Зуны Тэргүүн сарын билэгт сайн өдөр буюу 5 дугаар сарын 7-ны өдөр Хан-уулын тахилга болохтой холбогдуулан Дорнод аймгийн Морин спорт Уяачдын холбооны Тэргүүлэгчдээс Их нас, соёолон, хязаалан насны хурдан морьдын уралдааныг зохион байгуулах юм. Монголын Морин спорт, Уяачдын холбооны эрхэм дээд шагнал болох “Эрдэнийн очир” одонгийн мялаалга болгон энэхүү уралдааныг хийж байгаа юм. Тус шагналыг манай аймгийн 30 гаруй уяач хүртэж байсан ба анхныхыг нь Матад сумын уугуул Монгол улсын манлай уяач Бат-Очирын Цэндбаатар авч байжээ. Монголын Морин спорт, Уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж энэхүү эрхэм шагналыг бий болгосон байна. Хоёр мянга гаруй гишүүнтэй Дорнод аймгийн МСУХ-оос ийнхүү мялаалга наадмаар зуны морин уралдааны эхлэлийг нээж байна.