“Энэхүү томоохон тэмцээн Хятад улс дэвшилтэт роботын салбарт ямар хурдацтай хөгжиж байгааг харууллаа”, “Хятад улс технологийн ололт амжилтаа дэлхийд харуулаад зогсохгүй хүн төрөлхтний ирээдүйн амьдралыг ч бодитоор үзүүллээ”, “Энэхүү ‘Роботын олимп’ нь Хятадын хүн дүрст роботын салбар технологийн үзүүлэнгээс бодит хэрэглээний шатанд шилжиж буйн илрэл боллоо” гэж наймдугаар сарын 22-26-нд Бээжинд болсон Дэлхийн хүн дүрст роботын спортын хоёр дахь удаагийн наадмыг Америкийн Ассошиэйтед Пресс агентлаг, Японы “Асахи Шимбүн” сонины цахим хуудас, Испанийн “Эль Паис” сонины цахим хуудас зэрэг гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон анхаарч, өндрөөр үнэлжээ.
100 метрийн замд салхи мэт хурдалж, өндрийн харайлтын талбайд хүчтэй үсэрнэ.Хүмүүстэй нэг тайзан дээр хөгжим тоглож, теннисний ширүүн өрсөлдөөн өрнүүлнэ. Тарааж орхисон эд зүйлсийг өөрөө таньж, эмх цэгцтэй хураахаас эхлээд ачаа тээш зөөж, ор засаж, бараа нөхөн байрлуулах хүртэл олон төрлийн даалгаврыг гүйцэтгэв. Таван өдрийн турш дэлхийн зургаан тивийн 16 орны 666 багийн 2056 робот нэгэн талбарт өрсөлдөж, ирээдүйн өнгө аясыг мэдрүүлсэн технологийн томоохон наадмыг үзэгчдэд хүргэлээ. Дэлхийд анх удаа хүн дүрст роботыг тэмцээний үндсэн оролцогч болгосон спортын цогц наадам болохын хувьд Дэлхийн хүн дүрст роботын спортын наадам нь роботын чадварыг сорих талбар төдийгүй роботын үйлдвэрлэлийн хөгжлийг ажиглах чухал цонх болж байна.
Өмнөх наадамтай харьцуулахад энэ жилийн тэмцээний нэг онцлог нь “илүү хурдан, илүү өндөр” болсон явдал юм. Интернет хэрэглэгчид бүр “хүний тогтоосон дэлхийн дээд амжилт ч хүрэлцэхгүй болох нь” гэж үнэлжээ. Үүгээр зогсохгүй энэ удаагийн наадам роботын “ажил хийх” чадварыг илүүтэй сорьж, хүн дүрст роботууд ч “илүү хүчтэй” болжээ. Энэ жил олон төрөлд хүний алсын удирдлагыг халж, роботыг бүх үйл явцыг бие даан гүйцэтгэх горимд шилжүүлсэн нь орчноо мэдрэх, бие даан шийдвэр гаргах чадварыг нь шууд сорьсон байна.
Нийт 51 төрлийн тэмцээний 21 нь айл өрх, зочид буудал, ложистик зэрэг бодит хэрэглээний орчныг дуурайлган зохион байгуулагджээ. Угсралт, материал нийлүүлэх, гэр ахуйн үйлчилгээ, гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаанаас эхлээд нунтаг материалыг нарийн жинлэх зэрэг гарын ур дүй шаардсан ажлыг хүртэл хамруулсан нь бодит амьдрал дахь хүнд хүчир, бохир, аюултай, төвөгтэй ажлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь роботуудыг тэмцээний талбайд “гүйдэг” байхаас цаашлуулж, үйлдвэрт “ажилладаг”, айл өрхөд “хэрэглэгддэг” болгон хөгжүүлж, хүн дүрст роботыг үйлдвэрлэл, амьдралд өргөнөөр нэвтрүүлэхэд түлхэц үзүүлнэ.
Тэмцээнд Хятадын роботууд онцгой амжилт үзүүлжээ. 100 метрийн хурдны уралдаанд хүний дээд амжилтыг шинэчлэн тогтоохоос эхлээд эмнэлгийн орчинд бие даан зорчиж, эд материал хүргэх, өвчтөнд зам заах зэрэг олон даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Бээжингийн Хүн дүрст роботын инновацын төв энэ удаа дөрвөн төрлийн роботоо 40 гаруй төрөлд оролцуулж, олон амжилт гаргажээ. Тус төвийн холбогдох албан тушаалтан ярилцлага өгөхдөө, роботын үе мөчний мотор, бүтцийн зохион байгуулалтыг тасралтгүй сайжруулснаар өндөр эрчимтэй хөдөлгөөн хийх хүч, зохицуулалтын чадварыг эрс нэмэгдүүлсэн гэжээ.
“Тайзан дээрх нэг минутын амжилтын ард тайзны ар дахь арван жилийн хөдөлмөр бий.” Ололт амжилт бүрийн цаана технологийг дахин дахин туршин сайжруулж, олон жилийн турш хуримтлуулсан хүчин чармайлт байдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын роботууд лабораториос гарч, өргөн цар хүрээтэй хэрэглээнд хурдацтай нэвтэрч, чанартай хөгжилд шинэ хөдөлгөгч хүч нэмж байна. Хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд хүн дүрст робот гэрлэн дохиотой уялдан автомашины хөдөлгөөнийг зохицуулж, эмийн сангуудад шөнийн цагаар эм ангилан ялгаж, жижүүрийн эм зүйчдийн ажлын ачааллыг хуваалцаж байна.
Тоо баримтаас үзвэл, Хятадын өөрийн брэндийн аж үйлдвэрийн роботын хэрэглээ 253 салбарын дэд ангиллыг хамраад байна. Энэ оны эхний хагаст Хятадын хүн дүрст роботын нийлүүлэлт 40 мянган нэгжээс давж, дэлхийн нийт нийлүүлэлтийн 97 хувьд хүрсэн бол нэгдүгээр улиралд хүн дүрст роботын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 210 хувиар өсжээ.
Тэгвэл Хятадын хүн дүрст роботууд яагаад ийнхүү хурдацтай хөгжиж байна вэ? Шинжээчдийн үзэж байгаагаар, үүнд төрийн бодлогын дэмжлэг нэмэгдсэн, аж үйлдвэрийн иж бүрэн тогтолцоотой, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, өртгийн давуу талтай, хэрэглээний олон төрлийн орчинтой зэрэг хүчин зүйл хамтдаа нөлөөлжээ. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөрт биет оюун ухааныг ирээдүйн аж үйлдвэрийн үндэсний стратегийн чухал чиглэлд оруулсан нь роботын салбарын хөгжилд шинэ эрч хүч өгч байна. Ройтерс агентлагийн үзэж байгаагаар, Хятадын хиймэл оюун ухаан болон техник хангамжийн технологийн дэвшил нь хүн дүрст роботыг үйлдвэрлэл, ложистик болон хэрэглээний салбарт нэвтрүүлэх үйл явцыг улам хурдасгана.
Хятадын хувьд Дэлхийн хүн дүрст роботын спортын наадмыг зохион байгуулах нь роботуудыг зөвхөн “илүү хурдан гүйлгэж, илүү өндөр харайлгаж, илүү чадварлаг болгох” зорилготой бус, харин нээлттэй хамтын ажиллагааны платформ байгуулж, дэлхийн роботын технологийн дэвшил, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Бразилын багийн ахлагч Флавио Тонидандел хэлэхдээ, “Дэлхийн өөр өөр бүс нутаг, өөр өөр соёлын төлөөлөл хамтран ажиллах нь хүн дүрст роботын хөгжилд маш чухал. Хятад улс үүнд маш сайн платформ бүрдүүлж өгсөн” гэжээ.
Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй. Сүүлийн жилүүдэд Хятад улс Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал, Дэлхийн роботын бага хурал, Дэлхийн хүн дүрст роботын спортын наадам зэрэг олон улсын арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн технологийн солилцоо, үйлдвэрлэл ба зах зээлийн эрэлт хэрэгцээг холбох гүүр байгуулан, технологийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх үйл явцыг хурдасгаж байна.
Үүний зэрэгцээ Хятад улс нээлттэй эх үүсвэр, нээлттэй хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, бага өртөгтэй нээлттэй эхийн том загваруудыг дэлхий нийтэд санал болгосноор дэлхийн инновацын босгыг бодитоор бууруулж, "Дэлхийн өмнөд"-ийн хөгжлийг дэмжиж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад улсыг олон улсын нийтийн бүтээгдэхүүнийг тууштай нийлүүлэгч бөгөөд хөгжиж буй орнуудад “ухаалаг эрин үе”-д эрх тэгш нэгдэхэд тусалж байна хэмээн үнэлжээ.
Оюун ухаанаар ирээдүйд өрсөлдөнө. Роботууд сувилагч, үйлчилгээний ажилтан, туслахын хувиар хүмүүстэй зэрэгцэн ажиллах дүр зураг улам бүр бодит амьдрал болж буй энэ үед дэлхий нийт Хятадын шинжлэх ухаан, технологийн инновацын суурь үзэл баримтлалыг улам тодорхой харж байна. Тэр нь нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хожих зарчмыг баримталж, шинжлэх ухаан, технологийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэн, технологийн хөгжлийн үр шимийг хүн бүрд бодитоор хүртээх явдал юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN