Төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын шав тавих ёслол боллоо
БНХАУ-аас Монгол улсад буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Монгол, Хятадын Төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнөөдөр буюу 10-р сарын 15-нд Улаанбаатар хотод боллоо. Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн бодит илэрхийлэл болсон энэхүү төслийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли, Улаанбаатар хотын захирагч Б. Бүрэвдагва нар оролцжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээний үеэр хэлэхдээ, Энэхүү иж бүрэн цогцолбор байгууламж нь өдөрт 6 мянга орчим хүүхэд залуучууд 19 төрлийн спортоор хичээллэж, 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, нийт 58 мянган метр квадрат талбай бүхий манай спортын салбарын түүхэн бүтээн байгуулалт болох юм хэмээн онцлоод, Энэхүү төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин танд болон БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.
Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли ёслолын арга хэмжээнд хэлсэн үгэндээ, БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Монгол, Хятадын Төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын төсөл бол Монгол улсын ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх чухал төсөл юм гэлээ.
Төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын нийт талбай 30,000 м², барилгын нийт талбай 58,247 м² бөгөөд үүнээс газрын дээрх гурван давхар (зарим хэсэгтээ дөрвөн давхар) нь 42,238 м², газар доорх нэг давхар нь 16,009 м² юм байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN