Ши Жиньпин Өвөр Монголын Улаанцав хотод ажиллаж байна
16-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин "ногоон хөгжил" бол өндөр чанартай хөгжлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр өндөр чанартай хөгжил болон өндөр стандартад нийцсэн байгаль орчныг хамгаалахыг тэнцвэртэй авч үзэхийг уриалж, уул, ус, ой мод, тариалан, нуур, бэлчээр, цөлийг цогцоор нь хамгаалж, системтэйгээр зохицуулах шаардлагатайг онцоллоо. Мөн экологийг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн замыг тууштай баримтлахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг хязгаарлах, ногоон бүсийг тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлуудыг уялдуулан зохицуулахыг үүрэг болгов.
16-ны үдээс өмнө Ши Жиньпин Өвөр Монголын намын хорооны дарга Ван Вэйжун, Өвөр Монголын Засаг дарга Бао Ган нарын хамт Улаанцав хотод очиж, нөхцөл байдалтай танилцан, судалгаа хийлээ.
Улаанцав хотын Цахар баруун урд хошуунд байрлах Ангай нуур нь урьд нь уур амьсгал болон бусад хүчин зүйлсийн улмаас ширгэхэд ойртсон нуур юм. Олон жилийн турш хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд тус нуурын усны гадаргын талбай аажмаар сэргэж, тэлэн өргөжжээ. Ши Жиньпин Ангай нуурын байгалийн нөөц газарт зочлох үеэрээ Өвөр Монголын экологи, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажил, мөн Ангай нуурын орчныг цогцоор нь зохицуулах, экосистемийг сэргээх орон нутгийн санаачилгуудын талаар мэдээлэл сонсов. Тэрээр байгалийг хүндэтгэх, түүний зүй тогтлыг дагах, байгаль орчныг хамгаалахын чухлыг онцолж, "Намгийн бүсийг хамгаалах тухай хууль"-ийг бүрэн хэрэгжүүлэх, экологийн хамгаалалтын "улаан шугам"-ыг чанд мөрдөх, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулах, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахыг онцоллоо.
Улаанцав хот нь салхи болон нарны эрчим хүчний арвин нөөцтэй. Сүүлийн жилүүдэд тус хот нь "ногоон" цахилгаан эрчим хүч, таатай уур амьсгал, стратегийн чухал байршил зэрэг давуу талуудаа ашиглан, "ногоон" тооцооллын хүчин чадлын салбарыг хөгжүүлэхэд нааштай үр дүнд хүрч байна. Цахарын өндөр технологийн хөгжлийн бүсэд Ши Жиньпин үзэсгэлэнгийн танхимд зочилж, Өвөр Монголын "Зүүн өгөгдөл, Баруун тооцоолол" (тооцооллын нөөцийг зүүн бүсээс баруун бүс рүү шилжүүлэх) төслийн төв зангилааг байгуулах явц болон ногоон тооцооллын эрчим хүчний салбарын талаар мэдээлэл авав. Тэрээр ашиглалтад оруулсан төслүүдийн үр ашигтай ажиллагааг хангах, дараагийн төслүүдийг цаг тухайд нь байгуулахын тулд шинжлэх ухааны төлөвлөлт, нөөцийн дэмжлэг, аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр мөн аж үйлдвэрийн сүлжээг өргөтгөж, дижитал эдийн засгийг бодит эдийн засагтай гүнзгий нэгтгэхийг дэмжиж, ингэснээр тооцооллын хүчний давуу талыг хөгжлийн давуу тал болгон тасралтгүй хувиргахыг тушаав.
Үүний дараа Ши Жиньпин төслийн менежерүүд, техникийн ажилтнууд болон Цахарын өндөр технологийн хөгжлийн бүсийн ажилтнуудтай халуун дотноор яриа өрнүүлэв. Тэрээр тооцооллын эрчим хүчний сүлжээ нь улсын хэмжээнд төлөвлөж, хөгжүүлсэн "зургаан томоохон сүлжээ"-ний нэг бөгөөд тооцооллын эрчим хүчний салбар одоогоор өргөн цар хүрээтэй хурдацтай өсөлтийн үе шатандаа явж байгааг онцоллоо. Та бүхэн тооцооллын эрчим хүчний төвийн төслийг амжилттай барьж, ажиллуулж, "Дижитал Хятад" санаачилгыг урагшлуулах, шинэ чанартай үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.
Ши Жиньпин мөн орон нутгийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнтй танилцаж, тэдгээрийн гол төрөл зүйл, чанарын шинж чанарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав. Тэрээр орон нутгийн удирдлагуудыг үйлдвэрлэл, борлуулалтын хоорондын холбоог бэхжүүлж, тариаланчид, малчдын орлогыг нэмэгдүүлж, хөгжил цэцэглэлтэд хүрэхэд нь туслахыг уриалав.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN