БНХАУ-ын Хятадын Коммунист Нам (ХКН) 11 дүгээр сарын 1-нд “Намын сахилга, хариуцлагыг бүх талаар чангатгах ажлыг тууштай урагшлуулахтай холбоотой зарим чухал асуудлын тухай ХКН-ын Төв Хорооны шийдвэр”-ийг нийтэллээ.
Уг шийдвэрийг 10 дугаар сарын 29-нд болсон ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны V бүгд хурлаар баталсан бөгөөд намын сахилга, хариуцлагыг бүх талаар чангатгах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь тодорхойлжээ.
Шийдвэрт шинэ эрин үед намын сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр гарсан ололт амжилт, хуримтлуулсан туршлагыг нэгтгэн дүгнэж, намын удирдлага болон дотоод засаглалын хүрээнд тулгарч буй шинэ нөхцөл байдал, зорилтуудад дүн шинжилгээ хийсэн байна.
Түүнчлэн намын бүх талын удирдлага, Намын Төв Хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг тууштай баримтлахын зэрэгцээ улс төрийн байгуулалтыг тэргүүлэх чиглэл болгох, намын сахилга, хариуцлагыг бэхжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, урт хугацаанд төр барих чадавхыг дээшлүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд намын гишүүдийн намч чанарыг бэхжүүлэх, ардчилсан төвлөрлийн зарчмыг чанд мөрдөх, өндөр ур чадвартай боловсон хүчний баг бүрдүүлэх, намын зохион байгуулалтын тогтолцоог бэхжүүлэх, ажлын арга барилыг сайжруулах, сахилга батыг чанд сахиулах зэрэг чиглэлийг тусгасан байна.
Мөн авлигаас эмээдэг, авлига үйлдэх боломжгүй, авлига үйлдэх хүсэлгүй байх нөхцөлийг цогцоор нь бүрдүүлж, намын үйл ажиллагааг тогтолцоо, дүрэм журмын дагуу явуулахыг зорьжээ.
Боловсон хүчний сонгон шалгаруулалт, хяналтыг сайжруулна
Боловсон хүчний багийг бэхжүүлэх хүрээнд ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа зөв зарчим баримтлах, тэднийг сургаж хөгжүүлэх, томилох, удирдах, хяналт тавих тогтолцоог сайжруулахыг онцолсон байна.
Түүнчлэн албан тушаалтнуудын дунд ажлын үр дүнг зөв үнэлэх, бодит амжилтыг чухалчлах үзэл төлөвшүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Хүнд суртал, авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ
Ажлын арга барилыг сайжруулах хүрээнд Намын Төв Хорооны найман зүйлт журмын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, ажил хэрэгч бус хандлага, хэлбэр хөөцөлдөх, хүнд суртлыг тасралтгүй засаж залруулахыг шаардсан байна. Ингэснээр нам, ард түмний харилцаа, холбоог улам бэхжүүлэх зорилготой аж.
Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд авлигын хэргийг хатуу шийтгэх бодлогыг үргэлжлүүлж, өндөр болон доод шатны албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөн гадаад улс руу оргон зайлсан авлигын хэрэгтнүүдтэй тууштай тэмцэхийг онцолжээ.
Үүний зэрэгцээ төрийн эрх мэдлийн хэрэгжилтэд тавих хяналт, хязгаарлалтыг чангатгах, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сахилга, хяналт шалгалтын цахим тогтолцоог хөгжүүлэхээр тусгасан байна.
Намын дотоод хяналт, дүрэм журмын тогтолцоог боловсронгуй болгоно
Шийдвэрт намын дотоод дүрэм, журмын тогтолцоог боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулах, нам болон төрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг мөн тусгажээ.
Түүнчлэн бүх шатны намын байгууллагууд өөрсдийн удирдлага дор намын сахилга, хариуцлагыг чангатгах үүргээ бүрэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Шийдвэрийн төгсгөлд намын сахилга, хариуцлагыг бүх талаар чангатгах ажил нь тасралтгүй үргэлжлэх үйл явц болохыг тэмдэглэжээ. Иймд нам даяараа уг ажлыг тууштай урагшлуулж, шинэ эрин үед намыг удирдах, бэхжүүлэх үйл хэрэгт шинэ ахиц гаргахыг уриалсан байна.
Энэ нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар урагшлуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэхэд бат бөх баталгаа бүрдүүлэх зорилготой аж.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN