Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба өнөөдөр буюу 14-ний үдээс өмнө “15-р таван жилийн төлөвлөгөөг эхлүүлж, урагшлуулах нь” сэдэвт цуврал хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Үндэсний уламжлалт анагаах ухааны газар, Үндэсний өвчний хяналт, сэргийлэлтийн газар зэрэг байгууллагууд “Эрүүл Хятад орон” стратегийн хэрэгжилтэд шийдвэрлэх ахиц гаргахтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны дэд дарга Гүө Яньхүн хэлэхдээ, иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэртэйгээ ойр, хүртээмжтэй байдлаар авч, шаардлагатай эмчилгээгээ чанартай хийлгэхийг хүсдэг. Өдгөө Хятад улс дэлхийн хамгийн том эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний системийг бүрдүүлээд байна. Үндэсний хэмжээнд 1.1 сая гаруй эрүүл мэндийн байгууллага ажиллаж, иргэдийн 90 гаруй хувь нь хамгийн ойрын эмнэлгийн тусламж, үйлчилгээний цэгт 15 минутын дотор хүрэх боломжтой болжээ. Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн хэрэгцээ, хүлээлттэй харьцуулахад хангалтгүй хэвээр байна. Тиймээс ирэх 5 жилд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулж, уялдаа холбоо бүхий тогтолцоог боловсронгуй болгож, иргэдэд гэрийнх нь ойролцоо чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг хангахаар зорьж ажиллах болно.
“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд шат шатны болон төрөл бүрийн эмнэлгийн байгууллагын үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөөцийг зохистой хуваарилна. Төв суурингийн эрүүл мэндийн төв болон олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдийн эмнэлгийн үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлж, анхан шатны тусламж, үйлчилгээний онцлог бүхий тасаг, нэгжүүдийг гаргана. Мөн түгээмэл өвчнийг оношлох, эмчлэх чадвар болон иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, орон нутгийн иргэдийн өдөр тутмын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгцээг илүү сайн хангана.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN