлоо хөдөө хөхөрч, гадаа гандаж ажилласантай хэн ч маргахгүй. О.Пүрэв-Очир авто тээврийн газар ажилласан хугацааныхаа ихэнхийг улс хоорондын тээвэр зохицуулалт буюу хилийн боомтууд дээр өнгөрүүлжээ. Түүнийг ажилд ороод удаагүй байхад нь Хавиргын боомтын авто тээврийн байцаагч тэтгэвэртээ гарч оронд нь очих хүнгүй, залуус бүгд л хөдөө ажиллахаас татгалзаж. Харин О.Пүрэв-Очир өөрийн хүсэлтээр томилогдон хөхөө өвлийн хүйтэнд дипломат цүнхнээс өөр юмгүй боомт дээр буусан гэдэг. Дотроо бол 20 хоноод буцна гэж тооцоолж байсан ч нэг л мэдэхэд 9 жил өргөрсөн гэх. Улс хоорондын тээвэр буюу хилээр тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлсэн түүхийг Дорнодынхон сайн мэднэ. Хил гааль нээгдэж эхэлмэгц манай боомтуудад төмрийн цуваа “үерлэсэн”. Үүний дараа газрын тос, холимог металл улс хоорондын тээвэр одоо ч тасрахгүй үргэлжилсээр. Бид гадаад оронд зорчихдоо гадаад паспорт авдагтай адил улс хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэл авто тээврийн байцаагчаас зөвшөөрлийн бичиг авч хилээр нэвтэрнэ. Хилээр гарахыг хүссэн машин бүхэн зөвшөөрлийн бичиг авна гэж үгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартын дагуу ачаа тээвэрлэсэн эсэх гээд бүх л зүйлийг нь хянана. Биржийн бичиггүй машин хилээр нэвтрэхгүй. Авто тээврийн энэ хариуцлагатай, хүнд албанд зүтгэж явсан хүн одоо Чойбалсан хотын мээр. Тэр эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгээс ажлын гараагаа эхэлж, авто тээврийн төвд 15 жил ажиллан 2017 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор томилогдсон.
Надтай ярих зуураа тэр өнгөрсөн долоо хоногт ирсэн албан бичгээ цэгцэлж нягтална. Энэ өдөр түүний ажил сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар эхэллээ. Сумын Засаг даргын зөвлөл Тамгын газрын дарга А.Наранцэцэг, Захирагчийн ажлын албаны дарга П.Оюундэлгэр, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Ж.Гэрэлмаа, Санхүүгийн албаны дарга Г.Алтантогос, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Энхбилэг, статистикч Б.Үүрийнтуяа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Энхбилэг шинэ жилийн баярын өдрүүдэд ЗДТГ-т шуурхай жижүүр ажилласан талаархи мэдээлэл өгөв. О.Пүрэв-Очир дарга, Б.Үүрийнтуяа мал тооллогын дүнг танилцуул гэлээ. Хэрлэн сум энэ жил 146,134 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16,9 хувь буюу 29 мянган толгойгоор буурсан байна. Мөн малчин өрх 550, мал бүхий өрх 380 ба мал бүхий өрх 21 өрхөөр хасагдсан үзүүлэлт харагдана. 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс хамаарч 2021 онд малчид малын хөлийн татвар төлөх ёстой. УИХ-ын баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар жилд нэг малд ногдуулах албан татварын хэмжээ 0-2000 төгрөг байхаар заасан. Ингэхдээ нэг малд ногдуулах татвар 0, 1000, 2000 төгрөг байх уу гэдгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно. Хамгийн гол нь татварын хэмжээ УИХ-аас тогтоосон 2000 төгрөгийн босго давж болохгүй, түүн дотор багтаж байх ёстой юм. Малын хөлийн татварын орлого нь орон нутгийн хөгжлийн санд төвлөрнө, харин юунд зарцуулах вэ гэдгийг сумын иргэдийн олонхийн саналаар шийднэ. Хэрлэн сумын ИТХ үхэр 1000т, адуу 1800т, хонь 300т, ямаа 800 төгрөгийн татвар төлөхөөр тогтоож малын хөлийн татвараас 50 сая төгрөгийн орлого хуримтлуулахаар төсөвлөсөн гэв. О.Пүрэв-Очир дарга малын хөлийн татвараас хэдэн төгрөг орохоор байна гэхэд ЗДТГ-ын дарга А.Наранцэцэг үхэр 25,178 буюу 25 сая 178 мянга, адуу 20,201 буюу 36 сая 361800 төгрөг, хонь 57,533 буюу 17259900 төгрөг, ямаа 42942 буюу 34353600 төгрөгийн татварын орлого бүрдэнэ.
Татварын хөнгөлөлтөд хамрагдах өрхөө хасахаар бидний төсөвт тавьсан хэмжээнд очно гэв. Санхүүгийн албаны дарга: 2020 онд сумын төсвийн орлого 600 сая төгрөгөөр давж биеллээ. 2008 оноос хойш ийм хэмжээгээр давж биеллээ. Хагас жилдээ айлтгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэнэ. Сумын Засаг дарга шинэ оны эхний өдөр сайхан мэдээ дуулгалаа. Бид худалдан авах ажиллагаануудаа яаравчлан зохион байгуулах хэрэгтэй. Нэн тэргүүнд “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т хогны машин худалдан авах ажиллагааг зохион байгуулмаар байна. Бид техник хэрэгслээр нь хангаж байж хогоо татуулна. Энэ онд “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т аймгийн төсвөөс хоёр, манай сумын төсвөөс нэг машин авахаар төсөвлөсөн ш дээ. 2020 онд коронавирустэй холбоотой худалдан авах ажиллагааны А3 сертификатын сургалт хийгдээгүй. Наранцэцэг дарга, сургалт яаж хийх худалдан авах ажиллагаагаа хэрхэн зохион байгуулахыг тодруулаарай.
Санхүүгийн албаны дарга: 2020 оны 12 сард хогны хураамж 20 сая төгрөг орохоос нэг ч төгрөг ороогүй. 2021 онд бид хогны хураамжаас 300 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ байдлаараа ирэх 7 дугаар сар хүртэл энэ мөнгө орохгүй гэсэн үг.
Сумын Засаг дарга: Манайд хогны хураамж орохгүй байгаа гэдгийг албан бичгээр мэдэгдэх хэрэгтэй. П.Оюундэлгэр даргаа, нохой устгал хэзээ хийх вэ?. Сар шинийн баяраас өмнө нохой устгал хийе. Энэ жил аймаг байгуулагдсан, 90 жилийн ойн баяр тохионо, золбин нохой устгал, хогны асуудлыг тухай бүрт нь шийдээд явах нь зүйтэй.
Хөдөө аж ахуйн тасгийн дарга Ж.Гэрэлмаа: Манай аймагт нохой устгал хийх хүн олддоггүй учир Улаанбаатар хотоос мэргэжлийн хүн авчирч нохой устгалын ажил хийдэг. Энэ удаа зар тавьж нохой устгалын ажлыг гэрээгээр хийх хувь хүн болон аж ахуйн нэгжийг олох нь зүйтэй байх. Орон нутагтаа золбин нохой устгал хийдэг хүнтэй болбол зардал буурна, хүссэн хугацаандаа нохой устгалыг хийх боломж бүрдэнэ.
Сумын Засаг дарга: П.Оюундэлгэр даргаа, хоёул өдөр товлож “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцана шүү.
Батлан хамгаалах, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Эрдэнэсайханаас хот хоорондын хөдөлгөөнд оролцож буй иргэд, гэрийн тусгаарлалт, байгаа иргэдийн мэдээлэл авлаа. Коронавирусын хорио цээрийн дэглэмийг чангатгаснаас хойш 2020.12.31-ний байдлаар 4113 иргэн хот хоорондын зорчих хөдөлгөөн хийжээ. Үүнээс 3023 иргэнийг гэрийн ажиглалтад авсан. Буяны ажил болон, тээврийн жолооч нар, сумд руу явж буй иргэд гэрийн ажиглалтад хамрагдаагүй. Одоогийн байдлаар 83 иргэн гэрийн ажиглалтад байна. Коронавирусын голомттой бүс буюу Улаанбаатар хотоос ирж Чойбалсан хотоор дамжин хөдөө сумд руу явж буй иргэдийг харьяа сумынх нь багийн даргад хүлээлгэн өгч байна. Гэрийн ажиглалтад хамрагдсан иргэд давтан шинжилгээгээ товлосон цагтаа өгч байгаа ба давтан шинжилгээ өгөхгүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж байна гэв.
10:30 Коронавирусын халдвар хамгаалалтын дэглэм барьж байгаа энэ цаг үед Чойбалсан хотыг тойрсон 11 постод тусгай чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм. Хүнд хэцүү энэ цагт авто тээвэр улс орны эдийн засаг, хүн зоны амьдралд ямар чухал үүрэгтэйг бүгд харж байна. Тиймээс Чойбалсан хотын захирагч хяналтын постод хамгийн олон удаа ээлжинд гарч ажилласан аймгийн Авто тээврийн газрын хоёр байцаагчийг шагнаж урамшууллаа.
10:35 Олон нийтийн байцаагч нар орж ирэв. Сумын Засаг дарга О.Пүрэв-Очир “Манай хэд хувцсаа аваад өмсчихсөн үү? Дулаан байна уу? Би авто тээврийн газар олон жил ажилласан болохоор хүйтэн, халууны хүнд нөхцөлд хүмүүс хэрхэн ажилладгийг мэднэ. Коронавирусыг манай улс дотооддоо алдаж халдвар хамгаалалтын дэглэмээ чангатгахад Аймгийн онцгой комиссын гишүүд хяналтын постууд дээр биечлэн гарсан. Хамгийн түрүүнд би өөрийн биеэр баруун постод хонож ажилласан. Нөхцөл байдал ямар байгааг мэдэж байна. Нэн тэргүүнд бидэнд байнгын пост ажиллах байр хэрэгтэй. Түр зууртаа аргалах вагончиг юмуу сендвичин барилга байх нь зохимжгүй. Цаанаа амралтын өрөөтэй, наад талдаа ажлын болон ариун цэврийн өрөөтэй тохилог байшин байхаар бодож төлөвлөж байна. Постны байр барих ажилд аймгаас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлнэ гэсэн. Яг одоогоор постуудад нүүрс түлээний асуудал байгаа. Манай постууд 10 тонн нүүрсээр өвөлждөг байсан бол энэ жил хүрэхгүй нь. Дахин нүүрс буулгах талаар ярилцаж байтал Гаалийн газраас ярьж хилийн боомтууд ажиллахгүй байгаатай холбоотой тус байгууллагын боомтууд руу татах 40 тонн нүүрс ачигдаагүй учир манайхыг үнэ төлбөргүй авч хэрэглэж болно гэсэн. Энэ 40 тонн нүүрснээс бид хамгийн ачаалалтай ажиллаж байгаа Хөлөнбуйр суман дахь постод 20 тонн нүүрс хүргүүлсэн. Баруун постод 5 тонн нүүрс буулгасан. Үлдсэнийг нь постууддаа 5 таваар нь хувааж буулгана. Гуравт, та бүхэн тэргүүн шугаманд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж халдваргүйтгэл ариутгалын дэглэмээ чанга сахиж ажиллаарай. Надаас хүсэх зүйл байна уу?
Олон нийтийн байцаагч: Хүйтний улиралд бидний ажиллах нөхцлийг ойлгож дулаан хувцастай болгож өгсөнд маш их баярлалаа. Хувцасныхаа дээгүүр өмсөх хантааз, дохиур мод, богино долгионы станцын хэрэгцээ бидэнд байна. Мөн бид олон нийтийн байцаагчаар олон жил ажиллахдаа хулгайн модноос эхлээд янз бүрийн гэмт хэрэг зөрчлийг илрүүлж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлбэл шагнаж урамшуулдаг байж болох уу?
Сумын Засаг дарга О.Пүрэв-Очир: Хантааз, дохиур модыг шийдэж өгье. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмт хэрэг, зөрчил илрүүлбэл урамшуулах ёстой. Ямар байдлаар урамшуулал олгохыг судалъя. Баруун гүүрийг камержуулсан. Гурван ширхэг богино долгионы станцыг яаж, хэнд олгохыг тодруулъя.
10:45 Аймгийн сурын холбооны төлөөлөлтэй уулзав. Энэ жил Дорнод аймгийн сурын холбооны 60 жилийн ойн баяр тохиож байгаа гэв. Ойн баяртай холбогдуулан сумын шагналд хурваачдаа тодорхойлж, сумын Засаг даргатай уулзаж буй юм байна. Мөн сурын спортыг хүүхэд багачуудад сурталчлах, өвлүүлэх зорилгоор “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөрт 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ төсөв хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй учир сумаас санхүүгийн дэмжлэг хүсч буй юм байна.
Сумын Засаг дарга О.Пүрэв-Очир: Албан бичгээр хүсэлтээ өгчих. Санхүүгийн байдлаа харж байгаад боломжоор нь шийдье гэсэн хариу өглөө.
10:50 Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд шинэ оны ажлын эхний өдөр сумын Засаг даргад бараалхав. Тантай ярих хэд хэдэн ажил байна гээд ёс ёмбогор орж ирлээ. Тэрээр, сумын төсөв 117,2 хувиар давж биелсэн сайхан мэдээгээр яриагаа эхэлье. Бид ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар бодлогын хороодоо баталсан. Энэ долоо хоногоос эхлэн бодлогын хороодоо хуралдуулж даргыг нь сонгох ажил бий. Үүний дараа сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүдээр харьяа бодлогын хороодод харьяалсан асуудлаар нь нөхцөл байдлын мэдээлэл сонсгох ажил зохион байгуулах хэрэгтэй. Ийнхүү бодлогын хороод урт хугацааны болон богино хугацааны ажлын төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Хоёрт, сумын ИТХ жил бүр ЗДТГ-тай хамтран сумын хэмжээнд Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сумандаа хэрхэн зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулдаг. Бидэнд аймгийн Прокурорын газраас гар дээрээс худалдаж буй архи согтууруулах ундааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгасан албан бичиг ирсэн. Бид мэдээлэл худалдаж авдаг журам боловсруулж баталбал үр дүнтэй байх болов уу гэдэг санаа байна.
Сумын Засаг дарга О.Пүрэв-Очир: Бодлогын хороодод мэдээлэл өгөх ажлыг олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй яаж зохион байгуулахыг төлөвлөнө биз дээ. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөв мөнгө юу байна? Нэг зүйл тодруулахад манай суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэдий хэрийн төсөв байна?
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд: Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний шаардлагагүй зохион байгуулалтын ажил хийх шаардлагатай. Коронавирусын хорио цээрийн энэ үед цахим орчинг ашиглах хэрэгтэй юм л даа. Тухайн жилийн хүү торгуулийн орлогын 40 хувь нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд хуримтлагддаг. Манай сум аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлд хамгийн их төсөв буюу 300 сая төгрөгийн орлого оруулдаг. Энэ орлогыг бүрдүүлдэггүй ч сум бий. Хуулиараа үүний 30 хувийг буюу 120 сая төгрөгийг бид буцааж авах ёстой. Гэвч аймгийн ГХУСАЗБСЗ-аас бүх сумын ГХУСАЗБСЗ-д тус бүр нэг сая төгрөгийн төсөв хуваариладаг. Нэг сая төгрөгөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулна гэдэг хүнд л дээ. Бид өнгөрсөн жилүүдэд багийн ажлын албанд энэ мөнгийг хуваарилаад багийн ажлын албаныхан иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.
Сумын Засаг дарга О.Пүрэв-Очир: Энэ жил бидэнд хуваарилагдаж ирэх төсвийг нэмэгдүүлэх талаар аймгийн ИТХ-д албан бичиг явуулъя. Араас нь утасдаж, уулзаж тайлбарлая. Сумын ИТХ-ын дарга Улаанбаатар хотод карантинд эзгүй байгаа тул сумын ГХЭСАЗБСЗ-ын орлогч гэдэг үүднээс миний гарын үсэгтэй албан бичиг болох уу? Түрүүн таны хэлдэг гар дээрээс буюу таксинууд архи согтууруулах ундаа зөвшөөрөлгүй зарж байгаа нь үнэн. Таныг орж ирэхээс өмнө сэтгүүлч бид хоёр ярьж л байлаа. Аливаа юмыг хэтэрхий хориглох нь хууль бус үйл ажиллагааг даамжруулдаг сөрөг талтай. Би аймгийн Онцгой комиссын хурал дээр архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглохын эсрэг байдаг. Яагаад гэвэл хүнсний дэлгүүрүүд ашгийнхаа дийлэнх хувийг тухайн төрлийн бүтээгдэхүүнээс олдог. Архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглосноор хууль бусаар борлуулах, хэт их үнийн хөөрөгдөлд хүрдгийг бид харж байна. Архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглолоо гээд гэмт хэрэг зөрчил, эрүүлжүүлэх байранд хонох хүний тоо эрс буурсангүй. Бид хууль бусаар архи согтууруулах ундаа худалдаж байгаа иргэдийг олж илрүүлж чадахгүй байна. Тиймээс харин тодорхой хязгаар хяналтын дор худалдаж борлуулах нь зүйтэй гэдэг байр суурийг би аймгийн онцгой комиссын хурал дээр илэрхийлдэг. Гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулж байгаа хүмүүсийг таслан зогсоох чиглэлээр ямар ажил зохион байгуулахыг мэргэжлийн байгууллага буюу аймгийн Цагдаагийн газартай хамтран хэлэлцэж шийдье. Аймгийн Цагдаагийн газрын дарга Т.Ганзориг хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаагаа илэрхийлдэг л дээ. Ийнхүү сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд, Сумын Засаг дарга нарын хооронд нэлээд ажил хэргийн яриа өрнөлөө.
Сумын Засаг дарга дараа нь Ж.Саран байцаагчийг дуудаж постуудад нүүрс буулгах, хуучин Ноосны үйлдвэрийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Ган хийц” компанид албан бичиг хүргүүлэх үүрэг өгөв.
11:15 Эрэгтэйчүүдээ хайрлая-нийгмийн дэмжлэг-2” аяныг зохион байгуулагчдын төлөөлөл Хэрлэн сумын Засаг даргатай уулзлаа. Төслийг иргэний нийгмийн байгууллагууд санаачлан С.Вандансүрэн, Б.Батболд нарын мэргэжлийн эмч нартай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Статистик судалгаа бодит байдлаас ажиглахад эрэгтэйчүүд архины хамааралд орох, амиа хорлох тохиолдол их байдаг байна. Орон нутагт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан тусгайлсан эмнэлгийн кабинет байхгүй. Тиймээс Эрэгтэйчүүдээ хайрлая-нийгмийн дэмжлэг-2” төслийнхөө хандиваар БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийг түшиглэн эрчүүдэд зориулсан эрүүл мэндийн кабинет байгуулахаар зорьж явна. Энэ асуудалд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч хамтран ажиллахаа илэрхийлж, дэмжлэг үзүүлнэ гэв.
Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзсанаар үдийн цаг болов. Хүний хөл татарч О.Пүрэв-Очир даргатай ярилцах цаг гарав.
- Та хаана төрж өссөн бэ?
- Би Хэрлэн сумын 9 дүгээр баг тавдугаар байшинд 40 жил амьдарсан. Айлын долоон хүүхдийн бага. Ах, эгч нар минь нас биед хүрч ажил хөдөлмөр эрхэлж, сургууль соёлыг зорьж Улаанбаатар хот руу явахад би аав, ээжийнхээ голомтыг сахиж үлдсэн. Манай гэрийн хаяанд нэгдүгээр цэцэрлэг байдаг хэр нь би цэцэрлэгт нэг ч өдөр явж үзээгүй, ах эгч нартайгаа бужигнаж өссөн. Ээж, аавыгаа бурхан болсны дараа тэднийгээ их санасан. Нас явах тусам л хүн төрснөө үгүйлдэг юм байна. Ингээд том эгчээсээ бусдыг Улаанбаатараас татаж ирсэн. Ах, эгчтэйгээ ойр амьдрах нь сэтгэлд өег байдаг юм байна.
- Та юунд шунадаг вэ?
- Одоогоос 10-аад жилийн өмнө. Манай найз надад дөрвөн хүүхэдтэй гэдгээрээ онгирч гайхуулдаг юм. Тэр үед би ганц хүүтэй байсан. Эрчүүдийн тийм ярианд давж гарахгүй. /инээв/ Амжилтад хүрсэн ах нар ч эд хөрөнгө, эрх мэдэл хүний амьдралд чухал биш, хүнд үр хүүхэд л хамгийн үнэ цэнэтэй баялаг гэж хэлдэг. Тэгээд олон хүүхэдтэй болох шуналаа одоо л гүйцэлдүүлж дөрөв дэх хүүхдээ өлгийдөх гээд сууж байна. “Оройхон гараад ширүүхэн дайрсан” гээд найзууд бас шоглоно.
-Таныг өнөөдрийг хүртэл хөтөлсөн зан чанар гэвэл?
-Тууштай байх зан чанар. Нэг бариад авсан ажлаа шантарч, няцалгүй ард нь гарахыг хүсдэг.
Сумын Засаг дарга биш Очирпүрэвийн Пүрэв-Очир гэх хувь хүн рүү өнгийн суутал үдийн цайны цаг дуусав. Өнөөдөр Хотын захиргаанд онцгой өдөр болж байгаа юм байна. Хурлын зааланд хүмүүс бужигнаж танил хоёр эгч торгон дээлээ өмсөн төрийн медалиа энгэртээ зүүсэн харагдана. Учрыг асуувал төрдөө зүтгэх хугацаа нь дуусч гавьяаныхаа амралтад гарч байгаа гэнэ. Сумын Засаг дарга хамт олныхоо өмнөөс хоёр ахмаддаа хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, цагаан идээнийхээ дээжийг барилаа. Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, үйлчилгээний албаны ажилтан Ц.Ариунаа нар гар, сэтгэл, үйл нийлэн ажиллаж жаргал зовлонгоо хамт хуваалцсан хамт олондоо баяр талархлаа илэрхийлэв.
16:30 Хэрлэн сумын үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Цогзолмаатай уулзлаа. Цогзолмаа: Өнөөдөр үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөө жагсаалтаар хүлээлцэж авсан. Захирал багш ажлаа хүлээлгэж өгөх бэлтгэлтэй байсан учир бүх зүйл нь жин тан. Харин миний хувьд гэнэтийн явдал боллоо. Одоо ч өөртөө итгэхгүй л явна. Энэ хичээлийн жилд Бүдтуяа захирал зөвлөхөөр ажиллах учир жаахан тайвширлаа. Захирлын сонгон шалгаруулалт зарлатал сургуулиа сайн авч явахыг хичээнэ. Бүдтуяа захирлын ажлыг авна гэдэг үнэхээр өндөр үүрэг хариуцлага. Эмээж л байна гэнэ.
Сумын Засаг дарга: Чойбалсан хотын өнгө төрх болсон үндэсний хэмжээний энэ том сургуулийг авч явна гэдэг амаргүй ажил. Гэхдээ сонгон шалгаруулалт болтол танд итгэж байна, амжилт хүсье гэлээ.
О.Пүрэв-Очир даргын энэ өдрийн ажлын цаг дууслаа. Өдөр чөлөө завгүй хүнтэй уулздаг учир бодож тунгааж, бичиг цаастай ажиллах зав олддоггүй гэнэ. Тиймээс ажил тарсны дараа сууж төлөвлөж, боловсруулах ажлаа хийдэг гэх. Хотын захиргааны барилга их засварт орж өрөө тасалгаа нь шил толь шиг гялалзана. Хурлын заал нь шаардлагатай техник хэрэгслээр хангагдаж, дарга цэрэггүй өрөө тасалгаа нь тухтай сайхан. Өөдлөх айл үүднээсээ гэж жижүүрийн суудаг хэсгээ засварлаж байна. Шөнийн Чойбалсан хот өнгөлөг гэрэлтэнэ.
Б.ОДМАА