9-р сарын 3-ны өдөр “Түмэн бээрийн цайны зам” Хятад, Монголын уран зураачдын шилдэг бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгийн хоёр дахь өртөө Хөххотод албан ёсоор эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь Хятад, Монгол хоёр орны дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтран хийсэн аялал, уран бүтээлийн үр дүнг төвлөрүүлэн харуулж байгаа бөгөөд 10 хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн хугацаанд хоёр орны зураачдын бүтээсэн 100 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
Энэхүү үзэсгэлэн нь Эрээн хотод зохион байгуулагдаж буй Хятад, Монголын хоёр дахь удаагийн соёлын солилцооны улирлын гол арга хэмжээний нэг хэсэг юм. Өмнө нь Хятад, Монгол хоёр орны 20 гаруй уран зураачид эртний тэмээн жингийн замын түүхэн мөрөөр аялж, Эрээн хотоос гараагаа эхлүүлэн өмнө зүгт чиглэн, Өвөр Монгол болон Фүжянь мужийг туулсан олон газарт хамтарсан судалгаа, уран бүтээлийн аялал хийжээ. Тэд аяллын замд тохиолдсон уул ус, байгалийн төрх, нутгийн ахуй соёл, түүхэн дурсамжийг зотон дээр мөнхөлсөн байна. Энэ оны 7-р сард тус аялалын үзэсгэлэнгийн анхны арга хэмжээ Эрээн хотод амжилттай зохион байгуулагдаж, олон төрлийн урлагийн бүтээлүүд нэг дор дэлгэгдэн, “Түмэн бээрийн цайны зам”-ын худалдааны түүхэн дурсамж болон соёлын гүн агуулгыг уран сайхны хэлбэрээр тод харуулсан бөгөөд нийгмийн бүх салбарын өргөн сайшаалыг хүртсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хөххотын үзэсгэлэн өндөрлөсний дараа энэхүү хамтарсан аялалын үзэсгэлэн Фүжянь мужийн Фүжөү хотод үргэлжлэн зохион байгуулагдаж, Хятад, Монголын соёлын солилцооны агуулга болон хэлбэрийг улам баяжуулах юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN