ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хатан голын хамгаалалт, менежментийн ажлыг улам сайжруулах талаар чухал заавар өглөө. Тэрбээр Хятадын Коммунист Нам ард түмнээ удирдан 80 жилийн турш Хатан голын үер усны гамшгаас сэргийлэх ажлыг үр ашигтай зохицуулж, түүхэнд гурван жилд хоёр удаа далан сэтэрдэг байсан нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж, үерийн аюулаас жил бүр хамгаалж чадсан гайхамшигт амжилт бүтээснийг онцлов.
Ши Жиньпин шинэ хөгжлийн үе шатанд хамгаалалтыг тэргүүнд тавьж, менежментийг чухалчлах стратегийн шаардлагыг баримтлан, ус хэмнэлтийг нэн тэргүүнд тавих, усны нөөцийг бүс нутгийн хэмжээнд тэнцвэртэй хуваарилах, цогц менежмент хэрэгжүүлэх, төрийн зохицуулалт болон зах зээлийн механизмыг хослуулах зарчмыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн байгаль хамгааллын өргөн хүрээний хамтын ажиллагааг бэхжүүлж, Хатан голын ай сав газрын экологийн хамгаалалт, чанартай хөгжлийг ахиулан, улсын экологийн аюулгүй байдлын хамгаалалтыг бататгаж, Хатан голын урт хугацааны аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ Хатан голын соёлыг өвлөн уламжилж, эх мөрнөө улам үзэсгэлэнтэй болгохыг онцоллоо.
Хатан голын хамгаалалт, менежментийн ажлыг бүх талаар ахиулах хурал арван нэгдүгээр сарын 2-нд Хэнань мужийн Жэнжөү хотод болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Лю Гүөжүнь хуралд оролцож үг хэлэхдээ, Ши Жиньпин даргын чухал зааврыг хэрэгжүүлж, байгаль хамгааллын хамтын ажиллагаа, нэгдсэн менежментийг эрчимжүүлэх, усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, усан хангамжийн сүлжээний нэгдсэн зохицуулалтын чадавхыг дээшлүүлэх, усны экологийн орчны хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN