Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас энэ онд 30.7 тэрбум төгрөгийн 133 тендер шалгаруулах юм байна. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар 17, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 51, авто замын сангийн хөрөнгөөр 11, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 35, улсын төсвийн хөрөнгөөр 19 төсөл, үйл ажиллагааг зохион явуулах нь.
Одоогийн байдлаар тус газар барилга угсралтын ажлын тендер зарлах бэлтгэл ажлаа хангаж, зураг төсвийг мэргэжлийн байгууллагууд хянаж байгаа юм байна. Монгол Улсын Засгын газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Орон нутгийн өмчийн газар нь бүх тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ашиглан зохион явуулах ёстой. Үүний дагуу өнгөрсөн онд худалдан авах ажиллагааг 100 хувь цахимаар явуулж байжээ. Өнгөрсөн онд тус газар нь аймгийн Засаг даргын 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 12,3 тэрбум төгрөгийн 115 тендер шалгаруулалт зохион байгуулсан. Төлөвлөгөөнд тусгасан нийт хөрөнгө оруулалтын 30 гаруй хувь боловсролын салбарт хийгдсэн байна.