Ши Жиньпин, Пэн Ли-юань нар АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын 33 дахь албан бус уулзалтад оролцож буй зочдод зориулан хүндэтгэлийн зоог барив
11-р сарын 18-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Ли-юаний хамт Шэньжэнь хотын Олон улсын солилцооны төвд АПЕК-ийн Эдийн засгийн удирдагчдын 33 дахь албан бус уулзалтад оролцож буй зочдод зориулан хүндэтгэлийн зоог барив.
Хүндэтгэлийн зоог эхлэхийн өмнө дарга Ши Жиньпин болон түүний гэргий гишүүн эдийн засгуудын удирдагчид, төлөөлөгчид болон тэдний гэргий, нөхрийн хамт дурсгалын зураг татуулав.
Хүндэтгэлийн зоог барих үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Шэньжэнь бол агуу түүхтэй газар юм. 1978 онд намайг анх ирэхэд загас агнуурын жижиг тосгон байснаа одоо хөл хөдөлгөөн ихтэй их хот болж хувирсан нь үнэхээр гайхалтай өөрчлөлт юм. Нээлттэй байдал бол Шэньжэний мөн чанарт нь шингэсэн зүйл. Өнөөдөр Шэньжэнь нь Хятад улс дэлхий ертөнцөд өндөр түвшинд нээлттэй болох үйл явцын үүд хаалга болж байна. Инновац бол Шэньжэний эрч хүчний эх ундарга юм. Жил бүр олон улсын патентын 20 орчим мянган мэдүүлэг бүртгүүлж, дэвшилтэт үйлдвэрлэл болон орчин үеийн үйлчилгээний салбараа зэрэгцүүлэн хөгжүүлж байгаа тул Шэньжэнь хот нь Хятад улс дахь кластерт суурилсан инновацийн тэргүүлэх төв болжээ. Хамтын ажиллагаа бол Шэньжэний хүч чадлын эх сурвалж юм. Дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн авьяастнуудыг нэгтгэснээр тус хот нь Хятад улс болон дэлхийн бусад улс орнуудын хоорондох харилцан ашигтай хамтын ажиллагааны эрч хүчтэй төв болон хувирсан байна. Шэньжэний түүх бол Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлогын үйл явцыг бүрэн илтгэх жижиг загвар юм. Түүнчлэн энэ нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааны амжилттай жишээ болж байна гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, APEC (Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага) нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Цаг үеийн шаардлагыг мэдэрч, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын үйл явцыг манлайлснаараа APEC нь Ази-Номхон далайн бүс нутгийг дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй бүс, өсөлтийн чухал хөдөлгүүр болгоход хувь нэмрээ оруулсан юм.
Энэ онд APEC-ийн даргалагч орны үүргийг хүлээж авснаасаа хойш Хятад улс 16 хотод 300 гаруй уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Гишүүн эдийн засгуудын 10000 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцсон нь энэхүү "Хятадын жил"-ийн хүрээнд томоохон үр дүнд хүрэх боломжийг бүрдүүлж өглөө. Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, бүс нутгийн хөгжлийн төлөөх бидний хамтын зорилгыг урагшлуулахын тулд та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN