

ХҮҮХЭД ӨСГӨХ, ГЭР ОРНЫ АЖИЛ ХИЙХ НЬ ДААЖ ДАВШГҮЙ АЖИЛ БИШ
Баттогтохынх гэдэг айл хоёр охин дөрвөн хүүтэй. Том ихрүүдийнх нь нэг нь охин. Харин бага ихрүүд нь хөвгүүд. Охин нь ээждээ “Та дөрвөн хүү төрүүлчхээд надад дахиад гурван охин дүү төрүүлж өг” гэж нэхсээр Азжаргал хамгийн бага охиноо төрүүлж. Том охин нь охин дүүтэй болсондоо баярлаад нэг их том хүн шиг энэ чинь миний хань байхгүй юу гээд дүүгээ өхөөрдөнө. Азжаргал бага охиноо төрүүлэхдээ ер ядраагүй. Хоёр дараалан ихэр төрүүлсэн болохоор ганц хүүхэд төрүүлэх амар санагдсан гээд багыгаа хүүхэдтэй боллоо чинээ бодолгүй түүртэхгүй өсгөж байна гээд хөтлөөд явах. Ихэр хүүхэд өсгөх нь гэр бүлээрээ ядарна бүгд л хөдлөх шаардлагатай болдог гэнэ. Харин Азжаргал түүний хань хоёр ихэр хүүхэд өсгөхийг тэгтлээ хүндээр хүлээж авдаггүй. Нэг нь ажилдаа явахад нөгөө нь хүүхдээ харж үлдээд цаг заваа зохицуулна. Тэд 10 жил амьдрахдаа зүгээр сууж үзээгүй. Хамтдаа хөдөлмөрлөж талхны цех ажиллуулахаас эхлээд хувиараа янз янзын бизнес эрхэлжээ. Монголчууд бид “хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Энэ нь олон хүүхэд төрүүлж өсгөхийн хэрээр аав ээжийн үүрэг хариуцлага” ихсэж, илүү их хөдөлмөрлөж илүү ихийг олохыг хэлдэг байх. Эмэгтэй хүн ажил хийхээр үр хүүхэд, гэр орон хаягдана, хүүхдүүдээ хараад гэртээ суух ёстой гэж үздэг нөхрүүд бий. Миний хань намайг ажил хийх боломж олгодогт нь би их баярладаг гэж Азжаргал ханиараа бахархаж сууна. Мөн тэрээр би зургаан хүүхэд төрүүлж өсгөхдөө гэртээ суулаа гэж ерөөсөө бухимдаж байгаагүй. Миний хувьд гэр цэвэрлэх, хүүхдүүдээ харах нь уурлаж бухимдмаар ажил биш. Эмэгтэйчүүд гэр орны ажлаас өөр нэг бяцхан зорилго өөртөө бий болгох хэрэгтэй. Тэгвэл нөгөө зорьсон ажлаа хийхийн тулд гэр орныхоо ажлыг түүртэхгүй амжуулдаг. Хааяа нэг гэр орон хөглөрч байх нь асуудал биш шүү дээ. Шаардлагатай үед эмэгтэй хүн гэрээ 30 минутын дотор л цэвэрлэнэ. Тиймээс ээжүүд эзэгтэй нар гэр орны ажлыг, үр хүүхдээ асрахыг дааж давшгүй даваа мэтээр битгий ойлгож байгаасай гэж боддог гэх. Ихэр хүүхэд өсгөхөд ээжийн ажил цаг хугацааны хувьд бүгд хоёроор үржигдэнэ. Азжаргал хүүхдүүдээ салхилуулахдаа эхлээд тэргээ гаргаж дараа нь хоёрыг буулгаж дахиад хоёрыг нь зөөнө. Тэгээд байшингийнхаа гадаа салхилж байтал нэгийнх нь ам цангана, нөгөө нь бие засах болно. Дахиад нэг нь хувцсаа муухай болгоно гээд гурван давхарт байх гэр лүүгээ хэд хэд гүйнэ. Хоёр насны зөрүүтэй зургаан хүүхэд өсгөж байгаа Азжаргалыг байшингийнх нь ээжүүд хараад нэг хүүхэд өсгөхдөө ядарлаа гэж хэлэхээс зовох юм гэдэг гэнэ. Хамгийн бахархалтай нь Азжаргал бүх хүүхдээ хөхөөрөө өсгөжээ. Ихэр хүүхэд төрүүлсэн гээд нөхөртөө тээрэлхэж үзээгүй шөнө нөхрөө сэрээдэггүй гэх. Ихрүүд нь хоёр насны зөрөөтэй болохоор дөрвөн хүүхэд нь цэцэрлэгийн нэг ангид явна. Дөрвөн хүүхдийн хувцас өмсгөж тайлна гэдэг хөөрхөн ажил. Хөгжилтэй зүйл байнга л тохиолдоно. Хүүхэд гунганаад ярьдаг болоход нэг рүү нь харж ярихаар нөгөөх нь бүлтэгнээд өөдөөс харах их хөөрхөн гээд Азжаргал хүүхдүүдийнхээ тухай ярихаар нүд нь сэргээд ирнэ. Хүүхдүүдээ нялхад нь хөхүүлэхдээ ялгахгүй нэгийг нь дахин хөхүүлж нөгөөхийг нь өлсгөчихвий гэхдээ өлгийг нь задалж ялгадаг байсан гээд боддоо. Ийм л хөгжилтэй агаад ажиллагаатай дадал зүйл хэвшил болдог шиг. Ихэр хүүхдийн оймс тэсдэггүй гэдэг нь үнэн гэнэ шүү. Гэрээр дүүрэн өрөөсөн оймс л байх. Цэцэрлэгээсээ ирэхдээ хуучин оймсоо шинээр солиод ирдэг гэнэ лээ. Ихэр хүмүүсийг энэ хорвоо дээрх хамгийн азтай хүмүүс гэх юм. Учир нь тэд найзыгаа хүртэл дагуулаад ирсэн болохоор хэзээ ч ганцаарддаггүй гэнэ. Хоол болох үед ихрүүдийн нэг нь унтаж байвал нөгөөх нь сандарч гүйгээд нөгөөхөө сэрээдэг гэнэ. Нэгийгээ эзгүйд амттан идвэл заавал нөгөөдөө хадгалдаг гээд энэ бүхнийг сонсож суухад өхөөрдөм хэн ч сонссон хайр хүрэм. Цэцэрлэг, сургуульдаа бие биенээ халамжилж өрөөл бусдаас өмөөрнө. Ингээд бодохоор ихэр хүмүүс амь нэгтэй аж.
ГЭР БҮЛ ХАЙРАН ДЭЭР Л ТОГТОНО ШҮҮ ДЭЭ
Азжаргал бага ихрүүдээ төрүүлээд таван хүүхэдтэй болж “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоо зүүж байхдаа ойр ойрхон төрж олон хүүхэдтэй болсондоо бусдаас санаа зовоод тэгтлээ баярлаж хөөрч чадаагүй гэнэлээ. Тэр үед хань нь Азжаргалд тав зургаагийн ялгаа юу байхав дээ гэж аргадан зургаан хүүхэдтэй болж “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонг МУ-ын Ерөнхийлөгчөөсөө гардсан юм. Хүн болгонд үр хүүхдээ өсгөх өөрийн гэсэн арга ухаан бий. Гэхдээ эцсийн дүндээ эцэг эхчүүд үр хүүхдээ сайн хүн болоосой гэсэн ганц л хүсэл тээдэг. Баяртогтохын гэр бүл хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх нь хамгийн чухалд үзнэ. Үүний дараа ах, эгчийгээ хүндэлдэг тэднээс эмээдэг бие биенээ хайрладаг байх хэрэгтэй гэнэ. Ийн ярилцаж Азжаргалын хүүхдээ өсгөж буй туршлагаас хуваалцлаа. Тэрээр “Монголд баяр дэндүү олон. Тэр завсраар хүүхдүүдийн төрсөн өдөр тохионо, сар бүр л ямар нэгэн баяр тэмдэглэх болдог. Баяр болгон их бага ямар нэгэн бэлэгтэй байдаг. Баяраар хүүхдүүддээ бэлэг өгнө гэвэл хүүхдийн хүсэл хязгааргүй, авах зүйл нь гүйцэгдэхгүй шүү дээ. Хүссэн зүйлийг нь авч өгөөд байвал болино гэж үгүй нэхээд л байна. Нэхсэн зүйлийг нь авч өгсөөр дийлэхээ болино, байх байхгүйн зовлонг ойлгохгүй өснө. Тиймээс заримдаа баярыг тэмдэглэхгүй ч байж болно. Бэлэггүйгээр баяр тэмдэглэж болно. Бэлэг заавал үнэтэй, том хэмжээтэй хүссэн зүйл байх албагүй гэдгийг ойлгуулах үүднээс баярыг тэмдэглэхгүй өнгөрүүлэх болсон” гэж ярив. Тэрээр хүүхдүүдээ ах захтай хүмүүжүүлэхийг эрмэлзэж нэг насаар ах байсан ч ахаа, эгчээ гэж хэлж сургадаг. “Ийм л жижиг зүйлээс бусдыг хүндлэх, хүндэтгэх зан чанарт сурна шүү дээ” гэлээ. Хүүхдүүд хоорондоо муудалцах тоолонд би очиж зохицуулдаггүй ээ. Загнаад болиулах амархан. Гэхдээ аль болох асуудалд нь оролцохгүй өөрсдөөр нь асуудлыг нь шийдүүлэхийг хүсдэг юм. Тэр мөн хүүхдүүдээ заавал онц сур гэж шаарддаггүй гэнэ. Ихрүүд нас чацуу, эдэлж хэрэглэж байгаа юм ижил адилхан орчинд амьдарч байгаа хэр нь түвшин адилгүй. Нэг нь ухаантайдаа онц сураад нөгөө нь чадваргүй дээ сул дүн авч байгаа юм биш. Өөр өөр сонирхолтой учраас өөр өөр зүйлд цаг зарцуулж сурлагын дүн нь харилцан адилгүй байдаг юм байна. Тиймээс хүсэхгүй байгаа зүйлийг нь хий гэж хүчлэх нь буруу гэнэ. Сонсоод суухнээ олон хүүхэдтэй ээж судлаач шиг болдог бололтой юм. Тэр нь тийм энэ нь ийм одоо ийм зан гаргавал хүүхдүүд минь ингэнэ би тэгж болохгүй эд нарыг ингүүлж болохгүй гээд бүх л зүйл дээр ажиглалт, дүн шинжилгээ хийж суудаг юмаа даа. Азжаргалын эзэгтэйн хувиар амьдралаа авч явдаг зарчим тун энгийн. Тэрээр “Эрэгтэй хүн бол гэр бүлийн ноён нуруу, ар гэрээ авч явдаг гол хүч. Эр хүний хийморьтой байх эхнэр хүнээс шалтгаална гэж боддог. Намайг анх нөхөртэйгөө айл гэр болоход авга эгч минь эр хүнийг муу муухай үгээр бүү гомдоогоорой гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Тэр л сургаалаар гэр бүлээ хайрлаж ирсэн. Айл гэрт явган хэрүүл муу муухай зүйл авчирдаг гэдэг шүү дээ. Бид хоёр ч зургаан хүүхдийнхээ дэргэд муудах ч завгүй л амьдардаг даа гэнэ. Үнэхээр энэ айл үртэй хүн жаргалтай гэгчээр инээд хөөр, Азжаргал тэдэн насандаа хүнтэй сууна, зургаан хүүхдийн ээж болно, тэдэн насандаа тэдэн хүүхэд төрүүлнэ гэж төлөвлөсөн нь үгүй. Ингэж амьдралыг төлөвлөхөөс илүү гэр бүл болох хоёр хүн бие биенээ таньж мэдэх нь чухал гэж үздэг гэх. Тэрээр гэр бүл хайран дээр л тогтоно шүү дээ. Эмэгтэйчүүд эр нөхрөө өөрчлөх гээд зүтгэдэг. Гэтэл тэр хүн аль хэдийн бие хүн болж төлөвшсөн байдаг. Нөхөр чинь чиний хүүхэд биш учир өөрчлөх гэж зүтгэх хэрэггүй насанд хүрсэн хүн өөрчлөгдөнө ч гэж үгүй хэмээн өөрийн үзэл бодлоо хэвлүүхэн илэрхийлсэн баяр баясал халгиж цалгиад муудалцахын завгүй өдөр хоногийг өнгөрүүлдэг биз-ээ. Хорвоо ертөнцөд мөнх юм гэж үгүй. Харин хүн төрөлхтөн мөнх бус амьдралыг үргэлжлүүлэх гэж үр хүүхэд төрүүлдэг. Монголчууд ертөнцийн гурван баянд эрдэм ном эрхэм баян, үр хүүхэд дунд баян, эд хөрөнгө адаг баян гэдэг. Тийм л нэг Монголын өнөр баян айлын эзэгтэйтэй “Дорнод зон” сэтгүүл ярилцлаа. Азжаргал надад “Та надаас амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу гэж асуухгүй юмуу” гээд инээсэн. Би “Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ гэхэд “Маш их” гээд жаргалтай нь аргагүй хариулсан юм. Энэ л үгийг хэлэх гэж ирсэн үү гэлтэй тэр инээсээр л байлаа.
