Тендер 100 хувь цахим хэлбэрт шилжсэн

2019 оны 11-р сарын 15 өдөр
 \"\"Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас анхаарал татсан нэг байгууллага бол Орон нутгийн өмчийн газар. Яагаад анхаарал татсан гэж байна гэхээр энэ байгууллага орон нутагт тендер шалгаруулалт зохион байгуулдаг. Бид энэ удаа аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ч.Нэргүйтэй ярилцлаа.

- Орон нутгийн өмчийн газар ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ?
- Нэг талаараа манай байгууллага хуучин байсан юм шиг боловч нөгөө талаар шинэхэн байгуулагдсан гэж хэлж болно. Учир нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш өмч хувьчлал явагдаж орон нутгийн өмч гэдэг нэр томьёо 1999 онд бий болсон юм билээ. Манай аймагт 2000 онд Орон нутгийн өмчийн алба байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд төр өөрийнхөө өмчийг шинээр бүртгэж авах, хадгалж хамгаалах, нэмэх талаар олон шийдвэрүүдийг гаргасан. Төр, орон нутаг өмчтэй байхын хамгийн эхний шат бол тухайн өмчийг бий болгох явдал юм. Бидний ярьж заншсанаар тендер. Энэ үүднээс төрийн тендер шалгаруулалт буюу худалдан авах ажиллагаа зохион байгуулах агентлаг, орон нутгийн нэгжийг 2012 онд байгуулсан. Энэ нь төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг чиг үүрэг бүхий байгууллага юм. Ингээд Засгийн газрын тогтоолоор Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албыг нэгтгэн 2016 онд Орон нутгийн өмчийн газар болсон. Тэр үеэс миний бие энэ байгууллагын даргаар томилогдон ажиллаж байна. Манай байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу өөрөөр хэлбэл Тендерийн хуулийн хэрэгжилтийг хангах, өмчийн тухай хуулийн зохицуулалтыг орон нутагт хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, тэдгээрийн үр дүнд бий болсон хөрөнгө оруулалтуудыг бүртгэх, орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах, худалдан авах ажиллагаанд оролцогч байгууллага, иргэдэд зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 21 аймгийн Орон нутгийн өмчийн газруудыг 2017 оны ажлын үр дүнгээр нь байр эзлүүлэн шагнасан бөгөөд манай байгууллага, хамт олон улсад “Тэргүүн” байранд шалгарч байсан.
- Манай аймаг хэдий хэрийн өмч хөрөнгөтэй вэ?
Манай аймагт одоогийн байдлаар орон нутгийн өмчит 152 байгууллагын 186 тэрбум төгрөгийн хөрөнгө бий.
- Энэ жил Дорнод аймаг хэчнээн сая төгрөгийн худалдан авалтын ямар ажлуудыг хийв?
- Бид төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээн дэх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулдаг. Аймгийн Засаг даргын 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 20,6 тэрбум төгрөгийн 145 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд Улсын төсвөөс аймгийн Засаг даргад эрх нь шилжсэн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд багтаж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр манай аймагт хийгдэж буй өөр олон ажил бий. Тэдгээр ажлуудыг холбогдох яам, агентлагууд нь худалдан авах ажиллагааг нь зохион байгуулдаг.
- Зарлаж буй тендер худалдан авах ажиллагаанаас харахад орон нутагт ихэвчлэн ямар төрлийн ажил хийгдэж байна ?
- Бүтээн байгуулалтын ажил хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эзэлдэг. Барилга, байгууламж, авто зам, засварын ажлууд төсөвт өртөг өндөр байдаг. Энэ төрлийн ажлууд орон нутагт түлхүү хийгдэж байна.
- Манай аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил өсч байна уу, буурч байна уу?
- Жил ирэх тусам орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ажил нэмэгдэж байна. 2015 онд 4,8 тэрбум төгрөгийн ажил хийж байсан бол, 2019 онд 20,6 тэрбум болтлоо өссөн. Өнгөрсөн онд 12,3 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулсан байх жишээтэй.
- Худалдан авах ажиллагаа буюу тендер гэдэг зүйл олон нийтэд үргэлж хардлага сэрдлэг төрүүлдэг. Өнгөрсөн хугацаанд төрөөс зарлагдаж байгаа тендерүүдийг ил тод нээлттэй болгох ажлууд хийгдэж л байна. Иргэд тендерийн тухай мэдээллийг яаж авч байна ?
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж бий. Тендер шалгаруулалт энэ хуулийн хүрээнд л явагддаг. Төрийн худалдан авах ажиллагааны агентлаг, орон нутгийн нэгж байгуулагдахаас өмнө тендер нь авилгын эрсдлээр хамгийн өндөр 5 салбарын нэг байсан. Төрөөс хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний үр дүнд энэ үзүүлэлт жил дараалан буурч байна. Төрийн бүх шатны үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлогын хүрээнд тендер буюу худалдан авах ажиллагаа цахим хэлбэрт шилжих ажил шат дараатай хийгдэж байгаа. Өмнө нь тендерийн материалыг цаасаар авдаг байсан бол бид одоо бүх тендерийг 100 хувь цахимаар хүлээн авч байна. Цахим хэлбэрт шилжинэ гэдэг бол ил тод, нээлттэй болжээ л гэсэн үг ш дээ. Таны хэлснээр тендер шалгаруулалт олон нийтийн зүгээс асар их хардлага сэрдлэгийг дагуулдаг. Тендерт таван компани ороход ганц нь л шалгарна. Дөрөв нь яагаад намайг шалгаруулаагүй энэ компанийг шалгаруулав гэсэн гомдолтой үлддэг. Иргэд tender.gov.mn сайтад хандан холбогдох бүх мэдээллийг харах бүрэн боломжтой. Монгол улсад явагдаж байгаа тендерийн бүх мэдээлэл тэнд байна. Компаниуд цаг хугацаа орон зайнаас үл хамааран tender.gov.mn сайтад зарлагдсан тендерт оролцох бол шаардлагатай материалуудаа цахимаар илгээнэ. Тендер нээх цагт хэдэн компани тус тендерт оролцож байгааг харна. Цаашилбал энэ жил тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тендер шалгаруулалтын дараа оролцсон компаниудын материалтай танилцаж, шалгарсан компаниас өөрийгөө давуу байсан гэж үзвэл хуулийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. Харин үндэслэлгүй гомдол гаргавал тендерийн баталгааг улсын орлого болгохоор болсон. Иргэд Tender.gov.mn сайтад хандан төсвийн ерөнхийлөн захирагчийн нэрээр хайлт хийхэд улсад болон тухайн орон нутагт зарлагдсан бүх тендерүүдийг харж болно.
- Тендер шалгаруулалтыг бага үнийн системээр хийдэг. Энэ нь төр чанаргүй бараа материал худалдан авах үндэс болдог гэх яриа бий. Одоо тендер шалгаруулалт ямар зарчмаар явагдаж байна ?
- Иргэдийн дунд хэвшмэл нэг буруу ойлголт явсаар ирсэн. Хамгийн бага үнийн саналыг харанхуйгаар барьж авна гэсэн үг биш. “...Шаардлага хангасан хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн...” гэж хуулинд заасан байдаг. Шаардлага хангасан гэдэг нь хуульд заасан татвар хураамжаа төлсөн, санхүүгийн болон ажлын туршлагын шалгуураа хангасан компанийг хэлж байгаа юм. Тиймээс шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчдын дундаас хамгийн бага үнэтэйг нь шалгаруулна гэсэн үг юм. Жишээлбэл хэдийгээр хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн ч татварын өртэй юм уу, эсвэл санал болгосон бараа материал нь тавьсан шалгуур хангахгүй бол энэ оролцогч шалгарахгүй. Одоо энэ л зарчмаар явагдаж байгаа.
- Манай аймаг орон нутгийнхаа үйлдвэр, үйлчилгээг дэмжиж мөнгөний урсгалыг орон нутагт үлдээх бодлогоор орон нутгийн компанийг тендер шалгаруулалтад давуу эрхтэй гэж үздэг болсон байна л даа. Гэтэл барилга байгууламж автозамын тендерийг ганц хоёрхон компани байнга авдаг. Үнэхээр өөр компани оролцдоггүй юм уу? Орон нутгийн компаниуд ажлаа чанартай гүйцэтгэж чадаж байна уу?
- Тийм давуу эрх бий. Энэ ямар давуу эрх вэ гэхээр Улаанбаатарын болон Дорнод аймгийн компаниуд нэг тендерт оролцжээ. Хоёулаа ижил үнийн саналтай хэр нь нэг нь ажиллах хүчээ Улаанбаатараас бүрдүүлж нөгөө нь орон нутгаас ажиллах хүч авсан бол орон нутгаас ажиллах хүчээ авсан компанийн үнийн саналыг хийсвэрээр 7,5 хувиар буулгадаг. Ингэхээр ижил үнийн саналтай компанитай харьцуулахаар бага үнийн санал гарна аа даа. Ийм давуу эрх бий. Мөн тендерт шалгарах компани ажлаа хийж гүйцэтгэхдээ бараа бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид болон орон нутгаас авах бол яг түрүүнийх шиг хийсвэрээр үнийг нь буулгаж бага үнийн саналын зарчимд оруулж давуу эрх олгодог. Манай тендерт оролцож байгаа орон нутгийн компаниуд орон нутгаасаа ажиллах хүчээ авна гэдэг нөхцлөөр хуулийн дагуу давуу эрх тооцуулдаг. Аливаа юм эргээд буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Тэр ч утгаараа энэ орон нутагт ажиллаж амьдарч байгаа компаниуд орон нутгийн бүтээн байгуулалтад оролцвол илүү ойлголцолд хүрнэ шүү дээ. Мэдээж хуулийн дагуу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд сонирхсон тендертээ оролцох нь нээлттэй. Тендерт ороод шаардлагад нийцвэл бид хуулийн дагуу шалгаруулна. Аймаг орон нутгийн зүгээс барьж буй бодлогын хүрээнд бид хуулийн хүрээнд орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагаа дэмжиж ажиллаж ирсэн. Үүний үр дүнд манай зарласан тендер шалгаруулалтын 80-аас доошгүй хувьд орон нутгийн аж ахуйн нэгж шалгаран ажил гүйцэтгэж байна.
- Худалдан авах ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн баримт бичиг манайд хэр хангалттай вэ?
- Хангалттай гэж бодож байна. Худалдан авах ажиллагаа гэдэг өмч хөрөнгөтэй холбоотой асуудал учир хуулийг ягштал мөрдөж ажиллахыг шаарддаг. Бид хуулийн дагуу шийдвэр гаргасан байхад эргээд ямар ч нөхцөлд гуйвж дайвахгүй. Нөгөөтэйгүүр тендер шалгаруулалтын явцыг иргэд олон нийтийн төлөөлөл, эрх бүхий хууль хяналтын байгууллагууд тогтмол хянаж, шалгадаг бөгөөд аливаа хууль бус шалгаруулалтад тухай бүр хариуцлага тооцон ажилладаг. Өнгөрсөн хугацаанд гэхэд манайтай холбоотой 2, түүнээс нэг нь гурван шатны шүүх дамнасан маргаан үүслээ л дээ. Тэгэхэд бид хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн учир шүүхийн шийдвэр манай талд гарсан. Би энэ ажлыг авсан цагаасаа хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, олон нийтэд ил тод, нээлттэй байх зарчим баримтлан ажиллаж байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

  • Отгонтуяа
  • 1528
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313