Өнөөгийн Хятад улсыг ойлгохын тулд ХКН-ыг ойлгох шаардлагатай. Аравдугаар сарын 26–29-ний өдрүүдэд болсон ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлаар “Намыг бүх талаар чанд засаглах ажлыг тууштай ахиулахтай холбоотой зарим чухал асуудлын тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр”-ийг хэлэлцэн баталж, намыг бүх талаар чанд засаглах ажлыг цаашид тууштай хэрэгжүүлэх стратегийн чиглэлийг тодорхойлсон нь олон улсын анхаарлыг татлаа.
100 сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том эрх баригч нам болох ХКН зуу гаруй жилийн түүхэн сорилтыг даван туулж, хэрхэн эрч хүчээ хадгалсаар ирсэн бэ? ХКН-ын XVIII их хурлаас хойш тус нам өөрийгөө бүх талаар чанд засаглах бодлогыг тууштай хэрэгжүүлж, зуун жилийн түүхтэй намын өөрийгөө шинэчлэх үйл явцыг шинэ шатанд гаргасан төдийгүй дэлхий нийтэд гурван чиглэлээр чухал туршлага санал болгож байна.
Нэгдүгээрт, намыг дүрэм, журмын дагуу засаглаж, институцийн тогтолцоог бэхжүүлэх явдал юм. Тогтолцооны давуу тал нь улс орон, улс төрийн намын хамгийн чухал давуу талуудын нэг билээ. ХКН намын дотоод дүрэм, журмыг боловсруулж, шинэчлэх, сахилга батын шалгалт, хяналтын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар намын засаглалын институцийн үндсийг тасралтгүй бэхжүүлж, тогтолцооны давуу талаа төрийн засаглалын үр нөлөө болгон хувиргаж байна.
Энэ удаагийн бүгд хурлаар намын дотоод дүрэм, журмын тогтолцоог бэхжүүлэх нь намыг бүх талаар чанд засаглах урт хугацааны, үндсэн арга зам болохыг онцолжээ.
Хоёрдугаарт, авлигатай хийх тэмцлийг тууштай үргэлжлүүлэх явдал юм. ХКН Төв хорооны нэгдсэн удирдлага дор авлига үйлдэхээс эмээдэг, авлига үйлдэх боломжгүй, авлига үйлдэх хүсэлгүй байх тогтолцоог цогцоор нь бүрдүүлэхийг зорьж, Хятадын онцлогт тохирсон авлигатай тэмцэх арга замыг хэрэгжүүлж иржээ.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын бүх шатны сахилга батын шалгалт, хяналтын байгууллагууд нийт 8 сая 105 мянган хэрэг үүсгэн шалгаж, 7 сая 922 мянган хүнд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ удаагийн бүгд хурлаар авлигатай хийх тэмцлийг эцсийг нь хүртэл үргэлжлүүлэх шаардлагатайг дахин онцолжээ.
Гуравдугаарт, ард түмнийг төвд тавих зарчмыг баримтлах явдал юм. ХКН Төв хорооны найман заалт бүхий журмыг боловсруулж, хэрэгжүүлэх, ажлын арга барилаа тасралтгүй сайжруулах, олон нийтийн хяналтын сувгийг өргөжүүлэх замаар нам, ард түмний харилцаа холбоог бэхжүүлж иржээ.
Хятадын Үндэсний статистикийн газраас 2025 онд явуулсан судалгаагаар оролцогчдын 95.5 хувь нь Төв хорооны найман заалт бүхий журмын үзэл санааг хэрэгжүүлсэн үр дүнг эергээр үнэлсэн бол 92.2 хувь нь нам, төрийн байгууллагуудын ажлын арга барилын өөрчлөлт нийгмийн уур амьсгалыг сайжруулахад үзүүлсэн үр нөлөөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд улам олон орны улс төрийн намын төлөөлөгчид Хятадад айлчилж, ХКН-ын өөрийгөө бүх талаар чанд засаглах бодлогын хэрэгжилттэй газар дээр нь танилцан, өөрийн орны нөхцөл байдалд тохирсон засаглалын арга замыг эрэлхийлэх болжээ. Намын дүрэм, журмын тогтолцоог боловсронгуй болгох, авлигатай тэмцэх, ард иргэдтэй харилцах холбоог бэхжүүлэх чиглэлээр ХКН-ын хуримтлуулсан туршлага нь дэлхийн улс төрийн намуудын засаглал, улс төрийн соёл иргэншлийн хөгжилд Хятадын туршлагыг санал болгож байна.
Энэ онд ХКН байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгаа бөгөөд мөн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлж буй анхны жил юм. ХКН цаашид өөрийгөө цэвэршүүлэх, боловсронгуй болгох, шинэчлэх, чадавхаа дээшлүүлэх үйл явцыг тууштай ахиулж, намыг бүх талаар чанд засаглах замаар Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд бат бөх баталгаа бүрдүүлэн, дэлхийн хөгжилд илүү их тогтвортой байдал, тодорхой байдлыг бий болгохыг зорьж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN