
“Дорнод сонин”-ы өмнөх дугаарт “Хилийн чанад дахь уралдаанч хүүхдүүдийг хэн хамгаалах вэ” гарчигтай нийтлэл гарсаныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хилийн чанадад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг энэ онд тандан судлахаар болсон талаар бидэнд мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн оны төгсгөлд Монгол, Хятад, ОХУ улс хил орчмын асуудлаарх томоохон уулзалт зохион байгуулжээ. Энэ хуралдаанаар хил орчмын аймаг, сумдын хүүхдүүд хурдан морь унах, мал маллахаар хөрш зэргэлдээ улс руу олноор явж байгаа тухай хөндөж ярилцсан байна. Уг ажлын хүрээнд зэргэлдээ оронд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг гаргах, тэдний ажиллаж буй нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилт тавьжээ. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хятад улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг судлах ажлаа холбогдох яам, тамгын газрын шийдвэрийн дагуу энэ хавар эхлүүлэх юм байна.
\"Дорнод\" сонин. 2019.01.21 №03