Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойд зориулж “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалт Халхгол суманд өрнөж байгаа билээ. 2018 оны 10 сарын 12-ны өдөр шавыг нь тавьсан тус бүтээн байгуулалт 8 сард багтаж дуусна. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболд \"Роснефть\" нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол суманд 8 сая евро хандивлаж “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх болсноо мэдэгдэж байсан. Бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон , соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль , дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, спорт заал, тоглоомын талбай , авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай шинээр бий болно. Мөн шинэ болон хуучин сумын төвийг дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр бохир усны асуудлыг шийдэх юм. Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Их модун” компани, туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, сумын иргэд нийт 300 гаруй хүн оролцож байна.