8-р сарын 23-ны орой Өвөр Монголын Ордос хотын Эзэн-Хороо олон улсын нисэх онгоцны буудалд алсаас зорин ирсэн Америк найз “Сайкос” (жинхэнэ нэр нь Роналд Сакорски) Хятадын цөлжилттэй тэмцэгч Инь Юйжэньтэй уулзахдаа сэтгэл нь хөдөлж, нулимс унагав. 20 гаруй жилийн дараах энэ уулзалт цахим орчинд өргөн тархаж, Хятад, Америкийн цахим хэрэглэгчид “Энэ бол бие биедээ гэсэн хайр, талархлын илэрхийлэл”, “Сайхан сэтгэлийг санаж, хариу барих нь үнэхээр хятад хүний зан чанар”, “Дэлхий нийтэд ийм хамтын ажиллагаа, хамтдаа сайхан ирээдүй бүтээсэн түүх илүү олон хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
1999 онд Хятадад багшилж байсан Америкийн багш Сайкос Инь Юйжэний Муу Ус цөлд суурьшин, цөлжилттэй тэмцэж, мод тарьж буй үйлсийг нь сонсоод сэтгэл нь хөдөлж, түүнд туслахаар 5000 ам.доллар цуглуулжээ. Өдгөө уг хандивын мөнгөөр авсан суулгацууд ургаж, 50 мянга гаруй модтой ногоон бүс болжээ. Энэ оны тавдугаар сард Инь Юйжэнь цахим бичлэгээр дамжуулан олон жил холбоо тасарсан Америк найзаа эрэн сурвалжилж, эцэст нь найзтайгаа дахин холбогджээ. Номхон далайг дамнасан энэхүү нөхөрлөл нь Хятад, Америкийн ард түмний найрсаг харилцааны тод жишээ болжээ.
Улс орнуудын харилцааны үндэс нь эцсийн дүндээ хүмүүс хоорондын харилцаа юм. Хятад, Америкийн харилцааны түүхийг эргэн харахад ийм сэтгэл хөдөлгөм түүх олон бий. Дэлхийн II дайны үед Америкийн “Нисдэг барс” нисэх хүчнийхэн Хятадын цэрэг, ард иргэдтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан үеэс эхлээд, “ширээний теннисний дипломат харилцаа” Хятад, Америкийн харилцааны “мөсийг хагалсан” түүх, мөн Гүлиний нөхөрлөл зууныг дамнасан ард түмний найрамдлыг гэрчилсэн үйл явдал хүртэл бий. Хятад, Америк түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн замын хувьд ялгаатай боловч ард түмнүүдийн найрсаг харилцаа нь бат бөх холбоос болж, хоёр орны харилцааг бэрхшээл, сорилтыг даван туулан урагшлахад түлхэц болсоор ирсэн юм.
Өнөөдөр Хятад, Америкийн ард түмний найрсаг харилцаа, харилцан солилцоо улам эрчимжиж байна. 2025 оны эхээр олон тооны Америк цахим хэрэглэгч “Шяохуншү” платформд нэгдэж, Хятадын цахим хэрэглэгчидтэй идэвхтэй харилцаж эхэлжээ. Хятадад айлчилсан Америкийн Маскатайн дунд сургуулийн сурагч Гомес “ Хятад улс орчин үеийн байдал болон уламжлалт соёл хосолсон, энэ нь маш онцгой мэдрэмж төрүүлдэг” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. АНУ-ын “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Америкчуудыг “Хятадад очиж үзэх”-ийг олон удаа уриалжээ. Түүний ээж Мэй Маск тавхан сарын хугацаанд Хятадад хоёр удаа айлчилж, “Хятад улс хаа сайгүй эрч хүчээр дүүрэн байгааг би мэдэрсэн” гэж хэлсэн юм.
Хятад, Америкийн найрамдлын түүхийг ард түмэн өөрсдөө бичиж байна. 24-нд Сайкос, Инь Юйжэнь нар Муу Ус цөлд дахин хүрч, найрамдлын бэлгэдэл болсон мөнх ногоон гурван модыг хамтдаа тарьжээ. Тэд үнэндээ хил хязгаар, цаг хугацааг давсан нөхөрлөл тарьж байгаа билээ.
Энэ оны тавдугаар сард Хятад, АНУ-ын төрийн тэргүүн нар Бээжинд уулзаж, “Хятад, Америкийн бүтээлч, стратегийн тогтвортой харилцаа” тогтоох шинэ чиглэлийг тодорхойлсон. Энэ нь ирэх гурван жил болон түүнээс хойших хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэх стратегийн чиглэл болж байна. Хятад, Америкийн ард түмэн цаашид ч олон сайхан түүхийг хамтдаа бүтээж, найрсаг харилцаагаа улам бэхжүүлэн, хоёр орны найрамдлын модыг улам бүр ургуулан дэлгэрүүлээсэй гэсэн хүлээлт байгаа юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN