Аймгийн хэмжээнд тэмбүү өвчний тархалт их байгааг “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах” төслийн багийнхан мэдээллээ. Уг төсөл өнгөрсөн оны 11 сарын 21-нээс энэ оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд Чойбалсан хотын 11 баг, дөрвөн сумын 4 мянга шахам иргэдийг үзлэг оношилгоонд хамруулжээ. Үзлэгийн үеэр 338 өвчлөл илэрсний дийлэнх хувийг тэмбүү өвчин эзэлж байгаа юм. Түүнчлэн төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол ч мөн нэмэгдэж байгаа таагүй дүн гараад байгаа аж. Тухайлбал, 2017 онд төрөлхийн тэмбүүтэй 2 хүүхэд бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 5 болж өсчээ.
Төслийн багт ажилласан БОЭТ-ын Халдвартын их эмч Б.Дэлгэрмаа “Бэлгийн замаар дамжих халдварт өвчний дийлэнх нь эмнэлзүйн ямар нэг шинж тэмдэггүй байдаг учраас тухайн хүн халдвар тээгч болсноо мэдэхгүй байх нь түгээмэл. Тийм ч учраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд иргэдийн хамрагдах байдал дутагдалтай байгааг цаашид анхаарах хэрэгтэй” гэв. Түүнчлэн, халдвар авсан хүмүүсийн тодорхой хувийг өсвөр насныхан эзэлж байгааг төслийн багийнхан хэлж байлаа.