Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТеатрын хамт олон “ТЕАТРЫН ӨДРҮҮД” хаврын аялан тоглолтоо 4 дүгээр сарын 24,25,26,27-ны манай аймагт зохион байгуулах гэж байна. Халх голын 80 жилийн ойд зориулж буй аялан тоглолтоор нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанарын шилдэг бүтээлүүдээс дээжлэн хүргэнэ. Үүнд: Б.Цогнэмэх “ТЭНГЭРИЙН ХҮҮ” түүхэн жүжиг, шинээр тайзны бүтээл болсон Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” нийгэм уянгын драмын жүжиг, Э.Оюуны зохиол “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” уянгын драмын жүжиг, С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилуул байна. “ТЕАТРЫН ӨДРҮҮД”-ээр орон нутгийн үзэгчиддээ оюуны хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ уран бүтээлч үзэгчдийн уулзалт ярилцлага, мэргэжил арга зүйн сургалтуудыг зохион байгуулж, Тусгаар тогтнолын талбайд 24-ний 17:30 цагт Нээлтийн шоуг зохион байгуулна. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 70 орчим уран бүтээлчид оролцох аж. Энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд Дорнод нутгаараа овоглодог Матад сумаас төрөн гарсан уран бүтээлч МУГЖ Г.Урнаа оролцож “Тэнгэрийн хүү” жүжгийн /хаалтын тоглолтод/ Могол хатан, “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяа-гийн дүрээр нутгийн зон олонтойгоо учран золгох юм байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 99199794 утаснаас аваарай.